Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлаад ч шийдэж хүчрэхгүй өч төчнөөн зөрчил гарсаар байгааг олон нийт шүүмжилсээр. Зарим хуульч эл хуулиудыг зөрчилтэй, зүдрүүхэн эрх зүйн баримт бичиг болсон гэдгийг ч хэлж буй. Тодруулбал, алхам тутамдаа эл хуулийг хэрэглэж буй тэд “Хууль тогтоогчид эдгээр хуулийг батлахдаа салбарын бусад хууль тогтоомжийн уялдааг бүрэн нягтлаагүй, механикаар хуульчилсны улмаас шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учрах, хууль хэрэглэх ажиллагаанд маргаантай байдал үүсгэж, иргэдэд стресс нэмлээ” хэмээж байна. Ямартай ч монголчууд энэ хуулийг хэрэглээд гурван жил боллоо. Тиймээс олон нийт уг хуульд алдаа, оноо аль аль нь бий хэмээн өөр өөрийнхөөрөө дэнсэлж байна. Хууль боловсруулагчид ч шүүмжлэлийг хүлээн авч, засаж залруулахаар ажиллаж, хуульчид болон иргэдийн саналыг сонсож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, эл хоёр хуульд ойрмогхон “гар хүрэхээр” хуульчид ханцуй шамлажээ.
...Товчхондоо эрх баригчид Зөрчлийн тухай хуулийг зөвтгөх боломжоо эрэлхийлж эхэллээ. Эцэст нь хэлэхэд, дээрх хоёр хуулийн талаар цагдаа, прокурор, шүүх өөр өөр ойлголттой байж, дур дураараа тайлбарладаг нь хэр оновчтой вэ. Зөрчлийн хуулийг зөв оновчтой, сайн хэрэгжүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн үйлчлэл хүчтэй байна. Тиймээс гурван хүн тутмын нэг нь хулгайч гэсэн харгис тогтолцоо үүсдэг...
Захиргааны хариуцлагын тухай хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” хэмээн тодорхойлж байв. Харин одоогийн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” хэмээжээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16.14-т “...эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, зөрчил арилгах ёстой Зөрчлийн хууль Үндсэн хуулийн дээрх заалтуудтай зөрчилдөж буй.
Иргэд хамгийн их бухимдаж, шийдвэрлүүлэхийг хүсэж буй гомдол нь шөнийн цагаар архидан согтуурч, бусдын амар амгаланг алдагдуулж байгаа зөрчил гаргагчийг “гэсгээх” явдал. Гэтэл энэ асуудлыг Зөрчлийн тухай хуулийн гадна үлдээжээ. Зөвхөн орон сууцад бусдын амар амгаланг алдагдуулсан бол зөрчил гэж үзэн, гэр бүлийн гишүүдийг гаргуунд гаргасан. Өөрөөр хэлбэл, гэр хороололд согтуу этгээд гэр бүлийнхнээ унтуулахгүй, шөнөжин уйлж, дуулахаа зэрэгцүүлэн хуурай агсамнах нь гэмт хэрэг ч биш, зөрчил ч болохгүй гэнэ. Үүнээс гадна шөнөөр барилга барьж, түжигнүүлэн, дуу чимээ, нүргээн гаргадаг барилгын компаниудын үйлдлийг зөрчил гэж үзсэн ч хариуцлага тооцох механизм нь тодорхой бус. Барилга, хот байгуулалтын яам болон Тээврийн цагдаагийн албаны удирдлагын хамтарсан тушаал үүнд нэрмээс болдог аж. Хотын төвд том оврын автомашинаар өдөр явахыг хориглодог ч шөнө нь барилга барих, тээвэр хийхийг зөвшөөрсөн нь иргэдэд ихээхэн дарамт учруулж буй. Шөнийн цагаар барилга барьж, дуу чимээ гарган иргэдийг унтуулахгүй байгаа талаарх гомдолд цагдаагийн байгууллага дарагддаг. Гэвч энэ дуудлагад очсон цагдаа үйл ажиллагааг нь зогсоох, шаардлага тавих, торгох эрхгүй. Шаардлага тавьсан цагдаа нэг бол ашиг сонирхлын зөрчилтэй, эсвэл хууль буруу хэрэглэсэн хэмээн бурууддаг гэнэ. Тиймээс иргэд хохирсоор буй. Прокурорын байгууллагаас энэ тохиолдолд асуудлыг мэргэжлийн хяналтын байцаагч хариуцна хэмээн харьяалал тогтоосон. Харин мэргэжлийн хяналтын байгууллагаас “Манай байцаагч нар 24 цагаар ажилладаггүй, маргааш очно” хэмээн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож өгдөггүй. Тиймээс энэ хуулиар барилгынханд ямар ч хариуцлага тооцох боломжгүй, ойлгомжгүй байдал бий болжээ. Нөгөө талаар компаниуд хэзээ нь барилгаа барих вэ гэдэг нь бүр ч зохицуулалтгүй орхигдсон аж.
Түүнчлэн гэр бүлдээ агсам тавьсан нөхрийг 30 хоног баривчлах заалт Зөрчлийн тухай хуульд бий. Энэ заалт оновчтой, оновчгүйг нийгэм даяар шүүж буй. Сануулах, торгох гэх мэт ямар нэг сонголтгүйгээр шууд цагдан хорьдог нь гэр бүлийн маргааныг улам гааруулж, гэмт хэрэг үйлдэх хэмжээнд, эцэстээ салалтад хүргэж буй талаар олон хуульч байр сууриа илэрхийлсэн билээ. Иргэд ч Зөрчлийн тухай хуулийн эл заалтыг өөрчлөх, боловсронгуй болгохыг хамгийн ихээр хүсэж буй. Тэгсэн хэрнээ үр хүүхдээ орхиж явсан, тэтгэлгээ төлдөггүй аавуудыг хорьж цагддаггүй. Зөвхөн торгоод өнгөрдөг юм байна. Үүний оронд агсам тавьсан этгээдэд сануулж, болохгүй бол торгоод, хүүхдээ орхисон хэрнээ тэтгэлэг өгдөггүй аавуудыг хоривол гэмээ ухаарна гэж хэлэх хүмүүс ч бий. Энэ мэт асуудлыг Зөрчлийн тухай хуульд нарийн оновчтой зохицуулж өгөөгүй хэмээх хүнтэй таарсан.
Бас нэгэн гомдол дагуулж буй заалт нь гудамжинд бохь, тамхи, кофе борлуулж амь зуудаг иргэдийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог явдал. Гудамжинд тамхи, бохь ширхэглэн зарагчид ихэвчлэн амьдралын боломжгүй, өнөө маргаашаа аргацаасан иргэд байдаг. Тиймээс торгуулиа нэг дор битгий хэл, цувуулж төлөх чадвартай иргэн байхгүй хэмээн хүний эрхийн байгууллагынхан тайлбарладаг.
Үүнээс гадна Захиргааны хэргийн шүүхийн практикт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд хүндрэл үүсэж буйг зарим шүүгч хэлсэн. Тиймээс энэ асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хууль хэрэгжүүлж эхэлсний дараахан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд санал гаргах тухай” 85 дугаар тогтоол гаргасан удаатай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчмууд болох шүүх нотлох, мэтгэлцэх зарчмууд захиргааны хэргийн шүүхээс гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хянах хэргийн.... хувьд хэрэгжих боломжгүй байгаа нь хэргийн оролцогчдын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, баталгаа хангагдахгүй нөхцөлд хүргэж байна гэж үзсэн учраас тэр юм.
Энэ нь хууль тогтоочид Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг батлахдаа салбарын бусад хууль тогтоомжийн уялдааг бүрэн нягтлаагүйн тод илрэл гэлтэй. Өөрөөр хэлбэл, үр дүнг нь тооцолгүй, хүчээр хуульчилсны улмаас шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учрах, хууль хэрэглэх ажиллагаанд маргаантай байдал үүсгэж буй хэрэг. Харин иргэд ард түмний эрхийг зөрчсөн, төсвийн орлогыг бүрдүүлэх зорилготой, “но” ихтэй хууль хэмээн дээрх хуулиудыг “буруутгаж” байгаа юм. Тухайлбал, нягтлан бодогч “Нийгмийн даатгалын тайлангаа дутуу шивснээ анзаарч, дүн буруу байна, эргээд засъя” гэхээр хүлээн авагч байгууллага нь Зөрчлийн тухай хуулийн дагуу дөрвөн сая төгрөгийн торгууль төлж байж алдаагаа зас гэдэг юм байна. Түүнчлэн цахилгааны утасны богино холболтоос болж гэр нь шатсан иргэн хохирсон дээрээ хохирч Зөрчлийн тухай хуулиар торгууль хүлээдэг гэх. Мөн гэрлэлтээ цуцлуулснаа гурав хоногт багтан бүртгүүлээгүй, бурхан болоочоо ийм хугацаанд холбогдох байгууллагад хэлж хасуулаагүй бол торгуулах гэхчлэн заалт Зөрчлийн тухай хуульд бий. Угаас төр шийтгэлийн орлого хураах нь буруу гэдгийг олон улсын практикт нотолсон байдаг аж. Энэ мэтчилэн эргэж харах зүйл олон байгааг хууль боловсруулагчид анхааралдаа авсан нь сайн хэрэг. Товчхондоо, эрх баригчид Зөрчлийн тухай хуулийг зөвтгөх боломжоо эрэлхийлж эхэллээ. Эцэст нь хэлэхэд, дээрх хоёр хуулийн талаар цагдаа, прокурор, шүүх өөр өөр ойлголттой байж, дур дураараа тайлбарладаг нь хэр оновчтой вэ. Зөрчлийн хуулийг оновчтой, сайн хэрэгжүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн үйлчлэл хүчтэй байна. Энэ нь гурван хүн тутмын нэг нь “хулгайч” гэсэн харгис тогтолцоо үүсгэдэг гэдэг.