Монгол Улсын санхүүгийн зах зээлд ажилладаг мэргэжилтнүүд тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Тэд нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөхийг төр, засгаас шаардаж буй юм. Зарим санхүүч тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд шилжих шаардлагатайг сүүлийн 10 орчим жил ярьж байгаа. Манай улс тэтгэврийн эв санааны нэгдлийн тогтолцоог хэрэгжүүлж өнөөг хүрсэн. Энэ нь ажил эрхэлдэг хүмүүсийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөөр ахмадуудын тэтгэврийг олгодог тогтолцоо. Тухайн иргэн тэтгэвэрт гарч амжихгүй нас барсан ч шимтгэлд төлсөн мөнгийг нь үр хүүхдэд нь олгодоггүй онцлогтой. Иймээс эв санааны нэгдэл гэж нэрлэсэн хэрэг.
Тэгвэл хуримтлалын тогтолцоо нь шимтгэл төлөгчийн мөнгийг нэрийн дансанд байршуулан, ашигтай хөрөнгө оруулалт хийж өсгөдөг. Шимтгэл төлөгч тэтгэвэрт гарсныхаа дараа дансандаа цугласан шимтгэлийн мөнгийг нэгмөсөн авч болно. Мөн үр хүүхдэдээ өвлүүлж болдог тогтолцоо. Иймээс хуримтлалын тогтолцоо нь шимтгэл төлөгчид илүү үр дүнтэй нь ойлгомжтой. Хөдөлмөрийнхөө үр шимийг насны эцэст өөртөө л зориулдаг учраас шударга тогтолцоо гэж иргэд үздэг. Иймээс хуримтлалын тогтолцоонд шилжихийг иргэд хүсэмжилдэг билээ.
Санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд хуримтлалын тогтолцоонд шилжих цаг нь болсон гэж үздэг. Тэд нэг талаар энэ нь иргэдийг санхүүгийн сахилга бат өндөртэй болгох, боловсролыг нэмэх тогтолцоо гэж хардаг. Нөгөө талаар 20-30 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийх сан бий болж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж боддог билээ. Иймээс зарим санхүүгийн байгууллагын удирдлагууд хувийн тэтгэврийн сангийн эхлэлийг тавиад байна. Тухайлбал, “Ард лайф” компанийг нэрлэж болно. Тус компани “Ард санхүүгийн нэгдэл”- ийн харилцагчдад тэтгэврийн сангийн бүтээгдэхүүнээ санал болгоод эхэлжээ.
Санхүүчид тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд шилжих цаг болсон гэж үздэг бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого боловсруулагчид эв санааны нэгдлийн тогтолцоог яаран халах болоогүй, маш болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хуримтлалын тогтолцоонд шилжвэл одоогийнхоосоо ч дор байдалд хүрнэ гэсэн итгэл үнэмшилтэй мэргэжилтнүүд ч ажилладаг юм.
Дэлхийн 80 гаруй орон тэтгэврийн эв санааны нэгдлийн тогтолцоог хэрэгжүүлж буй. Бусад нь хуримтлалын тогтолцоог хэрэгжүүлж, хувийн тэтгэврийн сангуудаар дамжуулан ахмадуудынхаа тэтгэврийг олгодог. Хоёр тогтолцоог хослуулан хэрэгжүүлдэг орон ч бий. Польш улс тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд шилжээд, нийгмийн хамгааллын бодлогоо хэрэгжүүлж чадахгүй, эв санааны нэгдэл рүүгээ “буцсан” түүхтэй. Тэднийх хуримтлалын тогтолцоонд шууд шилжжээ. Энэ нь алдаа болсон гэж эдийн засагчид дүгнэдэг. Төр захиргааны байгууллагынхан ч, санхүү, эдийн засгийн салбарынхан ч хуримтлалын тогтолцоонд 10 орчим жилийн хугацаанд аажмаар шилжих нь зөв гэдэгтэй санал нэгдэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төсөл боловсруулсан. Энэ нь сайн дураар нэмж шимтгэл төлүүлэн хуримтлалын тогтолцооны дагуу ажиллуулах эрх зүйн зохицуулалт билээ. Юутай ч тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийхээр “дуншиж” эхлэв.
Бэлтгэсэн: Т.Энхбат
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Ахмадууд мэдээлэлгүй байна
Зарим банкны тооцооны төвөөр оров. Битүүхэндээ горьдлого тээж, тэтгэврийн зээл сураглаж яваа ахмад настантай салбар болгонд шахам таарлаа. Гудамжинд ч хэд хэдэн өндөр настантай уулзаж, тэтгэврийн реформын талаарх тэдний санаа бодлыг сонсов. Ахмадууд тэтгэврийн реформын талаар мэдээлэл хомс, ойлголт бага байгаа бололтой, тоймтой зүйл ярьсангүй. Гэхдээ тэдний олонх нь эхний ээлжид тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв, цаашдаа төр, засаг урт хугацааны уян хатан, ээлтэй бодлого явуулж, тэтгэврийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх ёстой хэмээцгээв. Төрийн банкны Чингэлтэй дүүргийн “Урт цагаан” тооцооны төвд зээлээ төлөхөөр дарааллаа хүлээж суусан Ц.Цэнддоо гуайтай хөөрлөө. Тэрбээр мал эмнэлэгт 18, оёдлын үйлдвэрт найм, V сургуульд цөөнгүй жил ажиллаад улсад 31 жил хөдөлмөрлөснөөр тооцуулж, сард 230 000 төгрөг авдаг болжээ. Өнгөрсөн жил тэтгэвэр нь 300 000 болж нэмэгдсэн аж. Тэрбээр 36 сараар тэтгэврээ зээлэн авчээ. Зээлийн дүн таван сая төгрөг.
Тасралтгүй гурван жил төлсөн боловч хүү суутгагдаж, үндсэн зээл нь төлөгдөөгүй байгаа аж. Гэтэл түүнд бага хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх шаардлага тулгараад буй. Харин тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор банкууд зээлээ зогсоосон тул эмээ хүнд байдалд оржээ. Өөр бас хэд хэдэн ахмадтай уулзав. Бүгд л зээлээ төлж дуусаагүй ч, нэмж авах хүсэлтэй гэнэ. Тэд Ц.Цэнддоо гуай бид хоёрын ярианд сайн дураараа нэгдсэн юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2017 оноос хэрэгжсэн. Хуульд зааснаар нэг удаа таван сая төгрөг төлсөн нэгэн ахмад өдгөө 800 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авдаг аж. Харин 66 настай, ШУТИС-д 40 жил ажилласан багш Н.О сард 520 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэнэ. Тэрбээр өвдгөө эмчлүүлэх зорилгоор зээл авахаар ирсэн ч, бүтэлгүйтэж, яахаа мэдэхгүй арга мухардаад, банкны хүлээлгийн сандал дээр сууж байхдаа бидэнтэй санал бодлоо солилцлоо. Тэрбээр “Эмээ минь нас барахаасаа өмнө “Цагаан сараа заавал тэмдэглэж заншаарай. Тэр жилдээ өнгөтэй явна. Хийхгүй бол тухайн жилдээ гуриа байна” гэж захисан сан. Ахмадуудын үг учиртай л байх. Гэтэл банк зээл өгөхгүй нь. Нэг их өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч таван бууз, ууц, идээ, будаанд ердийнхөөс илүү мөнгө гаргаж л таарна даа” хэмээв.
Ц.Бүжинлхам эмээ тэтгэврийн реформ хийхийг хоёр гараа өргөн дэмжиж буй. Эрчим хүчний салбарт 20 жил ажилласан тэрбээр “Бид аргагүй болоод л тэтгэврээ урьдчилж авдаг. Гэвч тэтгэврийн зээлийн хүү өндөр. Олон сараар зээл төлөхөөр бүр улдчих юм. Гэнэт өнхрөөд өгчихвөл үр хүүхдэдээ лай хурааж өртэй үлдээх вий гэж айдаг. Тиймээс улстөрчид тэтгэврийг хойч үед нь өвлүүлнэ гэснээ хэрэгжүүлээсэй. Ахмадуудын зээлийг бус, хүүг тэглэх нь оновчтой. Бас зээлийг ихдээ зургаан сараар олговол зүгээр. Энэ бидэнд дарамт багатай” гэж ярилаа. Эрүүлийг хамгаалах яамны Дүн бүртгэлийн хэлтэст 29 жил ажилласан М.Долгорсүрэн 1990 онд 20 дугаар тогтоолоор 50 насандаа тэтгэвэрт гарчээ. 83 настай буурай тэтгэврийн зээлгүй ч Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөмжийг дэмжиж буй. Анх 176 000 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол өдгөө 276 000 болж нэмэгджээ. Амьдрал нь хүндхэн хэдий ч байгаагаа чамлахгүй, хэрэгцээндээ хүргэдэг М.Долгорсүрэн эмээ УИХ-д өнө удаан жил суусан ч олигтой ажил хийгээгүй зарим гишүүнийг залууст байраа тавьж өгөөсэй хэмээн боддогоо хэлсэн. Шинэ цагийн залуус л тэтгэврийн реформ хийнэ гэдэг итгэж буй учраас тэр гэнэ.
БАЙР СУУРЬ
Зарим эдийн засагч, судлаач тэтгэврийн реформ хийх санаачилга гаргасан. Манай улсад тэтгэврийн даатгалын санг хэрхэн хөгжүүлэх шаардлагатай талаар мэргэжилтнүүдээс тодрууллаа.
ТӨР САЙН МЕНЕЖЕР БИШ ТУЛ НАЙДАХ ХЭРЭГГҮЙ
Б.ЛАКШМИ (Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал):
-Иргэд олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч тэтгэвэрт гараад бага тэтгэвэр авч, тэр нь амьжиргаанд хүрэлцдэггүй нийтлэг жишиг манайд бий. Учир нь тэтгэврийн сангийн хөрөнгийг өсгөх, хөрөнгө оруулалт хийх замаар арвижуулдаггүй, одоо ажил хийн, шимтгэл төлж буй хүмүүсийн татвараас шаардлагатай бүлэгт нь шууд олгодог. Энэ хөрөнгө хязгаарлагдмал тул иргэдийн тэтгэврийг тогтмол өсгөх боломж бүрддэггүй. Мөн Нийгмийн даатгалын сангаас өөр эх үүсвэрт хөрөнгө хуримтлуулах талаарх мэдлэг, ойлголт бидэнд хомс, эрх зүйн зохицуулалт ч байхгүй гэж болно. Тиймээс тэтгэврийн хувийн сангуудыг бий болгох, сангийн хуримталд даатгалын байгууллагуудаар баталгаа гаргуулах орчин бүрдүүлэх, хувийн санд мөнгө төвлөрүүлэх иргэдийн хандлагыг идэвхжүүлэх, өгөөжийг нь сурталчлах, жишиг сан үүсэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Европын Холбооны улсуудад иргэдийн тэтгэвэрт зориулан хурааж буй хөрөнгийг өөр сан, ашигтай салбарт хөрөнгө оруулан, арвижуулах замаар инфляц, эдийн засгийн өсөлттэй уялдуулан тухайн иргэний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг өсгөн, найдвартай хадгалж байдаг. Жил бүр тухайн үеийн ханшаар хэдэн төгрөг авах боломжтой талаар нь мэдээ илгээн, үндсэн мөнгө, хүүгийн өгөөжийг задалж, тайлбарладаг юм билээ. Манайд төр сайн менежер биш гэдгээ хангалттай харуулж буй учраас Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр хөрөнгө оруулж, өсгөн арвижуулж чадахгүй болов уу. Тиймээс хувийн сангууд үүсэх хуулийн орчныг боловсронгуй болгох, иргэдэд сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх, үүнийг дагалдсан даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Товчхондоо, хувийн хэвшилд найдах, иргэд хадгаламж, хуримтлал үүсгэхэд анхаарах л үлдээд байна.
ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САН ДАМПУУРЧИХСАН ГЭХЭД БОЛНО
Ч.ХАШЧУЛУУН (МУИС-ийн багш, эдийн засагч):
-Монголд иргэд тэтгэвэр, тэтгэмж авах нас, шалгуурт хүрээд ганц л сонголттой тулгардаг . Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, эсэх, хэдэн жил, хэдэн төгрөгөөс хувь төлснөөсөө хамаарч их, бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгодог. Гэтэл даатгалын сан нь бараг дампуурчихсан гэхэд буруудахгүй. Учир нь тэтгэвэр авагчдын тоо шимтгэл төлөгчдийнхөөс аажмаар нэмэгдэж байгаа ч санд төвлөрүүлж буй орлогод менежмент хийн, мөнгөний ханшийг хадгалахад анхаардаггүй. Мөн нийгмийн даатгалын сан алдагдалтай, түүнийг нь төсвөөс нөхдөг зэрэг нь нөхцөл байдал муудах нэг шалтгаан болж байна. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч буй юм. Хувь хүний зүгээс ч тэтгэврийн сан алдагдалтай, баталгаагүй, авах мөнгө нь ч бага, амьдралд хүрэлцэхгүй болохоор цаашид юу хийвэл зохилтой талаар анхаарах хэрэг гарч ирлээ. Энэ хоёр асуудлыг хамтатган шийдэх боломжтой. Үүнийг төрийн зүгээс хэрэгжүүлдэг тэтгэврийн тогтолцооны хажуугаар хувийн сангуудыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх хэмээн ойлгож болно. Өндөр хөгжилтэй орнуудад тэтгэврийн хувийн сангууд тун хөрөнгөлөг байж, өгөөжтэй ажилладаг. Манайд ч зарим аж ахуйн нэгж дотооддоо ажилчдадаа зориулсан тэтгэврийн хуримтлал үүсгэн, барьцаалж зээл авах боломж олгодог. Мөн даатгалын зарим компани, санхүүгийн байгууллагад хуримтлал үүсгэн, тодорхой хугацааны дараа түүнийхээ үр шимийг хүртдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож болно. Эдгээрээс арай өөрөөр зөвхөн тэтгэвэрт зориулж, урт хугацаанд хуримтлал бүрдүүлэх боломжтой, олон нийтийг хамруулсан сангуудыг үүсгэх хуулийн орчин хэрэгтэй. Магадгүй Санхүүгийн зохицуулах хорооны харьяа байгууллагуудад тэтгэврийн сан гэдэг шинэ нэгж бий болгон, дэмжлэг үзүүлж болно шүү дээ.
ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖ ЧАДАХГҮЙ Л БОЛ ҮР АШИГГҮЙ
Г.МОНГОЛХҮҮ (“Нэйшнл лайф даатгал” компанийн захирал):
-Зарим судлаач, эдийн засагч тэтгэврийн реформ хөдөлгөөн өрнүүлэн, үүнд чиглэсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийг төрөөс шаардан, илүү олон хүнийг энэ талаар мэдлэгтэй болгох зорилго тавьж байна гэж ойлгосон. Гэхдээ реформ гэдэг нь бүрэн өөрчлөх, шинэчлэх гэсэн утгатай үг. Яг юуг, ямар болгон өөрчлөх талаар уг санаачилгыг гаргасан мэргэжилтнүүд тодорхой байр суурь илэрхийлээгүй. Магадгүй тэдэнд бодсон, хэрэгжүүлэхээр зэхсэн ажил бий болов уу.
Тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаарх манай улсын уламжлалт тогтолцоо, баримталдаг бодлого, шимтгэл татан төвлөрүүлж, захиран зарцуулж буй зэрэг нь хоцрогдон, иргэдэд өгөөжөө төдийлөн өгөхгүй байгаа нь үнэн. Энэхүү тогтолцоо нь тэтгэврийн нэрийн сан үүсгэх, хуримтлал бий болгох, хадгалж буй мөнгөнийхөө үнэ цэнийг алдагдуулахгүй байх, өсгөх боломж олгодоггүй. Тэтгэврийн насанд хүрэхээс өмнө захиран зарцуулах эрх ч байхгүй. Үүнийг залруулах зорилгоор манайд сайн дурын тэтгэврийн даатгалд хамрагдах, хуримтлалын сан үүсгэх эхний алхмууд хийгдсэн. Зарчим нь хүн одоо олж буй орлого, боломжийн хэрээр ирээдүйд зарцуулах мөнгөө хадгалуулах юм. Үүнийг заавал төрийн оролцоотойгоор, санхүүгийн мэдлэгтэй хүн, эсвэл орлого их олдог хэсэг нь хийх албагүй. Зах зээлд бүтээгдэхүүнүүд байна, харин иргэн энэ талаар ойлголттой байж, сонголт хийх л шаардлагатай. Одоогоор цөөнгүй компани иргэдэд тэтгэврээ хуримтлуулах, хугацааны дараа олон сонголттойгоор эргүүлэн авах үйлчилгээ санал болгож байна. Уг байгууллагуудад Санхүүгийн зохицуулах хороо баталгаа гаргаж, хяналт тавидаг. Гэхдээ татварын таатай орчин бүрдэхгүй, төрийн дэмжлэг байхгүй, иргэдийн ойлголт сул зэргээс төдийлөн хөгжихгүй, дэлгэрэхгүй байгаа юм.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Г.ӨНӨРБАЯР: Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлыг эхлүүлсэн
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Эдийн засаг, санхүүгийн салбарын мэргэжилтэн, судлаачид тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Тэд тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоонд шилжих цаг болсон гэж үзэж байна. Тодруулбал, тэтгэврийн нэг хэсгийг хуримтлалын тогтолцоонд шилжүүлэхийг ятгаж байгаа. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх суурь нөхцөл бүрдсэн үү?
-Бид гурван тулгуурт биш, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо гэж ярьж байгаа. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох нийгмийн шаардлага, хүлээлт үүссэн. Тиймээс Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2030 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар 2015 онд батлуулахдаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих талаар тусгасан юм. Улмаар нэмэлт тэтгэврийн даатгал бий болгох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг 2016 онд байгуулсан. Ажлын хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гадна олон байгууллагын төлөөлөл оролцон ажиллаж байна. Хуулийн төслийг үндсэндээ боловсруулж дууслаа. Нийгмийн шаардлага, хүлээлт үүссэн нөхцөлийг тодотгоё. Нэгдүгээрт, иргэдийн тэтгэвэр бага байна. Хоёрдугаарт, олон жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлчихөөд тэтгэвэрт гарахаас өмнө нас барчихаар мөнгө нь хаачдаг вэ гэсэн асуулт үүсдэг. Үр хүүхэд нь “Миний аав, ээж нийгмийн даатгалын шимтгэл олон жил төлсөн ч хэдхэн жил тэтгэвэр аваад нас барчихлаа. Тэтгэврийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө хаачсан бэ” гэсэн асуулт тавьдаг. Иймээс төлсөн шимтгэлээ бүгдийг нь нэгмөсөн авч болдог, өвлүүлдэг гэх мэт онцлогтой хуримтлалын тогтолцоонд шилжье гэсэн санал гаргадаг юм. Бусад оронд хуримтлалын буюу хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог хөгжүүлсэн сайн, бас муу ч жишээ бий. Гагцхүү хувийн тэтгэврийн сангийн менежментийг хэрхэн хийхээс амжилттай байх, эсэх нь шалтгаалж байна. Иймээс тэтгэврийн даатгалын тогтолцоонд тодорхой шинэчлэл хийх ажлыг эхлүүлсэн.
-Тэтгэврийн нэмэлт даатгалд сайн дураар шимтгэл төлж болох эрх зүйн орчныг бүрдүүлж буй нь тогтолцоог шинэчлэх эхний бодит алхам гэж харж байна.
-Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх асуудлыг бодлогын баримт бичигтээ тусгасныг эхний алхам гэж харах хэрэгтэй. Өндөр настнуудын амьжиргаанд хүрэлцэхүйц хэмжээний тэтгэвэр олгоход цаашид Монгол Улс ямар бодлого баримтлах вэ гэдэг асуудлыг бүх түвшиндээ ярилцан шийдвэрлэх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан хуулийн төслөө удахгүй олон нийтээр хэлэлцүүлнэ. Ялангуяа хувийн хэвшлийнхэн, банк санхүүгийн салбарынхнаар нэлээд нухацтай хэлэлцүүлэх юм. Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 47 мянга гаруй аж ахуйн нэгж бий. Нэг сая гаруй нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байдаг. Тэднээр хэлэлцүүлж, саналыг нь тусгаад сайн гэж бодсон хувилбараа УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа. Иргэдийн шударга ёсны хүсэмжлэлээс гадна олон улсын санхүүгийн байгууллагуудын судалгаагаар ч тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх нь зөв гэдэг нь тодорхой болсон. Манай яам өмнө нь бодлогын баримт бичиг боловсруулахдаа ч шинэчлэлийн асуудлыг тусгаж ирсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан сүүлийн 10 жил тэтгэврийн даатгалын шинэчлэлийг ярьсаар ирсэн гэж ойлгож болно.
-Судлаачид Нидерланд улсын тэтгэврийн даатгалын тогтолцооны жишгийг ихээхэн ярих болсон. Тус улс даатгалын шимтгэлийн тодорхой хэсгийг улсынхаа санд төвлөрүүлж, түүгээрээ ахмадуудынхаа нийгмийн хамгааллын анхан шатны шаардлагыг хангадаг юм байна. Мөн тодорхой хэсгийг нь хувийн тэтгэврийн санд төвлөрүүлдэг. Энэ нь хуримтлалын тогтолцооны зарчмын дагуу ажилладаг. Түүнчлэн хувийн тэтгэврийн санд сайн дураар нэмж шимтгэл төлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг гэнэ. Олон давхаргат тэтгэврийн даатгалын тогтолцооны сайн дураар нэмж шимтгэл төлдөг хэсгийнх нь эрх зүйн зохицуулалтыг хийх нь гэж ойлголоо. Тэгвэл нийгмийн даатгалын одоо хурааж байгаа шимтгэлээс хувийн тэтгэврийн санд шилжүүлэх алхам хийх үү?
-Хуулийн төсөлд олон хувилбар бий. Яг ийм хууль хэрэгжүүлнэ гэж тогтсон зүйл тулгахгүй. Олон нийтийн саналыг сайтар сонсоно. Манай яаманд таны ярьж байгаа хувилбаруудын талаар ч судалгаа бий. Ийм хувилбарыг хуулийн төсөлд тусгах боломжтой. Хуулийн төслөө Засгийн газарт танилцуулна, дараа нь банк санхүүгийн байгууллагынхнаар хэлэлцүүлнэ. Тэгээд олон нийтийн хэлэлцүүлэгт шилжүүлнэ гэж төлөвлөж байгаа.
Бэлтгэсэн: Т.Энхбат
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хуримтлалтай хүн тэтгэвэрт эрт гарч болдог
Тэтгэврийн тогтолцоогоор дэлхийд Нидерланд, Дани улс тэргүүлдгийг Австралийн Мельбурн хотын Монаша их сургуулийн Санхүүгийн судалгааны төвөөс “Mercer” зөвлөх үйлчилгээний компанитай хамтран бэлтгэсэн “Дэлхийн тэтгэврийн индекс”-т тэмдэглэжээ. Өдгөө манай гаргийн хүн амын есөн хувийг тэтгэврийн насныхан эзэлж байна. НҮБ-ын мэдээлснээр 2070 он гэхэд эл үзүүлэлт 20 хувьд хүрэх гэнэ.
Өнгөрсөн аравдугаар сарын 22-нд нийтэлсэн шинэ судалгаанд дэлхийн хүн амын 63 хувь нь аж төрдөг 37 орны тэтгэврийн насныхны мэдээлэл багтжээ. “А” үнэлгээ авсан хоёр улсын нэг болох Нидерландад тэтгэврийн орлого нь тогтсон хэмжээтэй улсаас олгодог болон хөдөлмөрийн гэрээ байгуулан авдаг нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс бүрддэг. Тэтгэврийн тогтолцоогоо өрхийн өрийг бууруулах, ажиллах хүчний тоо нэмэгдэх, тэтгэврийн насанд шилжиж буй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх аргаар сайжруулдаг гэнэ.
Дундаж цалинг тэтгэврийн доод хэмжээтэй харьцуулсан үзүүлэлтээр Дани улс дээрх жагсаалтыг олон жил тэргүүлж буй аж. Тэтгэврийн системээ хүн амынхаа хадгаламжийн хэмжээг дээшлүүлэх, өрхийн аж ахуйн өрийг бууруулах, тэтгэвэрт гарахын өмнөх насныхны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар боловсронгуй болгодог. Мөн “аюулгүй байдлын дэр” буюу улсаас олгодог тэтгэврээс гадна хуримтлалын тогтолцоо үйлчилдэг. Жишээлбэл, та хувийн компанид ажилладаг бол цалингийнхаа 12 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тэтгэврийн хуримтлалын санд шилжүүлнэ. Үүний дөрвөн хувийг та өөрөө, найман хувийг ажил олгогч төлнө. Ер нь Данид орлогын 40 орчим хувийг татварт өгдөг. Гэхдээ орлого нь тодорхой заасан хэмжээнээс өндөр бол татвар 57 хүртэл хувь болж өсдөг аж. Тэтгэврийн хуримтлал үүсгэж чадаагүй бол нийгмийн даатгалаас бүрддэг, улсын тэтгэврээ авах гэнэ. Мөн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд нөгөө нь тэтгэврийг нь авдаг. Жишээлбэл, 86 настай Бирте эмээ улсаас авдаг тэтгэвэр дээрээ нэмээд талийгаач нөхрийнхөө тэтгэврийг авдаг гэнэ. Үүний ачаар сайхан аж төрж байна гэж тэрбээр ярьжээ. Үүний сацуу тэтгэврийн хангалттай хуримтлал үүсгэсэн хүн эрт тэтгэвэрт гарч болдог. Нийгмийн хамгааллын бодлого сайн учраас нас дээр гарсан хүмүүс ядуу амьдарна гэж байдаггүй аж. Татвар өндөр ч тэтгэврийн хуримтлал үүсгэвэл хөнгөлөлт үзүүлдэг нь хүмүүст эерэг хандлага төрүүлдэг байна. Түүнчлэн татварын мөнгийг зөв зарцуулдаг учраас эмнэлэг, боловсрол үнэ төлбөргүй.
Жагсаалтын гуравдугаарт орсон Австралийн тэтгэвэр нь улсаас нас харгалзан олгодог болон ажил олгогчийн төлсөн татварын мөнгөнөөс бүрдэнэ. Дөрөвдүгээрт бичигдсэн Финландад улсаас олгодог суурь болон орлогоос хамааран тогтоодог мөнгөнөөс тэтгэвэр нь бүрддэг. Эл хоёр улсад нас нэмэхийн хэрээр тэтгэврийн мөнгөний доод хэмжээг нэмдэг аж.
Швед улс дээрх жагсаалтын тавдугаарт бичигдсэн бөгөөд 1999 онд тэтгэврийн орлогын тогтолцоогоо шинэчилсэн байна. Үүний ачаар улсаас олгодог тэтгэврийн доод хэмжээн дээр орлогоос авсан татвар нэмэгддэг. Мөн тэтгэвэрт гарах насыг нэмсэнээр тогтолцоо нь сайжирсан гэж үздэг гэнэ.
Бэлтгэсэн: З.Гал