Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эх хувийг УИХ-ын дарга Г.Занданшатар Цэцэд заллаа. Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилгыг сүүлийн 10 гаруй жил идэвхтэй өрнүүлсэн. Энэ удаагийн УИХ энэ үйл хэргийг гурван жилийн турш өрнүүлж, таван сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэн, санал бүрийг нухацтай авч үзлээ. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслийн олон заалт Ерөнхийлөгч, парламентад суудалтай нам, улс төрийн хүчнээс ирүүлсэн саналтай ижил агуулгатай байсан нь иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан гэж ойлгож байна. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж, сайжруулна. Мөн байгалийн баялгийг ард түмний мэдэлд шилжүүлж, ашиглалт, зарцуулалт нь тэдний нийтлэг ашиг сонирхлыг ханган, тэгш, шударга хуваарилах, Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах, хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох, улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлэх, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг өсгөх зэрэг зохицуулалтыг тусгасан болно.
Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль зүйн хувьсгал хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм” гэлээ.
Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Анхны Үндсэн хууль бидний сонгосон төрийн ардчилсан, эрх зүйт тогтолцооны үндэс суурь болсон. Уг хуулийн үндсэн зарчим, мөн чанарыг сахин хамгаалах шаардлагаар Үндсэн хуулийн цэцийг 1992 онд байгуулсан билээ. Ингэснээр бусад хууль Үндсэн хуульд нийцсэн, эсэх, түүнийг зөрчсөн, үгүйг хянах болсон. Хуульд захирагдсан төр оршин тогтнох, нийгмийн амьдралын бүх хүрээнд үйлчлэх үндэс болсон Үндсэн хуулийн 70.1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалт чухал үүрэгтэй юм” гэдгийг тэмдэглэв.