МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга өчигдөр мэдээлэл хийж, тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр зээлгүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох бус, хүүгүйгээр олгож байх зохицуулалтыг холбогдох хуульд тусгах ёстой гэв. Гэхдээ тэтгэврийн зээлийг тэглэх эх үүсвэрийг Салхитын ордын орлогоос гаргах нь шударга бус гэж үзэж буй аж. Тус хөрөнгийг “Капитал” банканд байршуулсан төрийн мөнгө, Хөгжлийн банкны хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, АСЕМ зохион байгуулахад ашигласан эх үүсвэрийг буруутай этгээдээр гаргуулан ашиглах ёстойг хэлж байлаа. Ингэсэн тохиолдолд малчны, цалингийн болон ипотекийн зээлийн хүүг ч тэглэх боломжтойг тэд тооцжээ.