Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг УИХ өчигдөр батлав. Үүний хүрээнд 45 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Эцэг хууль”-д тусгасан заалтуудаа баталгаажуулах ёстой. Нэн яаралтай буюу энэ парламент эхний ээлжид батлах ёстой нь УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгч, түүний сонгуулийн тухай хууль. Өчигдөр гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Ирэх жил болох Ерөнхийлөгчийн, найм дахь удаагийн сонгуульд ялсан хүн бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх анхны Төрийн тэргүүн болно. Магадгүй өнөөгийн Ерөнхийлөгч өрсөлдөөд ялбал ардчилсан Монголын Төрийн тэргүүнээр хамгийн удаан буюу 10 жил ажиллах боломжтой анхны бөгөөд цорын ганц эрхэм байх нь (Үндсэн хуулиа дахин өөрчилж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгаж, улиран сонгогддог болгочихгүй бол шүү дээ). Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, түүнийг улираах, эсэхтэй холбоотой олон улсын жишгийг харвал манай Төрийн тэргүүнийг зургаан жилээр нэг удаа сонгох эл шинэ хувилбар тийм ч түгээмэл биш юм билээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуульдаа заасан 133 улсаас ердөө есөн орон дахин сонгогдож болохгүй буюу зөвхөн нэг удаа эл албыг хашихаар хуульчилжээ. Харин манайхтай ижил буюу Ерөнхийлөгчөө зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан гурван улс байгаа нь Киргиз, Мексик, Филиппин. Ер нь эдгээр 130 гаруй орноос Ерөнхийлөгчийнх нь бүрэн эрхийн хугацаа хамгийн богино нь Фижи улс гурван жилээр тогтоосон нь байгаа бол хамгийн урт нь Ботсван улс 10 жилээс дээшгүй байна гэж заасан явдал юм. Өөрөөр хэлбэл, манай Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дэлхийн дунджаас арай урт ч дахин сонгогдохыг нь хязгаарласан цөөхөн тохиолдлын нэг болж таарах нь.
Гэхдээ дахин сонгогдохын тулд эрх хэмжээнээсээ давсан амлалт өгдөг, албан тушаалаа өмчилчихсөн юм шиг улстөржиж, хор хутгадаг жишгийг халахын тулд ийн бүрэн эрхийн хугацааг нь нэмэх замаар улиран сонгогдохыг нь хязгаарлахаар хуульчлаад байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Хоёр дахь удаагаа сонгогдохын тулд эхлээд нэр дэвших эрх намаасаа авах шаардлагатай. Улмаар улстөржиж, Засгийн газрын ажилтай хутгалддаг. Хууль, хяналтын байгууллагуудыг хөдөлгөх жишээтэй. Ерөнхийлөгч улиран сонгогддогоос болж нэр бүхий хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх өнөөдрийн асуудал үүссэн нь нууц биш. Хоёр дахь удаагаа сонгогдохын төлөө үе үеийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнүүдтэй муудалцаж, хууль, хяналтын болон бусад байгууллагад нөлөөлж ирсэн гашуун түүх сүүлийн 27 жилийнх. Энэ чөтгөрийн тойргийг бид одоо таслах ёстой. Үнэндээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн хоёр “толгой”-той болчихоод байна. Гүйцэтгэх засаглал нь хоёр тэргүүнтэй юм шиг л байна. Тийм учраас нэг удаа сонгогддог болгох ёстой. Нэг удаа сонгогдсон хүн намдаа дахиж барьцаалагдахгүй. Намаасаа дахин дэмжлэг авахын тулд тэдэнд үйлчлэхгүй, улстөржихгүй. Сонгогдсон л бол хүсэж, зорьсон ажлаа хийгээд, тэр талбараас гарах учиртай” хэмээснийг онцлон тэмдэглэе. Үр дүнг нь үзэх л хэрэг.
Одоогийн тогтолцоогоор УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жил тутамд, хоорондоо нэг жилийн зайтай болж буй нь бодлоготойгоор гаргасан шийдэл биш болохыг учир мэдэх хүмүүс хэлдэг. Одоогийнх шиг нэг намын Ерөнхийлөгч, нөгөө намынхан нь олонх болсон УИХ-тай зэрэгцэн орших үе давтагдаж байгаа нөхцөлд санал зөрөлдөх, үл ойлголцох байдал гурван жилийн турш үргэлжлэх жишээтэй. Тухайлбал, УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг жилийн зайтай зохион байгуулдаг нь Засгийн газрыг тогтворгүй болгодгийг манай зарим судлаач нотолдог. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөг, түүнээс Засгийн газрыг огцруулахад үзүүлж буй нөлөөний талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат бичжээ. Сүүлийн 30 шахам жилд Засгийн газруудын оршин тогтносон хугацааг тооцоход тэд дунджаар бүрэн эрхийнхээ талд нь ч хүрэхгүй буюу 49 хувьд нь ажилласан байдаг аж. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрууд ихэвчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа огцорч буй нь ажиглагджээ. Уг нь Үндсэн хуульд зааснаар Засгийн газар огцрох дөрвөн үндэслэл бий. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрын гишүүдийн тэн хагасаас доошгүй нь огцрох, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг, эсвэл Ерөнхийлөгч ийм санаачилга гаргасан бол гүйцэтгэх засаглалын хувь заяаны талаар ярих үндэслэл болдог. Өнгөрснийг харвал, 2009 онд Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийг эс тооцвол Засгийн газрын тэргүүн нь ажлаа өгсөнтэй холбоотойгоор огцорсон өөр тохиолдол үгүй аж. Мөн 1996, 2006 онд Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцорсноор танхимаараа унаж байжээ. Харин УИХ-ын гишүүдийн санаачилгаар 1998 онд хоёр удаа, 2007, 2014, 2017 онд Засгийн газрыг огцруулсан нь гүйцэтгэх засаглалаа унагасан хамгийн олон тохиолдол болж байна. Харин аль ч Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах санал албан ёсоор гаргаж байгаагүй ч уг үйл явцад Төрийн тэргүүний оролцоо ямагт байсныг судлаач О.Машбат онцолсон байна лээ.
Мөн тэрбээр “олонхын цөөнх” гэх нэр томьёог судалгаандаа олонтоо ашигласан байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн үр дүнд олонх болж, Засгийн газраа байгуулсан намынхан нь өөрсдөө, дотроосоо Ерөнхий сайд, түүний танхимыг “унагаж” иржээ. Тиймээс УИХ-д нэг нам 70-аас дээш суудал аваагүй тохиолдолд Засгийн газраа унагах эрсдэл бодитой оршиж буй гэж үзэж байна. Үндсэндээ тэрбээр УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль нэг жилийн зайтай болж байгааг Засгийн газрын тогтворгүй байх анхдагч нөхцөлөөр нэрлэж буй.
Юутай ч Засгийн газрыг огцруулах, дээр дурдсан дөрвөн үндэслэлээс зөвхөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь санаачилга гаргахтай холбоотой заалтыг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд үлдээсэн нь гүйцэтгэх засаглалыг тууштай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ гэж олон хүн найдаж буй. Ер нь энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж, хэрэгжүүлснээр хамгийн түрүүнд Засгийн газар тогтвортой ажиллах, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал харилцан хяналттай, тэнцвэртэй орших боломж бүрдэнэ гэдэг хүлээлт хэдийн үүссэн. Тэгвэл үүнд нэмэр болох нэгээхэн заалт нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоорондох нэг жилийн хугацааг уртасгахтай холбоотой эл өөрчлөлт юм.
Үүнээс гадна адаглаад л УИХ-ын сонгуулийн өмнөх болон дараагийн жилд сонгуулийн сурталчилгаанд анхаарал хандуулж, хууль тогтоох ажил хөсөр хаягддаг гэхэд болно. Ийнхүү УИХ (2024) болон Ерөнхийлөгчийн (2027) ес дэх удаагийн ээлжит сонгууль болоход хоорондох зай нь гурван жил хүртэл нэмэгдэнэ. Арав дахь удаагийн сонгуулиуд болоход зөрүү нь таван жилээр холдож, дунд нь УИХ-ын 11 дэх удаагийн ээлжит сонгуулийг хэдийн хийчихсэн байх нь. Энэ тохиолдолд УИХ дахь олонх эрх мэдэлдээ дулдуйдаж, хүч түрэх гээд байвал даруулга, сануулга болгож, сөрөг хүчин, цөөнхийн нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгон хяналт тавих боломжтой. Эсрэгээрээ, Төрийн тэргүүн дураараа аашлаад байвал түүнийг нэр дэвшүүлснээс бусад намд УИХ-ын сонгуулиар итгэл хүлээлгэн, хяналт тавьж болох юм.