Та, бидний эргэн тойронд, худалч хүнд хаа сайгүй л ганц бие ээж байна. Нэг хүүхдээ тэврээд, нөгөөг нь хөтлөөд, гурав дахийг нь үүрч дүүрээд л явах юм. Тэднийгээ өвтгөж зовоохгүйн тулд, дааруулчихгүй гэсэндээ, өлсгөчихгүй юм сан гэж хэрэндээ хичээх. Өөрөөр хэлбэл, хэдэн хүүхдээ хүнээс илүү байлгаж чадахгүй ч ямар нэгэн зүйлээр дутаачихгүй өсгөх гэж гадаа гарч эр, гэрт орж эм болж яваа олон бүсгүйг мэднэ ээ. Аав нар нь хаачсан юм бэ гэж үү. Эхнэр, хүүхдээ хаяад явчихсан. Олонх нь гэр бүлээс гадуурх харьцаанаас болж салцгаадаг гэнэ билээ. Цөөнгүй нь архинд толгойгоо мэдүүлдэг, эсвэл хүчирхийллийн улмаас, зарим нь ажилгүй зэрэг шалтгаанаар үр хүүхдээсээ “татгалздаг” нь харамсалтай.
Нийтлэлд өгүүлэх жишээнүүдийн нэрийг өөрчлөв. Нараа 10 хүртэлх насны дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь өөрийнх нь төрсөн хүүхэд биш ч дүүгээ бурхан болсны дараа өргөж авсан юм билээ. Нараагийн нөхөр ч дургүйцээгүй гэдэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу бага хүүхдээ ой ч хүрээгүй байхад нөхөр нь түүнийг “хуурч” эхэлснийг мэджээ. “Хөдөө явлаа, тэгж ч байрлаж ажиллах боллоо” гэх зэргээр худал ярьсаар сүүлдээ гэртээ ч ирэхээ больсон гэнэ. Нараа нөхрийнхөө хамт ажилладаг байсан хүмүүсээс асууж сурагласаар хаана байгааг нь олж мэдээд ихэд цочирдсоноо ярьсан. Гэртээ байгаагүй хугацаандаа өөр эмэгтэйнд амьдарч байсан болж таарав. Булайгаа дэлгэсэн хоёр Нараагаас уучлал гуйж, дахин хэзээ ч уулзахгүй, учрахгүй гэж ам өчиг өгчээ. Гэсэн ч тэд хэлсэндээ хүрээгүй. Одоо бүр нэг гэрт орчихсон юм байна. Харин Нараа шүүхийн хаалганы өмнө зогсож буй. Гурван хүүхдэдээ тэтгэмж тогтоолгохын тулд. Нөхөр нь өнгөрсөн хугацаанд тэдэнд тэтгэмж өгөхөөс зайлсхийж, эхнэртээ хий хоосон найдлага төрүүлж, худал амласаар өдий хүрчээ. Цаад эмэгтэй нь ч тэр гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй мөртлөө гэрлэлтээ цуцлуулж, Нараагийн нөхөртэй суусан юм байх. Нэг ёсондоо тэр хоёр таван хүүхдийг юман чинээ ч бодоогүй аж. Хамгийн гомдмоор нь, шүүхэд нөхрийнхөө нэр дээр нэхэмжлэл гаргах гэтэл тэмдэгтийн хураамжид 70 000, 11 нас хүртэлх хүүхэдтэй бол тус бүр 35 000 төгрөг төлөх шаардлагатай болжээ. Хүний өөрийн дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд өдөр, шөнөгүй наймаа хийж яваа Нараад яг одоо тоолоод өгөх 175 000 төгрөг байхгүй тул нэхэмжлэл гаргахаа түр хойшлуулж буйгаа учирласан.
Яг ийм шалтгаанаар хүүхдэдээ тэтгэмж тогтоолгож чаддаггүй олон хүн байдаг гэх. Тэмдэгтийн хураамжаас гадна хүүхдийн тоогоор “татвар” авдаг нь ч юу вэ. Өрх толгойлсон ээжүүдэд хүүхдээсээ илүүчлэх мөнгө тэр бүр байх болов уу. Үндэсний статистикийн хорооныхны 2018 оны судалгаагаар улсын хэмжээнд өрх толгойлсон 72 мянган эмэгтэй бий аж. Тэдний 37 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхэдтэй юм байна. Нөхрөөсөө салсан хэрнээ гэрлэлтээ цуцлуулаагүй, хамтран амьдарч байгаад салсан, хүүхдийнхээ тэтгэмжийг тогтоолгоогүй зэрэг тоо баримт эл судалгаанд бараг бүртгэгддэггүй. Тодруулбал, өрх толгойлсон 72 мянган ээжийн хэчнээн нь бэлэвсэн, хэд нь гэрлээгүй, эсвэл салсан гэсэн нарийн судалгаа одоогоор алга. Ямартай ч 2018 оны байдлаар улсын хэмжээнд 11 000 орчим, өнгөрсөн жилийн эхний хагаст 1511 хүн шүүхийн шийдвэрээр хүүхдэдээ тэтгэмж өгөхөөр болжээ. Тэднээс хүүхдийн тэтгэмжээ 1105 нь дуусгавар болгосон, 6170 нь тогтмол болон алдаг оног өгдөг, 5200 нь төлбөрийн чадваргүй болон сураггүй бологсод гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ынхан хэлэв.
Хүүхдийн тэтгэлэг барагдуулах судалгаанд дурдсанаар өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 15 991 хүүхэд гэр бүл салсны улмаас тэтгэмж авахаар бүртгэгджээ. Гэвч аав нарын олонх нь эл үүргээ биелүүлдэггүй, үргэлж араасаа хэл ам таталдаг. Эсвэл амьдардаг хаягаа сольсноо мэдэгдэлгүй сураггүй болчихдог байна. Шүүхийн шийдвэрээр эцэг, эхийн хэн нь хүүхдээ асарч буйгаас хамаарч нөгөөх нь тэтгэмж төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдэдээ 11 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50, түүнээс дээш 18 хүртэл нь 100 хувиар тооцон, сар бүр өгөхөөр Гэр бүлийн тухай хуульд заасан байдаг.
Өөр нэг жишээ дурдъя. Навчаа 2012 онд гэрлэлтээ цуцлуулж, хуулийн дагуу хүүхдэдээ тэтгэмж тогтоолгожээ. Тэрбээр Нарааг бодвол нэг хүүхэдтэй. Эхэндээ “Ганц хүүхдийг хаана л бол хаана аваад явна” гэж боддог байснаа нуугаагүй. Харин хүүхэд нь томрохын хэрээр зардал чамгүй нэмэгдэж, сургуульд ч орсон тул ааваас нь тэтгэмжээ хугацаанд нь төлөхийг шаардаад бараагүй гэнэ. Тиймээс ШШГЕГ-т хандсан тухайгаа хэллээ. Гэрлэлтээ цуцлуулаад найман жил болоход нөхөр нь Навчаад 100 000 төгрөг л өгсөн гэж байгаа. Энэ нь Навчаагийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тушаасан тэмдэгтийн хураамжийн мөнгө аж. Тэрнээс биш хүүхдэдээ 100 төгрөг ч өгөөгүй гэсэн.
Хамгийн гайхмаар нь, Навчаагийн гомдлыг хариуцсан байцаагч нар түүнийг үл тоож, ажилдаа хариуцлагагүй хандсанаас өнгөрсөн хугацааг дэмий шахам өнгөрүүлсэн гэх. Энэ талаар Навчаагаас тодруулахад “Хүүхдийн минь аав өнгөрсөн найман жилийн хугацаанд тэтгэмжийн мөнгөө нэг ч удаа өгөөгүй. Тэтгэмж тогтоолгосноос хойш л шүүхийн шийдвэрийнхнээс салсангүй. Миний гомдлыг барагдуулахаар ажиллаж байсан анхны байцаагч жирэмсний амралтаа авсан. Дараа нь хэргийг минь хэн дааж авсныг шалгахаар очтол сургалт,
семинар гээд байцаагч нар нь олдоогүй. Эсвэл ээлжийн амралттай байж таарна. Гар утсаа ерөөсөө “авахгүй”, хариу өглөө ч “Ажилтай байна” гээд тасалчихдаг. Нэг удаа хариуцсан байцаагчтайгаа уулзаж, хэрхэн чирэгдүүлж буйг нь хэлэхэд “Чиний буруу. Яах гэж төлөвлөөгүй хүнтэй сууж, хүүхэд төрүүлсэн юм бэ” гэж загнасан. Салсан нөхөрт хүртэл утсаар “Эхнэр чинь ингэсэн, тэгсэн” гэж ярьсан байна лээ. Төрийн албан хаагч, байцаагч хүн үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг хамаагүй хүнд дэлгэж болох уу” хэмээн өгүүлэв.
Түүнтэй зовлон нэг Цэцэгээ ч гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдийнхээ тэтгэмжийг нэг ч удаа аваагүй аж. Тэрбээр өнгөрсөн зургаан жилийн турш хүүхдийнхээ эцгээс шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой мөнгөө өгөхийг шаарджээ. Харамсалтай нь, тусыг эс олсны дээр байнга шахам элдвээр доромжлуулж, гэр бүл нь түүнээс болж “сарнисан” мэтээр загнуулдаг гэнэ. Сүүлдээ утсаар ярихаас ч эмээж, бүрмөсөн харилцаагаа тасалж, чих амар амьдрахыг илүүд үзэж буйгаа Цэцэгээ хэлсэн.
Монгол эрчүүд ийм арчаагүй, хүний үнэргүй болчихсон хэрэг үү. Өнөөгийн залуусын гэрлэлт зарим өсвөр насныхны үерхлээс ч богинохон болсон гэх юм. Жилд дунджаар 16-20 мянган хүн гэрлэлтээ бүртгүүлж байхад 4000 гаруй нь салдаг аж. Зөвхөн гэрлэлтээ батлуулсан хосуудын хувьд ийм статистик байна. Нэгээс салаад, нөгөөтэй амьдраад буюу салж, нийлээд “сурчихсан” хэнэггүй хүмүүс цаана нь цөөнгүй бий аж. Дээрээс нь ямар ч төлөвлөгөөгүй хүүхэдтэй болдог. Хүүхдээ хаяхад арга хэмжээ авдаг хууль, тогтоомж дээр дурдсанчлан манайд байхгүйтэй адил болохоор тоодог ч хүн алга.
Яагаад ганцхан аав нарыг шүүмжлээд байгаа юм бэ гэж үү. Дахин хэлье, улсын хэмжээнд өрх толгойлсон 72 000 эх, 19 000 эцэг байна. Гээндээ ч бий гэдэг шиг хүүхдээ эцэгт нь орхисон, гудамжинд хаясан ээж мэр сэр байдаг л юм. Гэхдээ энэ олон мянган эмэгтэйн нулимс өнөө цагт гол байсан бол хэдийн үерлэхээр хэмжээнд хүрсэн. Нийгмийг бухимдуулж, олон нийтийг айдаст автуулж буй харгис, жигшүүрт хэрэг, хүчирхийллийг ихэнхдээ хойд эцгүүд нь үйлдэх юм. Хохирогчид нь голдуу бага, эсвэл өсвөр насны дагавар хүүхдүүд. Тэднийг алж байхад хүртэл төрсөн эцэг нь ирээгүй. Яг л хөхөө шувуу шиг. Өндгөө дардаггүй хэрнээ бусдын үүрэнд “үхвэл үх” гээд орхин оддогтой адил. Орчин цагийн “Шагдаруудын” үүргийг ухамсарлуулах, хариуцлагыг чангатгах цаг болсныг дээрх тоо баримт, жишээ харуулах буй за.