Афганистаны одоогийн Төрийн тэргүүн Ашраф Гани өнгөрсөн есдүгээр сарын эцсээр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 50.64 хувийн дэмжлэг авч, улиран сонгогдсоныг Сонгуулийн бие даасан комиссоос нь мэдээлсэн билээ. Үүнээс өмнө тэрбээр 2014 оны есдүгээр сарын 21-нд тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. Хүн судлаач мэргэжилтэй тэрбээр урьд нь Сангийн сайдын албан тушаал хашиж, Кабулын их сургуулийн Канцлераар ажиллаж байв.
Гани 2002 онд Афганистанд буцаж ирэх хүртлээ АНУ-ын Жон Хопкинсын их сургуульд голдуу, бусад олон байгууллагад хүн судлалын профессороор, дараа нь Дэлхийн банканд ажилласан туршлагатай. 2002 оны долдугаар сараас 2004 оны арванхоёрдугаар сарын хооронд Сангийн сайд байхдаа талибуудын Засгийн газар тарснаас хойших Афганистаны эдийн засгийг сэргээх ажлыг удирджээ.
Тэрбээр иргэддээ үйлчлэх талаар улс орныхоо чадавхыг дээшлүүлэхийн тулд 2005 онд Засаглалын үр өгөөжийг дээшлүүлэх хүрээлэнг хамтран байгуулсан гэнэ. Мөн онд Афганистан зэрэг сүйрсэн улсыг хэрхэн сэргээх асуудлыг хэлэлцдэг TED санд илтгэлээ тавьжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бие даасан санаачилга болох Ядуусын эрх, боломжийг өргөжүүлэх, комиссын гишүүн Ашраф Гани “Foreign policy” сэтгүүлээс явуулдаг дэлхийн оюунлаг 100 хүнийг шалгаруулах 2013 оны цахим судалгааны 50 дугаарт жагссан байна. “Prospect” сэтгүүлээс явуулсан ийм судалгаанд тэрбээр хоёрдугаарт бичигджээ.
Бие даасан улстөрч Гани 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хамид Карзай, Абдулла Абдулла, Рамазан Башардост нарын дараа дөрөвдүгээрт орж байв. Харин таван жилийн дараах сонгуулийн эхний шатанд 35 хувийн санал авч, 45 хувийн дэмжлэг авсан Абдуллагийн дараа орсон ч хоёр дахид нь 55.3 хувийн саналаар ялсан байна. Үүний улмаас эмх замбараагүй байдал үүсэж, Афганистаны Засгийн газрыг эмхлэн байгуулахын тулд АНУ хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүй болжээ.
ПУШТУНУУДЫН УДАМ
Ашраф Гани 1949 оны тавдугаар сарын 19-нд Афганистаны Логар мужид мэндэлжээ. Тэрбээр пуштунуудын ахмадзай овгийнх аж. Оюутан солилцоогоор АНУ-ын Орегон муж улсын Освего нуурын дэргэдэх дунд сургуульд сурч, 1967 онд төгсжээ. Эхлээд хууль судлахыг хүсэж байсныгаа хүн судлалын мэргэжлээр сольсон аж. Бейрут дэх Америкийн их сургуулийг бакалавр, Колумбын их сургуулийг 1977 онд магистр, 1983 онд гүн ухааны докторын зэрэгтэй дүүргэв. Тэнд сурч байхдаа гэргий Рулатайгаа танилцжээ.
Тэрбээр Кабулын (1973–1977) болон Данийн Орхуссын их сургуульд (1977) ажиллаж байв. Докторын зэрэг хамгаалсных нь дараа түүнийг 1983 онд АНУ-ын Беркли дэх Калфорнийн их сургуульд 1983 онд, дараа нь Жон Хопкинсын их сургуульд (1983-1991) багшлахыг урьжээ. Тэрбээр мөн Харвардын их сургуулийн удирдагч бэлтгэх хөтөлбөр, Дэлхийн банк, Стэнфордын бизнесийн дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан байна. Түүний эрдэм шинжилгээ, судалгаа нь төрийн байгуулал, боловсролтой болгоход чиглэсэн аж. 1985 онд тэрбээр АНУ-ын Фулбрайт шиг Пакистаны сургуульд судалгааны ажлаа дуусгасан байна. 1991 оноос Дэлхийн банканд Зүүн болон Өмнөд Азийн төсөл хариуцан ажиллаж байжээ.
ОЮУНЛАГ, АВЬЯАС, ЧАДВАРТАЙ УЛСТӨРЧ
Афганистаны шинэ Засгийн газарт, тухайлбал, Ерөнхийлөгч Хамид Карзайн ерөнхий зөвлөхөөр ажиллахаар А.Гани 24 жилийн дараа буюу 2001 оны арванхоёрдугаар сард эх орондоо эргэн очив. Кабулын их сургуулийг дүүргэснээсээ хойш тэрбээр Клэр Локхартай хамтран Засаглалын үр өгөөжийг дээшлүүлэх хүрээлэн байгуулж, төр, засаг нь иргэддээ үйлчлэх талаар 10 үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн зорилт дэвшүүлж, үүнийгээ 2005 оны есдүгээр сард НҮБ болон Дэлхийн банкнаас зохион байгуулсан уулзалтын үеэр мөргөлдөөний дараах шилжилтийн үеийн удирдагчдаар хэлэлцүүлжээ.
2006 оны эцсээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Кофи Аннаны халааг авах хүнээр нэрлэгдсэн А.Гани “Үзэл бодлынхоо ачаар ялна гэж найдаж байна” хэмээн хэлснийг “Financial times” сонин тэргүүн нүүрэндээ эш татсан байв. Мөн Брукингийн хүрээлэнгийн Карлос Таскуаль үүнийг эш татаад, Ганийг их оюунлаг, авьяас, чадвартай хэмээн тодорхойлжээ.
2003 онд Азийн хөгжиж буй орнуудын Сангийн шилдэг сайдаар шалгарсан тэрбээр үндэсний мөнгөн тэмдэгтээ өөрчилж, санхүүгийн ажиллагааг компьютержуулж, нэгдсэн данстай болгон, төсвийн бодлого баталсан зэрэг өргөн хүрээг хамарсан шинэчлэл хийсэн аж.
2009 онд Америкийн бизнес эрхлэгчдийн хүрээлэнгийн ажилтан Ахмад Мажидярын бэлтгэсэн нийтлэлд Ганийг Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай 15 хүнийг тоонд багтаажээ. Үүнийг нотолж, Ашраф Гани мөн оны тавдугаар сарын 7-нд нэрээ дэвшүүлсэн байна. Засаглалын төлөөлөлтэй байх, удирдлагын үр ашгийг дээшлүүлэх, ажлын байр нэмэхийг мөрдлөг болгохоо сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр онцлон тэмдэглэжээ.
Бусад нэр дэвшигчээс ялгаатай нь Гани дэлхий даяар тархан суурьшсан афган хүмүүсээс кампанит ажлыг нь дэмжиж, санхүүгийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны кампанит ажлын гол стратегич Жеймс Карвиллыг хөлсөлсөн аж. Үүний үр дүнд 38 нэр дэвшигчийн дөрөвдүгээрт орох амжилт үзүүлсэн гэнэ.
АМЬ ДҮЙСЭН ӨРСӨЛДӨӨН
2014 оны сонгуульд нэр дэвшихээ зарласны дараа Гани алдартай узбек улстөрч, Х.Карзайн Засгийн газрын цэргийн түшмэл асан, генерал Абдул Рашид Дустум болон хазар үндэстэн, мөн Х.Карзайн танхимын Хууль зүйн сайд асан Сарвар Дани нарыг Дэд Ерөнхийлөгчөөр ажиллуулахаа мэдэгджээ. Эл сонгуулийн эхний шатанд 50-иас дээш хувийн санал авсан хүн байгаагүй тул хамгийн олон санал авсан А.Гани, А.Абдулла нар хоёрдугаар шатанд өрсөлдөв. Мөн оны зургадугаар сарын 14-нд болсон сонгуульд А.Ганийг ялсныг хүлээн зөвшөөрөөгүй А.Абдулла түүний эсрэг тэмцэж, өөрийн Засгийн газар байгуулна хэмээн сүрдүүлж, улмаар үл ойлголцол бий болжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри наймдугаар сарын 7-нд айлчилж, найман сая орчим саналын хуудсыг дахин тоолж, үндэсний эв нэгдлийн Засгийн газар эмхлэн байгуулж, танхимын тэргүүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт нөлөө бүхий байхаар зохицуулалт хийжээ. АНУ-ын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэй, НҮБ-ын хяналт доор явуулсан, санал тоолох гурван сарын үйл явцын дараа Афганистаны Сонгуулийн бие даасан комиссоос Ашраф Ганийг Ерөнхийлөгчөөр зарласан байна. Үүний өмнө тэрбээр Үндэсний эв нэгдлийн тухай хэлэлцээр байгуулахаар зөвшөөрсөн аж.
Харин өнгөрсөн намар болсон сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Ашраф Гани оролцсон цуглааны үеэр дэлбэрэлт болж, 24 хүн амь үрэгдэж, 31 иргэн шархадсан байна.
Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа Гани Узбекистан зэрэг Төв Азийн оронтой харилцаагаа бэхжүүлж, худалдаагаа өргөжүүлжээ. Хамгийн гол нь талибуудтай энхийн хэлэлцээ хийхийн тулд Пакистантай харилцаагаа сайжруулахыг тэрбээр зорилгоо болгосон байна. Тиймээс тус улсад анхны айлчлалаа 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийж, Ерөнхий сайд Наваз Шарифтай уулзсан. Гэвч Пакистан голдуу буруутай террорист халдлага Афганистанд олон гарч, талибуудтай энхийн хэлэлцээ хийх гэсэн удаа дараагийн оролдлого нь бүтэлгүйтсэн учраас Гани Пакистантай бүр хүйтэн харилцаатай болжээ. Өнгөрсөн оны эхээр Афганистанд болсон томоохон хоёр ч халдлагын дараа Пакистаны Төрийн тэргүүн утсаар ярихыг хүссэнд Гани татгалзсан гэж түүнд ойр эх сурвалжууд мэдээлсэн байдаг.
Талибуудын талаар “Vice news” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр тэдэнд итгэл алдарснаа мэдэгдсэн ч “Талибууд бол афганчууд. Би афганчуудын Ерөнхийлөгч” гэжээ. Энхийн хэлэлцээ хийх гэхдээ талибуудад Афганистаны иргэний үнэмлэх олгоход, тэднийг улс төрийн хүчин хэмээн хүлээн зөвшөөрөхөд бэлэн буйгаа Гани хэлж байжээ.
ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ДАВХАР ИРГЭНШЛЭЭСЭЭ ТАТГАЛЗЖЭЭ
Ашраф Ганигийн гэргий Рула Саад Ливан болон АНУ-ын давхар иргэншилтэй. Тэрбээр Ливаны христийн шашинт гэр бүлд мэндэлжээ. Дээр дурдсанчлан, Ливаны Бейрут хот дахь Америкийн их сургуульд сурч байхдаа танилцаад, АНУ-д шилжин суурьшсан төдийгүй харьяат нь болсон байна. Гэхдээ Ашраф Гани Афганистаны сонгуульд оролцохын тулд 2009 онд АНУ-ын иргэншлээс татгалзсан аж.
Тэд хоёр хүүхэдтэй, охин Мариам нь Бруклиний зураач, хүүг нь Тарик гэдэг. АНУ-д мэндэлсэн учраас тэд харьяат нь юм. Афганистанд улс төрийн үйл ажиллагаа явуулахын тулд ер бусын гэмээр алхам хийхэд нь дэмжсэний төлөө 2014 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэрээ гэргийдээ талархал илэрхийлжээ. “Рула Афганистаны эмэгтэйчүүдийг үргэлж дэмждэг. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлнэ гэж найдаж байна” хэмээн Гани хэлсэн байна.
Тэрбээр Логар мужид эцгээсээ өвлөж авсан 80.9 га газартай. Гэсэн ч нэмж ийм хэмжээний газар тус мужид худалдаж авсан гэнэ. А.Гани 1990-ээд онд хорт хавдрын улмаас гэдэснийхээ ихэнх хэсгийг тайруулжээ. Өглөө бүр таван цагт босож, 2-3 цаг юм уншдаг дадалтай аж.
Бэлтгэсэн: З.Гал