Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны зургадугаар сарын 26-нд зарлиг гаргаж, авлига авсан болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тухайлбал, Салхитын мөнгөний ордын маргааныг шийдвэрлэхдээ бусдаас авлига авсан байж болзошгүй үндэслэлээр анхан, давж заалдах болон Дээд шүүхийн шүүгч нарын эрхийг түдгэлзүүлээд байсан юм. Тэгвэл нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг гэмт хэрэг үйлдээгүйгээ мэдэгдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад захидал бичиж, АТГ, НПГ-т шалгуулах хүсэлтээ гаргасан билээ. Учир нь, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид 2017 оны хоёрдугаар сард Салхитын мөнгөний ордын маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гомдлыг хангахаас татгалзаж, дахин шалгуулахаар буцаасан байдаг.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Дээд шүүх эл хэргийг шийдвэрлэжээ. Тиймээс Ж.Оюунтунгалаг шүүгчийн “тэмцэл” үр дүнгээ өгч, долоон шүүгчийг ажилд нь буцаан томилох Ерөнхийлөгчийн зарлиг гарсаныг баттай эх сурвалж хэллээ. Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах нар энэ долоо хоногоос ажилдаа орох бололтой.
Ташрамд дурдахад, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд удахгүй хэлэлцэх юм байна.