- Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ-
Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Шөнө дүл болтол нэгдсэн хуралдаанаас өмнө МАН-бүлэг болон байнгын хороод хуралдсан юм. Уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн зүгээс зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг зургаан сая төгрөгөөр тогтоожээ. Зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээл чөлөөлөх дээд хэмжээг ийн тогтоож, үүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулах нь. Энэ нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8, зээлийн дүнгийн 75.2 хувийг хамрах аж.
Мөн зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлэх зохицуулалтыг тусгажээ. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй 194.2 мянган тэтгэвэр авагчид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн, Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгах юм байна. Үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны тавдугаар сарын 21-нээс эхлэн хийх, иргэдийн төлөх дүн нэг сая төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрт ногдох хэмжээгээр тухайн иргэнд эзэмшүүлэх гэнэ. “Эрдэнэс Монгол” ХХК нь эл арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах юм байна. Түүнчлэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан “Эрдэнэс силвэр ресурс” ХХК-ийг үнэт цаасын эргэн төлөлтийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол хэлж байлаа.
Тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид зургаа хүртэл сарын хугацаатайгаар, жилд нэг удаа авах өөрчлөлтийг ч тусгажээ. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглосон. Энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ ч нөгөө талаас иргэд богино хугацааны мөнгөний хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна гэж үзэн ийм шийдэлд хүрсэн байна.
Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс тавьсан асуулт, саналтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай асуудал нь улстөржиж, талцаад байх асуудал биш. Буруу, ташаа мэдээллээр иргэдийг талцуулж, төөрөгдүүлж болохгүй. 2018 онд зээлийн хэмжээ 24 хувиар өссөн бол энэ онд таван хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Мөн эдийн засаг өсөж, инфляци таван хувь болж буурсан. Ингэж эдийн засаг агшсан байна. Иймээс энэ арга хэмжээ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй. Энэ мөнгө валютын зах дээр очихгүй, тэгшитгэж мөнгө өгөхийн оронд талхаа таллаж, тосоо граммлан авч байгаа, орлогогүй болсон иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого юм. Харин ч энэ арга хэмжээ нь эдийн засаг тэлэхэд эерэгээр нөлөөлнө. Мөн эл арга хэмжээний сургаар 100 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх яриа нь ор үндэслэлгүй юм. Монголбанкны мэдээллээр 2019 оны арванхоёрдугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Тэгвэл 2018 оны арванхоёрдугаар сард 91, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авч байсан юм байна. Хэрэв мэдээлэлд ойр байсан хүмүүс зээл авсан бол шалгаж тогтоох чиглэлийг Эдийн засгийн цагдаагийн албанд өгсөн” гэв.
Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас манай улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулснаа зарлан, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах талаар хугацаатай ажлын төлөвлөгөө өгөөд буй. Монгол Улсын хувьд тус жагсаалтаас гарахгүй удсан тохиолдолд эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд уг төслийг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, түүнд тавигдах хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгохын тулд уг төслийг боловсруулсан байна.
Бэлтгэсэн: Б.Уран