Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан дэд ерөнхийлөгч Виктория Кваква, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нарыг Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын ядуурлын түвшин өндөр (28.4 хувь) байгааг Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкныхны хамтран хийсэн судалгаагаар тогтоосон. Энэ нь эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжгүйг харуулж буй хэмээн талууд дүгнэсэн байдаг. “Малчдын орлогыг өсгөх төсөл хэрэгжүүлэх нь ядуурлыг бууруулахад үр дүнтэй” гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд, зарим төсөл, хөтөлбөрийг Виктория Кваквад танилцуулав. Малчдын орлогын эх үүсвэр болсон мах, арьс, шир, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулж, экспортод гаргах төслүүдийн ТЭЗҮ-ийг хийж эхэлсэн нь Дэлхийн банкныхны сонирхлыг татаж байгааг Виктория Кваква онцлоод, уг төслүүдтэй дэлгэрэнгүй танилцахыг тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневт даалгалаа. Мөн бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийг идэвхтэй дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Ирэх дөрвөн жилд Монгол Улстай хамтран ажиллах түншлэлийн цар хүрээг уулзалтын төгсгөлд тодорхойлж, санал солилцсонд талууд харилцан талархал илэрхийлээд хүн амын ядуурлыг бууруулах, ашигт малтмалын бус салбарыг хөгжүүлэх төслүүдийг дэмжих болов.
Бэлтгэсэн Г.Жавхлан