Хүн ам, орон сууцын 11 дэх удаагийн тооллого улс даяар тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн тооллогыг хосолмол буюу бүртгэлд суурилсан болон уламжлалт аргаар явуулж буйгаараа онцлогтой. Уламжлалт арга гэдэгт тоологч нар асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулахыг хэлдэг. Харин бүртгэлд суурилсан тооллогыг явуулахдаа албаныхан нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Хүн ам, өрхийн мэдээллийн санг хааж, тоогоо авчээ. Үндэсний статистикийн хорооныхноос явцын мэдээллийг тодруулахад уламжлалт аргаар явуулж буй тооллого өчигдрийн байдлаар 69.6 хувьтай байж. Ташрамд дурдахад, Улаанбаатар хот, есөн дүүрэг, 21 аймаг, 335 сумд тооллогын түр товчоо ажиллуулж буй бөгөөд нийслэлд 500 тоологч, 128 шалгагч, улсын хэмжээний тооллогод 5000 гаруй хүн ажиллаж байна. Өмнөх буюу 10 дахь удаагийн тооллогоор улсын хэмжээнд хүн ам 2 754 685, гадаадад амьдарч буй 107 140, Монголд түр оршин суугаа гадаадын харьяат 16 320, харьяалалгүй 108 хүн тоологджээ. Түүнчлэн байшинд 382 808, гэрт 322 836, зориулалтын бус сууцад 23 420 өрх амьдарч байв.