УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн багц хуулиудыг баталж, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан уг хугацааг дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагатай гэж нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлсэн. Улмаар дээрх хуулийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хорооныхон үзэж, анхны хэлэлцүүлгээр батлуулахад санал нэгджээ.
Монгол Улсын 1974 онд нэгдэн орсон, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14.7-д “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүйг Х.Нямбаатар гишүүн онцлов. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалтай холбоотой процессын хэм хэмжээгээр тухайн хэргийг сэргээж, хэлэлцэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 1.9, 1.10-т хамаарахгүй хэмээн тусгажээ.
Бэлтгэсэн: Г.Жавхлан