УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Н.Энхбаярын” гэх албан бус тодотголтой нэг заалт бий. Тэр нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалт. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг энэ жил нэр дэвших эрхийг хязгаарлаж буй эл заалт Үндсэн хуультай нийцэхгүй байна гэх үндэслэл бүхий хоёр ч мэдээлэл Цэцэд ирээд буй аж. Уржигдар гэхэд л иргэн Л.Мөнхсайхан, Т.Баярхүү нар Үндсэн хуулийн цэцэд дээрх шалтгаанаар мэдээлэл гаргасан байна. Үүнээс өмнө иргэн А.Кадырбек мөн ижил үндэслэл тавьж хандаад байв. Гэхдээ иргэн А.Кадырбек УИХ-ын сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавих хуулийн хугацаа дуусаагүй, тус хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлээгүй байхад нь мэдээллээ гаргасан аж. Тиймээс тухайн мэдээллийн талаар судлуулж, маргаан үүсгэх, эсэхийг шийдэхээр Цэцийн аль нэг гишүүнд хуваарилаагүй байсан гэнэ. Цаашид эл заалттай холбоотой мэдээлэл Цэцэд ирэхийг үгүйсгэхгүй. Нэг заалттай холбогдуулан нэг бус мэдээлэл Цэцэд ирсэн тохиолдолд тэдгээрийг аль нэг гишүүнд шууд хуваарилах нь төвөгтэй байдаг аж.
Үүнээс гадна МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж уржигдар Цэцэд ханджээ. Тэрбээр Цэцэд илгээсэн мэдээлэлдээ “УИХ-ын сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой заалтуудыг оруулсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар эл өргөдлийг гаргаж байна. Үндсэн хуулийн 3.1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Үндсэн хуулийн 16.9-д “Шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарлажээ. Гэтэл Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн, амьдарч, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ сонгуульд санал өгөх эрхийг хангаж зохицуулаагүй, орхигдуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг энэ удаа авахгүй.
Холимог тогтолцоогоор явуулсан бол боломжтой байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээж авах ямар ч боломжгүй. Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг авах, эсэх нь хууль тогтоогчийн болон төрийн аль нэг байгууллагын дурын асуудал биш. Харин санал өгөх боломжийг хангах хууль, эрх зүйн зохицуулалтыг заавал бий болгох үүрэгтэй. Тэгээд ч Үндсэн хууль дахь иргэдийнхээ эрхийг хүндэтгэж дээдэлсэн бол тэдний санал өгөх боломжтой тогтолцоогоор сонгууль явуулах хэрэгтэй байсан. Монгол Улсын зарим иргэн гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа нь тэдний буруу биш. Манай төр ард түмнийхээ төлөө, тэдний ажиллах, амьдрах боломжийг тэгш хангасан бол иргэд маань гадаад руу яваад байхгүй нь ойлгомжтой. Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, амьдралд нь хүрэлцэхүйц орлого олдохгүй, амар тайван амьдрах нөхцөл хангагдахгүй байгаа зэрэг бодит шалтгааны улмаас гадаадад оршин сууж байгаад нь тэдний эдлэх улс төрийн эрхийг нь хасаж болохгүй билээ. Гадаадад байгаа иргэдийн сонгуульд оролцох эрхийг хассанаараа УИХ нь Монгол Улсын иргэдийнхээ халдашгүй эрхэд халдсан, нөгөө талаар Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна. Үүнийг засаж, залруулах, Үндсэн хуулиа хамгаалах, зөрчлийг нь арилгах үүрэг Цэцэд ногдож байна” гэжээ.