Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй томьёолол бүрээр санал хураав. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Уг хуулийг 2015 онд баталсан. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд олон удаа өөрчлөлт оруулж байгаа. Зөрчлийн тухай хуулиар шууд торгодог байдлаас татгалзаж, эхлээд албан шаардлага хүргүүлж, биелүүлээгүй тохиолдолд л торгох болон хариуцлагын бусад механизмыг ашиглах ёстой гэсэн бодлогыг Хууль зүйн байнгын хороо баримталж байна” гээд ирэх хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулахаа дуулгав.
Тус хэлэлцүүлгийн үеэр “Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна”, “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжсэн. Уг саналтай холбогдуулан гишүүн Ц.Цогзолмаа, “Ёс зүйн хувьд гаргаж болохгүй хэм хэмжээнд торгуулийн хариуцлага ногдуулах нь хэр зөв бэ” гэж тодруулсан бол гишүүн Н.Оюундарь “Бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гаргасан хүнийг 100 мянган төгрөгөөр торгохоор төсөлд тусгасан байсныг сая болгон нэмэгдүүлсэн байна.
Гэхдээ бэлгийн дарамтад өртсөн хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй үлдлээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн гишүүн О.Баасанхүү “Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг Зөрчлийн тухай хуулиас хасаж, Эрүүгийн хуульд оруулсан гэж бодсон юм сан. Гэтэл буцаагаад Зөрчлийн тухай хуульд оруулсан байна. Хүчингийн гэмт хэрэг өссөөр байна. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг нь аймшигтай ойлголт. Бусад улсад үүнд Эрүүгийн хуулиар ял ногдуулдаг. Ийм хандлага гаргасныг нь зөрчил төдий тооцож, харилцаа үүсгэснийг нь Эрүүгийн хуулиар яллаж болохгүй. Уг нь хандлага, харьцаа гэдэг ойлголтууд нэг зүйл илэрхийлж байгаа юм” хэмээн шүүмжлэхэд Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “О.Баасанхүү гишүүн уг нь ажлын хэсэгт багтсан. Гэтэл нэг ч удаа хуралдаа ирээгүй. Сэдэл, илэрхийллээ үйлдэл болгосон, ажлын байрны дарамт үүсгээд хүчирхийлсэн бол Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэж ажлын хэсгийнхэн ярьсан. Ажил олгогч нь хандлагаа өөрчилж, хөдөлмөрийн дотоод журамдаа энэ талаар тусгах хэрэгтэй. Ажил дээр тоглоом, шоглоомоор нэгнийгээ элдэвлэх зэрэг нь ажлын байрны хүчирхийлэл болохыг ойлгох ёстой” гэх хариу барив.
ХОГ ХАЯГДЛЫГ ИЛ ЗАДГАЙ ШАТААСАН ХҮНИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОХ НЬ
Үүний зэрэгцээ “Олон улсын хөл хориот өвчин гарсан улс орноос ирсэн хүн эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан, эсхүл үнэн зөв мэдүүлээгүй бол 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, “Стандартад нийцсэн утааны шүүлтүүргүй, дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машиныг замын хөдөлгөөнд оролцуулсан, эсхүл агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс тээвэрлэсэн, нэвтрүүлэхээр авч явсан бол зөрчилтэй эд зүйлийг хурааж, хүнийг 100, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж өөрчлөхийг дэмжлээ. Гишүүн Ш.Раднаасэд үүнийг эсэргүүцэж “Түүхий нүүрс хэрэглэсэнд нь хариуцлага тооцохгүй, тээвэрлэгчийг торгохоор тусгачихаж. Багануураас нүүрс аваад Төв аймгийн аль нэг сум руу явж байгаа автомашин Улаанбаатарыг дайран өнгөрч болно биз дээ. Уг нь тээвэрлэж байгаа бус, хэрэглэж буйд нь хариуцлага тооцвол зүгээр. УИХ ч яах вэ, хуулиа батлахдаа тайлбарлаад өнгөрдөг юм байж. Харин замын цагдаа нар энэ хуулийг хэрэглэхдээ “Улаанбаатар луу нүүрс ачаад ороод ирсэн байна. Ингэж болохгүй. 100 мянган төгрөгөөр торгоно” гээд л торгуулийн хуудас өгчихнө. Тиймээс үүнийг эргэж харах хэрэгтэй” гэж байлаа.
Харин “Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс тооцон хугацаа хожимдуулсан хоног тутам 0.3 хувийн хүү ногдуулах ба уг хүүгийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. Энэ тайлбарт заасан “хүү” нь Иргэний хуульд заасан “анз” (Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр)-д хамаарахгүй” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатар “Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал нь бага Эрүүгийн хууль биш. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байгааг хүнд сануулах нь Зөрчлийн тухай хуулийн агуулга байх учиртай. Гэтэл энэ зарчмаас гажиж байна. Торгоно гэсэн агуулга нь сүүлдээ хүү, анз болж таарахгүй” гэв.
Түүнчлэн төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, холбогдох бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж, хүнийг 100, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив. Мөн хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг дэмжсэн юм. Үүний зэрэгцээ хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдал шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нь зүйтэй гэж үзлээ.
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Уг төсөлд тусгаснаар орон нутгийн сонгуулийг УИХ-ынхаас тусдаа буюу аравдугаар сард зохион байгуулах нь. Тодруулбал, сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө санал авах өдрийг тогтоон зарлах бөгөөд энэ нь аравдугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх аж. Мөн дахин, нөхөн сонгууль товлон зарлах, товлон зарлаагүй тохиолдолд буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцохоор тусгасан байна. Үүнээс гадна нөхөн, дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, Сонгуулийн ерөнхий хороо төсөвтөө жил бүр оруулах төдийгүй сонгууль зохион байгуулахад хуулиар хүлээсэн үүргийн дагуу оролцдог төрийн байгууллагууд холбогдох зардлаа тухайн жилийн төсөвтөө тусгадаг болох гэнэ. Харин сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны зардлын гүйцэтгэл, төлөвлөлт, зарцуулалтад аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргах юм байна.
Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам, эвсэл сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар тусгажээ. Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит газрын дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх нь. Харин ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд өрсөлдөх бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр тусгажээ. Мөн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллага хянах гэнэ.
Бэлтгэсэн: Б.Уран