Улаанбаатар хот найдвартай, тохилог, чанартай, бас хямд үнэтэй такси үйлчилгээтэй бол хэн хүнгүй ажилдаа ирж, очиход амар байх сан. Замын хажууд гараа өргөн зогсох, таксинд суугаад хүрэх газраа хайлцдаг, “Төлбөр хэд болсон бэ” гэж асуудаг, эд зүйлсээ дээрэмдүүлэх вий, хүчирхийлэл, хүний наймааны золиос бүү болчихоосой гэж айн зорчдог дүр зураг такси үйлчилгээний хоцрогдсон хөгжлийг харуулж байна. Жолоочийн үнэмлэхтэй нэгэн хүссэн үедээ “халтуур”-т явж, огт үндэслэлгүй төлбөр үйлчлүүлэгчээс шаарддаг эмх замбараагүй уг үйлчилгээг бодлогоор зохицуулж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх болоогүй гэж үү.
2003 онд нийслэлд 61 байгууллага 3960 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд явуулдаг байжээ. Энэ нь манай такси үйлчилгээний оргил үе гэнэ. Тухайн үед нийслэлд 869 912 хүн оршин сууж, 1000 иргэн тутамд дөрвөн такси ногдон, хөгжингүй орнуудын жишигт хүрсэн аж. Гэвч 2004 оноос уг үзүүлэлт уруудсаар өдгөө есөн аж ахуйн нэгж 607 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд явуулж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл 1.5 сая орчим хүн амтай ч албан ёсны эрхтэй 607 такси үйлчилж байгаа нь дэлхийн жишгээс 9.8 дахин бага үзүүлэлт болжээ. Шуудхан хэлэхэд, такси үйлчилгээний зах зээлд үүссэн эл эрэлтийг хангах бодлого үгүйлэгдэж, “халтуурчид” бий болсон нь албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихад хүргэжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс ирэх онд энэ салбарыг шинэчилнэ. Тухайлбал, хоёр давхар автобус, стандартад нийцсэн 1000 таксийг үйлчилгээнд нэвтрүүлнэ” гэсэн. Уг амлалт хэдийгээр ажил хэрэг болохыг албаныхнаас тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. Харин нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “2020 онд 1000 такси үйлчилгээнд нэвтрүүлэхээр “Такси” хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Одоогоор такси үйлчилгээнд
явах хүсэлтэй, суудлын автомашинтай 700 гаруй иргэнийг бүртгэсэн. Мөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас хотын төв хүртэл үйлчлэх энгийн болон дээд зэрэглэлийн такси үйлчилгээнд явуулах төслийн сонгон шалгаруулалт явуулж байна. MNS 5122:2013 нийтийн такси үйлчилгээний стандартын дагуу зүүн талдаа жолооны хүрдтэй автомашинтай, мэргэжлийн жолоочийг сонгон, бүртгэж байгаа” хэмээв. Түүнчлэн “Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийг хатуу хориглох аргагүй. Тээврийн цагдаагийн албаныхантай хамтран үе үе шалгаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгодог” гэлээ.
“Халтуурчдыг” зохицуулж, албан ёсны зөвшөөрөлтэй таксины тоог нэмэгдүүлэн, хүртээмжтэй, хялбар, хямд үнэтэй болгох шаардлага хэдийн үүссэнийг албаныхан, такси компаниуд, иргэд ч дуу нэгтэй хэлж байна. Тухайлбал, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн С.Нармандах “Хувийн хэвшлийн хэдхэн байгууллага зээл авах зэргээр төсөв босгож, 21 жилийн турш такси үйлчилгээ эрхэллээ. Манай холбооноос уг үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох олон ажил санаачилдаг ч холбогдох байгууллагынхан огт хэрэгжүүлдэггүй. Жишээ нь, 2008 онд БНХАУ-ын автомашины үйлдвэрээс 2000 такси хямд үнээр авахаар тохиролцон, төсөл бичиж, тухайн үеийн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн ч тоогоогүй. Таксийг 10 жил ашиглах хугацаатай, жилд хоёр удаа үзлэгт оруулдаг, авто зам ашигласны төлбөрийг их хэмжээгээр төлдөг. Мөн жолооч нь хоёроос доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байдаг. Суудлын бүрээсийг нь байнга сольж, цэвэр, тохилог үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл дуртай нэг нь машинаараа хүмүүс тээвэрлэж байна. Манайх Тээврийн цагдаагийн албатай хамтран хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийг илрүүлж, ашиглаж байсан хоёр аппликэйшнийг нь хаалгасан. Гэвч Ерөнхий сайд иргэдийн халаасанд гар дүрлээ хэмээн энэ арга хэмжээг зогсоож, 100 мянган төгрөгөөр манайхыг торгосон. Үүнээс хойш такси үйлчилгээнд хяналт тавих аргагүй боллоо. Ашиглалтын хугацаа дууссан шалтгаанаар жил бүр олон таксийг үйлчилгээнээс хасдаг. Гэтэл баруун талдаа жолооны хүрдтэй “Приус”, ашиглалтын хугацаа дууссан “Верна” явж л байна” хэмээв. Тэрбээр нийслэлээс таксины зогсоол гаргаж өгсөн ч хувийн автомашинууд эзэлсэн. Улмаар такси очвол дугуйг нь хагалах, жолоочийг нь зодож дээрэлхдэг учир ашиглаж чаддаггүйг онцоллоо. Харин саяхнаас албан ёсны таксинуудад шар өнгийн дэвсгэртэй улсын дугаар олгодог болсон гэнэ. Нийслэлд 26 таксины зогсоол бий ч таксинууд ашиглаж чаддаггүй учир үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатайг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрынхан ч хэлсэн.
Таксийг 1900 1950, 1900 1991 тусгай дугаарын утсаар дууддаг нь өртөг өндөртэй. Энэ мэтээр нийслэлд таксигаар зорчиход хүндрэлтэй байгаа тул хэрхэн сайжруулах шаардлагатайг үйлчилгээ эрхлэгчдээс тодрууллаа. 1999 оноос такси үйлчилгээ эрхэлж буй “Намдэмүн сервис” компанийн захирал Ж.Лхагвасүрэн “Манайх таксинууддаа хяналтын камер, GPS төхөөрөмж суурилуулсан. Гэрээний дагуу 30 такси явуулах ёстой. Ихэнхдээ жолоочдод таксигаа түрээсэлж, өдөрт 25 000 төгрөгийн төлбөр авдаг. Бусад компани үүнээс ч өндрийг авдаг юм билээ. Эхний нэг километрийн үнэ 1000, үүнээс цааш 800 төгрөгөөр тооцож үйлчлүүлэгчдээс төлбөр авдаг. НӨАТ-ын баримт ч олгодог. Нийслэлээс таксины зогсоол гаргаж өгсөн ч хүрэлцдэггүй. Такси үйлчилгээнд дэвшилт технологи нэвтрүүлэхээр судалж буй. Төрөөс ямар нэг зохицуулалт хийж, дэмждэггүй” гэв. Мөн “VIP такси” компани гадаадын хоёр сайттай хамтран ажиллаж, жуулчдыг онгоцны буудлаас тосох, хотоор зорчих боломж олгодог аж. Тодруулбал, энгийн машинууд нь нэг километрт 3000 төгрөгийн төлбөртэй бөгөөд хүлээлгийн хугацаа нэг минут нь 300 төгрөг гэнэ. Мөн тансаг зэрэглэлийн автомашин явуулах, хүүхэд хүргэх, зочин угтах, хувийн жолооч олгох зэргээр үйлчилгээний төрлөө олшруулжээ. Харин “Улаанбаатар такси” компани 2017 оны долдугаар сараас эхлэн дэлхийн 28 оронд ашигладаг такси үйлчилгээний ухаалаг систем нэвтрүүлсэн байна. Тодруулбал, “1900 1991 taxi caller” аппликэйшний тусламжтайгаар хэрэглэгч ойр байрлах таксийг дуудаж, жолооч нь хэдэн минутын дараа очихоо хариулдаг аж. Хэрэглэгчид сайтар ашиглахгүй байгаа учир энэ жилээс хөгжүүлэхээр төлөвлөж буй гэнэ. “Нийслэлд гудамж, талбайн хаяг, байршил тодорхой биш учир үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг. 250 такси дуудлагаар явуулж буй ч хэрэглэгчид хүрэлцэхгүй байна гэж гомдоллодог”-ийг тус компанийнхан хэллээ.
АНУ-д “Убер” нэртэй такси дуудлагын үйлчилгээ анх 2009 онд үүссэн нь хэрэглэгчид болон зөвшөөрөлтэй тээвэр эрхэлдэг компаниудын эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч “Убер” компани хариуцлагатай, зөв менежментийн үр дүнд өдгөө дэлхийн 63 улсын 785 хотод салбартай болж өргөжжээ. Компанийн зүгээс ажилгүй, суудлын машинтай иргэдийг сургалтад хамруулж, бүртгэн, такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодог. Хэрэглэгчид тус аппликэйшнийг гар утсандаа суулган, бүртгүүлж, хаанаас хаа хүрэх, ачаатай, эсэх, хэдэн хүн суух тухай мэдээллээ өгнө. Ингээд дуудлага өгсөн хүнд хамгийн ойр байрлах такси ирж үйлчлэх бөгөөд цахимаар төлбөрөө шилжүүлдэг. Тодруулбал, хэрэглэгчийн данс аппликэйшнтэй нь холбогдсон байдаг аж. Харин хэрэглэгч ачаа ихтэй, олон хүн суух захиалга өгсөн бол гэр бүлийн, эсвэл том оврын машин ирдэг гэнэ. Хэрвээ машиныг бохирдуулсан тохиолдолд хэрэглэгчээс нэмэлт төлбөр ч авдаг аж. Түлш бага зарцуулдаг энэ машин хямд, хар өнгийн болон жийп нь арай үнэтэй бөгөөд сүүлийн жилүүдэд нисдэг тэрэг, ачааны машинаар ч үйлчилдэг болжээ. Мөн аппликэйшний тусламжтайгаар үйлчилгээ үзүүлсэн жолоочид үнэлгээ өгдөг байна. Ингэснээр үнэлгээ муутай, асуудал гаргасан жолооч хасагдаж, такси үйлчилгээ чанартай, тохилог, тогтсон үнэтэй байх боломж бүрджээ. Мөн БНХАУ “We chat” аппликэйшндээ “Такси” цэс үүсгэсэн бөгөөд үүгээр энэ төрлийн үйлчилгээг шуурхай авдаг аж. Хэрэглэгчийн данс тус цэстэй холбогдсон тул таксигаар үйлчлүүлээд цахимаар төлбөрөө төлөөгүй ч заавал авдаг байна. Такси үйлчилгээний стандартын дагуу шаардлага хангасан автомашин, даатгалд хамрагдсан жолоочийг сонгон шалгаруулдаг гэнэ. Энэ эрхийг авахад хялбар учир такси үйлчилгээ эрхлэгчдийн тоо нэмэгджээ. Харин зөвшөөрөлгүй таксинд явах тохиолдол гардаггүй, хэрвээ илэрвэл ойролцоогоор дөрвөн сая төгрөгөөр торгуулдаг аж.
Интернэт хэрэглэгч сая гаруй иргэнд түшиглэн манай улс олон улсын уг жишгээс нэвтрүүлж болох юм. Ингэвэл иргэд ажилтай болж, улсад тодорхой хэмжээний татвар төлөх боломжтой. Түүнчлэн хувийн компаниудыг ч төрөөс дэмжиж, машины тоог нэмэгдүүлэн, улмаар такси үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, найдвартай, хямд, хүртээмжтэй болгож чадах нь.