УИХ-ын сонгуулийн 76 мандатаас улсын нийслэлд ногдох хувийг улам багасгах гэж байна, эрх баригчид. Уухайлан эсэргүүцээрэй, улаанбаатарчууд аа. Сүүлийн 30 шахам жилийн хугацаанд долоон удаа сонгууль явуулахдаа Улаанбаатараас хамгийн ихдээ 28 гишүүн сонгож байв. Ер нь томсгосон, жижигсгэсэн мажоритар болон холимог хувилбарын аль нь ч бай өнгөрсөн долоон удаагийн сонгуульд нийслэлд хамгийн ихдээ 28 мандат олгосон юм. Харин одоо нийслэлийн 28 мандатаас дөрвийг нь хасаж, нэг мандаттай дөрвөн аймагт нэг нэгээр нь хуваарилах гэж байна.
Нэг мандаттай аймгууд болох Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булганаас тус бүр хоёр гишүүн сонгогдох нь ийн тодорхой болсноор тэдгээр аймагт аль намаас хэн хэн хүч үзэх нь үндсэндээ ил болж байх шиг. Үнэндээ хэнийг хаана нэр дэвшүүлэх нь тухайн намын хэрэг, маньд хамаагүй байж болно. Харин угаас цөөдөж, чамлагдаж байгаа мандатыг нь Улаанбаатараас хасахыг зөвшөөрч болохгүй ээ, Ардын намынханд. Хэдийгээр нийслэлд олгож ирсэн мандатын дээд хэмжээ болох 28 суудал нь хүн амын тоотой дүйхгүй ч чамлаж болохгүй байж. МАН-ынхан хүрсэн үр дүнгээсээ буцаж, хотын мандатаас хумсална гэж хэн санах билээ.
Ирэх хоёрдугаар сарын 1 гэхэд мандатын тоог хуваарилсан байх ёстой. Ингэхдээ хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзан хуваадаг. Харин манай үе үеийн шийдвэр гаргагчид хүн амын тоог хамгийн сүүлд тавиад байна. Угтаа УИХ гэдэг байгууллагыг ард түмний төлөөлөл, тэдний дуу хоолойг хүргэх хүмүүс бүрдүүлдэг. Чухам үүнд парламентын мөн чанар оршино. Тэнд сонгогдох гишүүн хүн амын төлөөллийг жигд хангасан байх учиртай. Тиймээс ч ард түмнээс шууд сонгогдсон нь илүү, хэн нь олон сонгогчийг төлөөлж байна вэ гэдгээрээ гишүүд зиндаархдаг нь нууц биш. Жишээ нь, 2012 онд холимог тогтолцоогоор явуулсан сонгуулиар пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбараар гарч ирсэн 28 гишүүнд “Намын нэрээр гарч ирсэн хүмүүс. Та нарыг бодвол бид тойрогтой, сонгогчтой түшээд” гэх үгийг нөгөө 48 нь үе үе хаягладаг байлаа. Мөн парламентад орж ирсэн хойноо “Чамайг бодвол би төдөн хүний санал авч гарч ирсэн” хэмээн бие биенээ дээрэлхэх нь бий. Өөрөөр хэлбэл, тухайн гишүүний ард хэдэн сонгогч байгаа вэ гэх зиндаархал хэдийн үүссэн гэсэн үг.
Тэр хэмжээгээр улс орныг хамарсан нэгдмэл, цогц бодлого урагшлах уу, уруудах уу, жалга дов тойрсон улстөржилт газар авах, эсэх нь хамаарна. Одоо хотоос 24, хөдөөнөөс 52 гишүүн сонговол хүн амын тал нь суурьшсан, тэр хэмжээгээр асуудлууд овоорсон нийслэлийг төлөөлөх түшээд аймгуудаас мандаттай хүмүүсийн өмнө хүчин мөхөстөнө. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дүн, бүртгэлээс харвал одоо мандатыг нь нэмж хоёр болгох гээд байгаа Булганд 40 мянга орчим сонгогч байна. Тэгвэл 2016 оны сонгуулиар зургаан гишүүн сонгогдон ажиллаж байгаа Сонгинохайрхан дүүрэг 201.3 мянган сонгогчтой. Ирэх сонгуулиар энэ дүүргийн мандатыг хасахгүй байлаа ч нэг гишүүнд ногдож буй тоо нь бараг Булганы нийт сонгогчтой дүйж байна. Гэтэл Булганаас сонгогдох гишүүний тоог нэмж, нийслэлийнхийг цөөлөх гээд байдаг. Юутай ч хөдөөнөөс сонгогдчон гишүүд Улаанбаатарын иргэдэд урьтаж санаа тавихгүй. Алслагдсан сумын анги нь дүүрэхгүй байгаа сургуулийг жил бүр их засварт оруулж байхаар нийслэлд нэг сургууль нэмээд барьчих боломж, хөрөнгө алдагдана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сая орон нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, хот, нийслэлийн статусыг зарим талаар тодорхой хуульчилсан. Тэгвэл тулгамдсан асуудлыг шийдэж, залруулан, хүлээсэн үр дүнгээ хүртэхэд ч мандатын хуваарилалт нөлөөлнө. Улмаар Улаанбаатараас үүдэлтэй ч улсынх болчихсон олон асуудал шийдэгдэхэд дөхөмтэй.
Томсгосон мажоритар хувилбарыг манайх 1992, 2008 оны сонгуульд ашигласан. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан ч мажоритар хувилбараар сонгосон 48 гишүүн одоогийнхоор буюу олон мандаттай томсгосон тойргоос гарч ирсэн билээ. Ингэхдээ 1992, 2008 онд 26 тойргоос 76 гишүүнийг сонгосон. Аль алинд нь 21 аймгийг 21 тойрог болгож 56, есөн дүүргийг зургаан тойрогт хуваан 20 гишүүн сонгосон түүхтэй. Жишээ нь, анхны сонгуулиар нийслэлийн Ажилчны, Туул, Багахангай районыг хамруулан 21 дүгээр тойрог болгож, хоёр мандат хуваарилж байсан аж. Харин 2008 оны сонгуулиар 21 дүгээр тойрогт Хан-Уул, Багахангай дүүргийг хамааруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын дүүрэг, хороод социализм нэвт шингэсэн нэршлээсээ салаагүй байх үе буюу 1992 оноос хойш 2008 оныг хүртэл мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах бүртээ нийслэлд ердөө 20 гишүүний квот олгож ирсэн байх аж. Гэтэл 1992-2008 оны хооронд буюу 16 жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам өссөн, сонгогчийн тоо нэмэгдсэн. Тэр тусмаа энэ үед хөдөөнөөс нийслэлийг зорих их нүүдэл эхэлж, хүн амын тал нь Улаанбаатарт төвлөрөх үйл явцтай ид давхацдаг. 1992 онд УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн 70 гаруй хувь нь аймгуудад амьдарч байсан бол 2008 онд хөдөөгийн сонгогчдын тоо 10 гаруй хувиар буурч, нийслэлийнхэн мөн хэмжээгээр нэмэгдсэн. Ер нь томсгосон мажоритар хувилбараар сонгууль явуулж ирсэн туршлагаас харвал тогтмол 26 тойрог байгуулсан байх аж. Ингэхдээ зургаан тойрог нь нийслэлд хуваарилагддаг.
2012 онд холимог тогтолцооны хүрээнд хувь тэнцүүлсэн 28, томсгосон мажоритар хувилбараар 48 гишүүн сонгосон. Ингэхдээ тойргоос сонгосон 48 гишүүний 28-ыг нь нийслэлээс сонгохоор хуульчилж байв. Энэ нь тойргоос сонгосон гишүүдийн бараг 60 орчим хувийг нь Улаанбаатараас сонгосон хэрэг. Өдгөө, 11 жилийн дараа Улаанбаатарт нийт сонгогчийн (2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бичигдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэв) 50 орчим хувь нь байгаа тохиолдолд тойргийн тоо хийгээд түүнд ногдох мандатын хуваарилалтыг хуучнаар нь үлдээдэггүй юм гэхэд хасах ёсгүй ээ. Харин ч хүн амны тоотой нь дүйцүүлбэл 76 гишүүний тал нь буюу 38-ыг нийслэлээс сонгох нь шударга. Гэтэл одоо нэмэх нь битгий хэл 24 болгож, хороох гэж байна. УИХ нийт ард түмнийг төлөөлдөг байгууллагын хувьд энэ 24 гишүүн нийт хүн амын гуравны нэгийг нь ч хамаарч чадахгүй. Тэгж яривал 1992 онд одоогийн Үндсэн хуулийг баталж байхад УИХ-ын нэг гишүүн 28.3 мянган хүнийг төлөөлж байсан бол одоо энэ тоо 42.6 мянга болж нэмэгдсэн тул парламентын гишүүдийн тоог 108 болгох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн намар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр дэвшүүлж байсан. Тэгвэл нийслэлээс сонгогдсон нэг гишүүний төлөөлөх иргэний тоо 42.6 мянгаас хавьгүй нэмэгдэх нь ойлгомжтой.
МАН-ынхан мажоритар тогтолцоонд хайртайг бид мэднэ. УИХ-аас гадна Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиудаас харахад нийслэл болон хуучин хотын статустай байсан Дархан-Уул, Орхоны сонгогчид АН-ыг илүүтэй дэмждэг нь нууц биш. Манайх шиг улсад ээлтэй, тохиромжтой гэгддэг холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгахаас төөрүүлж чадсан МАН-ынхан ядаж л мандатын хуваарилалтыг оновчтой хийчих хэрэгтэй л дээ, уг нь. Өнгөрсөн сонгуулиар АН, МАН-ын аль алинд нь тойргийн төлөөх цусгүй тулаан өрнөснийг мартах ёсгүй. Жишээ нь, 2012 оны сонгуулиар УИХ-д олонх болсон АН-ын УИХ дахь бүлгийг удирдаж байсан нөлөөгөө ашиглан, улайм цайм лоббидож, их эзэн Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймгийн сонгуулийн мандатыг нэмсэн шиг явдал давтагдах учиргүй. Аливаа улстөрч, бүлэглэл намынхаа удирдлагад ойр, нөлөөгөө ашиглах, магадгүй мөнгө, бусад хүчин зүйлийн тусламжтайгаар мандатын тоог тогтоодог байх ёсгүй сэн.