Фэйсбүүк гэж юу вэ хэмээн түүнийг хэрэглэгч 2.2 сая монгол хүнээс асуувал бизнесийн орчин, ажлаа амжуулдаг талбар, мэдээ мэдээлэл олж авах хэрэгсэл, олон нийтийн харилцаа, магадгүй бүр өөрийгөө сурталчилж, амьдралаа тайлагнадаг суваг ч гэж тодорхойлох биз ээ. Тэгвэл “Фэйсбүүк” компаниас мэдээ мэдээллийн хэрэгсэл гэж тодорхойлон, хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож, юуг зөвшөөрөх, эс зөвшөөрөх тухай дүрэм боловсруулсан байдаг аж. Гагцхүү үүнийг тус компанитай хамтран ажилладаг улс орнуудын хэрэглэгчид л мөрддөг юм байна. Учир нь фэйсбүүк төдийгүй бусад цахим сүлжээний хөгжлийг даган ёс суртахуунгүй байдал, гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагаанууд газар авсан тул дэлхий нийтээр анхаарч, хариуцагч компаниуд ч арга хэмжээ авч байгаа юм.
Америкийн интернэт сүлжээний томоохон компанийн олон нийтийн харилцаа хариуцсан захирал Жастин Сако одоогоос зургаан жилийн өмнө твиттер хуудсандаа “Африк явлаа. ХДХВ халдварлачих вий. Тоглоом шүү. Гэхдээ би цагаан арьстан” хэмээн жиргэсэн. Энэ нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн бөгөөд цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд төдийгүй нийгэм даяар тархан, бүх нийтээр үзэн ядаж, ажлаасаа халагдан, хэн ч биш болсон. Хэдхэн үг түүний амьдралыг ганц өдрийн дотор өөрчилсөн нь цахим сүлжээ хэрэглэгчид ёс зүйтэй, ухамсартай байж, үнэн зөв зүйл нийтлэх ёстойг ухааруулах нэгэн тохиолдол болсон хэрэг. Өдгөө дэлхийн улс орнууд цахим сүлжээ хэрэглэгчдээ хянадаг тусгай эрх бүхий байгууллагатай болж, тодорхой хэм хэмжээг сахиулдаг аж. Тухайлбал, Австралийн медиа холбоо, технологи хариуцсан газар олон нийтийн сүлжээн дэх, хүчирхийллийн агуулгатай, эмх замбараагүй байдалд уриалсан, иргэдийг түгшээж, айдаст автуулсан болон хууль бус үйлдлийн тухай мэдээллийг ISP шүүлтүүрийн тусламжтайгаар хянадаг гэнэ. “Твиттер”, “Фэйсбүүк” зэрэг компанид ч хандан, хориглосон контентуудыг устгуулж, мэдээлэл тараасан хуулийн этгээдэд цагдаа, хууль хяналтын байгууллагын дүгнэлтийн дагуу арга хэмжээ авдаг юм байна. Энэ мэтчилэн аливаа улс орны холбогдох байгууллагаас цахим сүлжээний компанид мэдэгдэж, мэдээллийг устгуулан, хариуцлага тооцсоноор уг талбарыг харьцангуй эрүүл болгох ажил хэрэгжүүлдэг аж.
Тэгвэл манай улсад цахим сүлжээний соёл, хариуцлагын тогтолцоо ямар байна вэ. Өнгөрсөн оны байдлаар манайд фэйсбүүкийг 2.2 сая, инстаграммыг 16, твиттерийг 40 мянган хүн хэрэглэдэг гэсэн тоо бий. Нийгмийн сүлжээний хэрэглээний үзүүлэлтээс авч үзэхэд сард дунджаар нэг иргэн таван сэтгэгдэл бичиж, 16 удаа лайк дарж, гурван нийтлэл (пост) хуваалцаж, сурталчилгааны 12 мэдээлэл сонирхдог байна. Мөн хүн амд ногдох фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор манай улс дэлхийн дунджаас 2.1, Азийн орнуудаас 3.6 дахин их аж. 2011 онд цахим гэмт хэрэг бүртгэгдээгүй бол хоёр жилийн өмнө 36, өнгөрсөн онд 70 хувиар өссөн байна. Ийнхүү цахим сүлжээ хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр эмх замбараагүй байдал бий болж, гэмт хэрэг ихэссэнийг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мэдээллээ.
Нийгмийн сүлжээнд албаар, эсвэл санаандгүй байдлаар юуг ч хөндөж, хэнийг ч доромжилж, нийтийг түгшээн, хувийн орон зайд нь халддаг болсныг нэг талаас хууль, эрх зүйн орчин сул, нөгөөтээгүүр, иргэдийн боловсрол муу байгаатай холбоотой хэмээн албаны хүмүүс тайлбарлав. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах газрын интернэтэд суурилсан үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Батболд “Манайх Хүүхэд хамгааллын тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу цахим сүлжээг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар сурагчдад сургалт явуулдаг. 2013 оноос ekids.mn вэб сайт ажиллуулан, хүүхэд, эцэг эхчүүд, олон нийтэд чиглэсэн 100 гаруй нийтлэл оруулсан. Мөн иргэд өргөн хэрэглэдэг цахим сүлжээг хэрхэн зөв ашиглах талаар олон улсын зөвлөмжүүдийг орчуулж, түгээсэн. Цаашид цахим орчны эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Тиймээс Сонгуулийн, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх болон Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын хэсэгт манай мэргэжилтнүүд ажиллаж байна.
Мөн Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 9.1.14-т заасны дагуу Монгол Улсын домэйн нэрийг ашиглахдаа хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах болсон. Харилцаа холбооныхон контентыг үнэлдэггүй, зөвхөн холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэж, технологийн арга хэмжээ авдаг. Интернэт үйлчилгээ эрхлэгчдийн серверийг холбосон black¬list.mn хэмээх систем үүсгэсэн. Үүнд холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу хууль зөрчсөн нь тогтоогдсон домэйн нэрийг бүртгэдэг. Ихэнхдээ садар самууныг сурталчилсан болон оюуны өмчийн зөрчил гаргасан сайт, серверүүд багтдаг. Одоогоор 730 домэйн нэрийг хязгаарласан. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэглэгчийн шүүлтүүр программыг хөгжүүлж байгаа. Энэ нь ухаалаг гар утсанд суурилсан программ бөгөөд ирэх зургадугаар сард хэрэглээнд нэвтрүүлнэ. Уг программын тусламжтайгаар нь эцэг эхчүүд хүүхдийнхээ гар утсанд тохиргоо хийх юм.
Тухайлбал, зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулсан сайтуудад хандах боломжгүй болно. Түүнчлэн хүүхдийнхээ интернэт орох хугацааг ч хязгаарлах боломжтой. Систем нь гар утаснаас гадна сайттай байх бөгөөд ингэснээр эцэг, эхчүүд өөрийн бүртгэл үүсгэн, хүүхдийнхээ юу үзсэнийг хянаж чадна” хэмээв. Харилцаа холбооны зохицуулах хороо 2019 оны аравдугаар сард “Фэйсбүүк” компанитай албан ёсны харилцаа тогтоосон билээ. Ингэснээр цахим орчинд бусдыг гүтгэж, доромжилсон иргэдийн хаягийг устгуулах хүсэлтээ “Фэйсбүүк” компани руу илгээж, арга хэмжээ авч чадахаар болсон гэнэ. Гэсэн ч цахим сүлжээний агуулгыг хянадаг байгууллага манайд одоогоор байхгүйг тус хорооныхон хэллээ. Тиймээс хэрэглэгчээс ирсэн гомдлын дагуу болон ЦЕГ-ын холбогдох ажилтнуудын үйл ажиллагааны үр дүнд л хариуцлага тооцдог аж. Тодруулбал, Зөрчлийн, Хүүхэд хамгааллын, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Сонгуулийн, Зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн тухай, Эрүүгийн, Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авдаг гэнэ.
Цахим сүлжээг хориглох нь хүний мэдээлэл олж авах эрхийг зөрчдөг учир манайд гэлтгүй олон улсад ч хаана, “бооно” гэхгүй, харин зохисгүй ашиглах асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдийн боловсролыг дээшлүүлж, хууль, эрх зүйн орчныг чангатгадаг байна. Тиймээс фэйсбүүкээс гадна бусад цахим сүлжээний компанитай ч холбоо тогтоохоор ажиллаж байгааг Харилцаа, холбооны зохицуулах хорооныхон онцолсон.
5000 болон түүнээс олон дагагчтай цахим хаягийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох саналыг УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос гаргасан удаатай. Энэ нь нэг талаар нөлөө бүхий цахим хаягийг хянах арга ч нөгөөтээгүүр, хэвлэл мэдээллийн байгууллагыг үнэгүйдүүлсэн хэрэг хэмээн Сэтгүүл зүйн ёс зүйн форумаар хөндсөн. Хуурамч хаяг нээж, элдэв мэдээлэл тарааж, бусдыг гүтгэх, доромжлох явдал их байгаа учир Харилцаа, холбооны зохицуулах хорооныхон үүнийг шийдвэрлэх боломж бий, эсэхийг “Фэйсбүүк” компанийнхнаас тодруулахад “Одоогоор боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Эхэнд дурдсанчлан фэйсбүүк хэрэглэгчийн дагаж мөрдөх хэм хэмжээнд үзэн ядсан, дургүйцсэн илэрхийлэмж, хүчирхийллийн болон заналхийлсэн өнгө аястай бичвэр нийтлэх, зөвшөөрөлгүйгээр бусдын зургийг дэлгэх, эсвэл өөр агуулга бүхий мэдээлэлтэй хамт оруулахыг хориглодог байна. Түүгээр ч зогсохгүй хэн нэгэнд чиглэсэн мэдээлэл оруулж, доромжлох, гүтгэх, бие махбод сэтгэл санааны хувьд амьтантай адилтгах ёсгүй аж. Түүнчлэн олон нийтийн анхаарлыг татах зорилгоор худал мэдээлэл оруулах, хуурамчаар хандалт нэмэгдүүлэх, олон хаяг ашиглах зэрэг үйлдлийг “Фэйсбүүк”-ээс илрүүлж, устгах арга хэмжээ авдаг байна. Нүцгэн, садар самуун сурталчилсан зураг, бичвэр, дүрс бичлэгийг фэйсбүүк рүү зүглүүлэх ч аргагүй гэнэ. Уг хэм хэмжээг зөрчсөн саяхны нэг жишээ дурдъя. “Эх оронч” нэртэй фэйсбүүк хуудас төрийн гурван өндөрлөгийн зургийг нийтэлж, үүнийг бусдад түгээсэн 10 хүнд тус бүр нэг сая төгрөг олгоё хэмээн бичжээ. Хачирхалтай нь, энэ бичвэрийг 4.5 мянган хэрэглэгч бусдад түгээн, 260 сэтгэгдэл үлдээсэн байна. Уг нь бол иймэрхүү үйлдлийг тухай бүрт нь хянаж, устгуулах ёстой ч хариуцах байгууллага үгүйг Харилцаа, холбооны зохицуулах хорооны интернэтэд суурилсан үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Батболд хэлсэн. Харин бусад улс ийм үйлдлийг хэрхэн шийдвэрлэдэг юм бол. ХБНГУ-д Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тухай хуулийг 2017 оноос мөрдөж эхэлжээ. Уг хуулиар хэрэглэгчийн ёс бус байдал, хууль зөрчсөн үйлдлүүдийг хариуцагч байгууллагууд нь 24 цагийн дотор цахим сүлжээнээс устгаж, холбогдогчид нь хариуцлага тооцдог аж. Манайд ийм үйлдлийг хатуу шийтгэдэг тогтолцоо одоогоор алга тул дээрх хэм хэмжээг зөрчигчдийг “бүдүүлэг” хэрэглэгч л гэж дүгнэхээс хэтэрдэггүй. Уг нь бага насны хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй нийтэлж, олон нийтийг айдаст автуулах, эсвэл өрөвдүүлэх мэдээлэл оруулах ёсгүй юм билээ.
Интернэтийн засаглалын олон улсын форумд оролцсон, хуульч, судлаач Л.Галбаатар “Цахим орчинд түгээж буй мэдээллийг эрх зүйн хувьд олон талаас нь тайлбарладаг. Уг орчин нь хүний мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг хэрэгжүүлэх талбар. Мэдээж энэ эрхээ хууль бусаар хэрэгжүүлбэл хариуцлага хүлээх ёстой. Үүнийг Иргэний, Зөрчлийн тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд тодорхой зохицуулсан. Харин ёс зүйгүй болон хууль бус зүйл нийтлэх, түгээх нь тухайн хүний ухамсрын асуудал. Сонгуулийн үеэр цахим орчинд нэр дэвшигчид өрсөлдөгчдийнхөө талаарх сөрөг мэдээллийг сонгогчдод хүргэж байна. Зарим орны Засгийн газар, улс төрийн нам, эвслээс 2016-2018 оны байдлаар цахим сүлжээг хаах, тасалдуулах тохиолдол эрс нэмэгдсэн. Мэдээллийг хязгаарладаг үндэслэлээ үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах, худал мэдээлэл, үзэн ядсан үг хэллэгтэй тэмцэж буй хэмээн тайлбарладаг. Гэвч бодит байдалд эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоох, улс төрийн тогтворгүй байдлыг хаацайлах, мэдээллийг хянах, сонгуулийн үйл явцад нөлөөлөх зорилготой байна. Үүнээс гадна “цахим цэрэг”-ээр дамжуулан тархи угаах үйл ажиллагаа явуулж буй улсын тоо нэмэгдсэнийг Интернэт засаглалын олон улсын форумын үеэр онцоллоо. Үүнээс сэргийлэхийн тулд эхлээд цахим сүлжээний тохиргоог мэддэг байх хэрэгтэй. Фэйсбүүк, твиттерийн технологийн зохицуулалт буюу боломжийг бүрэн мэддэггүйтэй холбоотойгоор хэрэглэгчид цахим орчин дахь худал мэдээллийн нөлөөнд автдаг” гэв.
Цахим сүлжээний тохиргоотой холбоотой нэгэн түүх сөхье. Фэйсбүүк хуудас хэрхэн нэрээ өөрчилснийг мэдэж болдог. Жишээлбэл, гурван жилийн өмнө зарим улстөрч, албан байгууллагын цахим хуудас өмнө нь ямар нэртэй байсныг илрүүлсэн хөгтэй явдал гарсан. Учир нь цахим хуудасны нэрийг солихдоо заавал нэг үгийг нь өөрчлөхгүй үлдээх тохиргоотой. Гэтэл шилдэг онигоо гэх хуудас шилдэг онигоо инээд муутай залуу, инээд Миеэгомбын Энхболд гэх зэргээр өөрчлөгдсөн байлаа. Тиймээс цахим сүлжээ хэрэглэгч хэн бүхэн тухайн хуудас ямар зорилготой, хэрхэн нээгдсэн, үнэн зөв мэдээлэл нийтэлж буйг шалгах арга бий байх нь.
Түүнчлэн цахим сүлжээг зөв ашиглан, эерэг хүрээлэл бий болгож, амжилтад хүрч буй жишээ олон. Тухайлбал, “Лантуун дохио” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан фэйсбүүк хуудсаараа дамжуулан, эерэг хүрээлэл бий болгож, сайн үйлсийн аян өрнүүлэн, “Ид шидийн орон I, II” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ мэтчилэн бусдад туслах хандивын аяныг цахим сүлжээний давуу талыг ашиглан өрнүүлж болох нь. Видео контент бүтээж, жүжиглэх авьяасаа олонд таниулсан “Mesmerism” цахим хуудас зэрэг нь олон нийтийн сүлжээний боломжийг ашигласан хэрэг. Түүнчлэн саяхнаас Германы “Дойче Велле” академи, Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хамтран “Factcheck Mongolia” төслийн хүрээнд factcheck.mn сайт нээсэн. Хэрэглэгчид олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээллийг хянуулах хүсэлтээ тус сайтын хамт олонд хүргүүлж, үнэн, эсэхийг шалгуулж болох аж.