УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Г.Тэмүүлэн, Д.Мурат, Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг нар багтсан аж. Эл төслийн хүрээнд усны агентлаг байгуулахаар ярьж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ж.Энхбаяр “Усны агентлаг өмнө нь манайд байсан. Татан буулгасан шалтгаан нь юу вэ. Тухайн үед ийм агентлаг байх шаардлагагүй, устай холбоотой харилцааг бусад асуудлын хүрээнд зохицуулах боломжтой гэх үндэслэл хэлснийг санаж байна. Одоо дахин байгуулах гэж байна. Ямар үндэслэл бий болсон учраас байгуулах гэж байна вэ. Газар тариалангийн бүс нутагт усжуулалт зайлшгүй шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд, өмнө нь энэ ажилд усны асуудал хариуцсан агентлаг саад болдог байсан. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарын усжуулалтын эсрэг бодлого баримталж байсан.
Жишээ нь, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн яам нь усжуулалтын системтэй болохыг байдгаараа дэмжээд байхад Усны агентлагаас баахан төлбөр тавьчихдаг. Тэр агентлагийн бодлогын гайгаар усжуулалттай талбайн хэмжээ 1990 оныхоос 10 дахин багассан. Одоо байгуулах гэж байгаа агентлаг газар тариалангийн бүс нутгийг усжуулах чиглэлд ямар бодлого баримтлах вэ” гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар “Монголд усны салбар үүсэж, хөгжөөд 82 жил болж байна. Энэ хугацаанд усны асуудал хариуцсан яам, агентлагтай байсан. 2008 оны наймдугаар сард шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад Усны агентлагийг татан буулгасан. Тухайн үед Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор Усны агентлагийг татан буулгасан түүхтэй. Одоогоор ус нь байгалийн нөөц баялаг гэдгээрээ манай яаманд харьяалагдаж байгаа. Ингэхдээ эрчим хүчний усан хангамж нь Эрчим хүчний, бэлчээр, хөдөө аж ахуйнх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд харьяалагдаж буй.
Бодлого, төлөвлөлтийг ерөнхийд нь манай яам хариуцаж байгаа ч өдөр тутмын үйл ажиллагааны явцад орхигддог тал бий. Хуучин агентлагт байсан 30 гаруй хүний хийж байсан ажлыг өдгөө яаманд найман хүн хариуцаж байна. Ер нь агентлаг байгуулах зайлшгүй шаардлага бий. Хүн ам, эдийн засгийн өсөлт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяараа усны сайн засаглал бий болгохоор ажиллаж байна. Дэлхийд 2050 он гэхэд усны хэрэглээ 40 хувиар өсөж, хүн амын дөрөвний нэг нь хомсдолд орж болзошгүйг НҮБ-аас саяхан анхааруулсан. Бид үүнээс ангид байх аргагүй. Тэр тусмаа манайд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гурав дахин хурдтай нөлөөлж байгааг тэмдэглэдэг. Хуучин агентлаг усалгаатай газар тариалангийн эсрэг бодлого барьж ажилласан түүх байхгүй. 1986 онд Усны аж ахуйн яамыг татан буулгаснаас хойш өмч хувьчлалын давлагаанд усалгааны олон тоног төхөөрөмж эвдэрч, сүйдсэн. Одоогоор манайд 47 мянган га талбайд усалгаатай газар тариалан эрхэлж байна.
ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу гадаргын усыг хуримтлуулан ашиглах бодлого барьж байгаа. Ялангуяа манай гол, мөрнүүдийн усны 70 хувь хоёр хилээр гадагш гарч байгаа нөхцөлд зайлшгүй ийм бодлого барих ёстой. Хил орчмын усыг ашиглах зохицуулалт нь гурван улсын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрт бий. Шинээр байгуулах агентлаг хөдөө аж ахуйн усан хангамжийн асуудлыг хариуцна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар усалгаатай газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйг төлбөрөөс чөлөөлсөн. 2010 оны үед төлбөр авдаг байсан” хэмээн хариуллаа. Түүнчлэн гишүүн А.Сүхбат “Өмнөх агентлагийг татан буулгахад хэр зардал гаргасан бэ. Одоо дахин байгуулахад ямар хэмжээний зардал гаргахаар тооцов. Манай улсын усны нийт хэрэглээний 80 хувийг гүнээс хангадаг. Одоогоор хэдэн гүний худаг ажиллаж байна вэ.
Ер нь усны бодлого хаана хаанаа алдагдсан. Мэргэжлийн хүнгүй болсон. Ш.Мягмар дарга гэхэд л геологич атлаа усны салбар хариуцаад сууж байна шүү дээ” хэмээхэд Ш.Мягмар “Усны агентлагийг татан буулгахад ажиллаж байсан 36 хүн нь тэтгэмж авсан. Гарсан зардлыг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад батлагдсан төсвийн хүрээнд агентлаг байгуулах зардлыг шийдвэрлэхээр тусгасан. Тэр нь 597 сая төгрөг. Одоо ажиллаж байгаа хүний нөөцдөө багтаан ажиллах ёстой. Инженерийн болон энгийн хийцтэй 45 мянган худаг бий” гэв.
Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь гишүүн Л.Элдэв-Очирыг томиллоо. Хуралдааны төгсгөлд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг мөн байгуулсан бөгөөд ахлагчаар нь гишүүн Б.Саранчимэгийг сонгожээ.