Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын даргад өнгөрсөн баасан гарагт өргөн барив. Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) өнгөрсөн аравдугаар сард зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монголыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор эдгээр төслийг боловсруулсан байна. Хуулиудад өөрчлөлт оруулснаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин боловсронгуй болох, Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжих зэрэг нөлөөтэй аж. Хуулиудын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх гэнэ.