Хотын захын нэгэн сургуулийн хичээл тарах үеэр хашааных нь хаалганы орчимд шороо болсон, даржин хувцастай дунд эргэм насны эр гартаа бялуу барин хэн нэгнийг хүлээнэ. Энгэр заам нь задгай, малгай өмсөөгүй хэрнээ халууцаж, хөөрсөн шинжтэй улаа бутруулан зогсохыг нь харвал “балгачихсан” байх ч магадлалтай. Удалгүй сургуулийн хашаанаас 8-10 настай болов уу гэмээр охин гарч ирэн, сайх эр лүү дурамжхан харснаа бялууг нь анзаарч, баярласан шинжтэй “Аав аа” хэмээн цовоо дуугаран дөхөөд, амттаныг авч оронд нь цүнхээ бариуллаа. Жил, сарын сүүлчийн өдрүүд үргэлжлэн, барилгын талбайд, эсвэл өөр ямар нэг “хар бор” ажил хийдэг аавын цалин бууж, гэр бүлийнхнээ баярлуулахаар бялуу аваад охиноо хүлээж байсан нь тэр биз. Магадгүй хааяа “зуу татан” хэл ам таталдаг болов уу гэмээр аав түүний гараас хөтлөн, бялууны хайрцгийн бариулаас лав гэгч атган холдсон охин хоёул аз жаргалтай харагдсан.
Автомашинуудыг сүлжин үнэртүүлэгч, үлгэрийн ном, асаагуур зэргийг санал болгож буй хүүд тансаг автомашин хөлөглөн, зам дээр түгжирч зогсох ганган залуу анхаарал хандууллаа. Тэрбээр хүүгийн барааны талаар асууж шалгаасан ч үгүй бололтой багц үнэртүүлэгч, хэдэн ном аваад нүд ирмэн, ямар нэгэн зүйл хэлэв. Бараг 10 хүн царайчилж байж борлуулах зүйлийг нэгмөсөн зарчихсан хүү толгой дохин, сэтгэл хангалуун тэндээс холдлоо. Нэг нь хүнд буян болсондоо, нөгөө нь ашиг олсондоо аз жаргалтай болчих шиг санагдсан.
Өдөн хүрэмэрхүү зүйлийг дөрвөлжлөн ширж, олбог маягийн зүйл хийж доороо тавин, урдаа хуучирч, элэгдсэн жин, цаасан хайрцаг тавьсан өвгөжөөр хүн гудамжинд сууна. Жингийнх нь хянах самбарын шил цуурч, зурагджээ. Аль байдгаараа зузаан хувцасласан нэгэн бүсгүй жин дээр багтаж ядан гарч зогслоо. Тэгээд заалтыг нь харахаар тонгойсон ч талаар болов уу яав, жин дээрээс бушуухан буугаад, өвөөд 200 биш 500 төгрөг өгөв. Анзаарах нь ээ, цөөнгүй хүн жингээ үзүүлэхгүй ч өвөөгийн урдах хайрцагт мөнгө хийж байна. Хүйтэнд царцаад эвдэрчихсэн ч байх магадлалтай жингээр мөнгө олохыг хичээн, бас ч хоосонгүй суугаа нэгэн, түүнийг өрөвдөн жингээ үзсэн болоод, эсвэл зүгээр л хэдэн төгрөг өгчихөөд холдогсод бүгд сэтгэл хангалуун байх шиг. Иймхэн жишээ, цөөхөн хүнийг анзаарахад л хаа сайгүй сайхан сэтгэл “үнэртэн”, хүмүүс нэгэндээ бага боловч туслахаар эрмэлзэн, хариуцлагаа ухамсарлан, гэр бүл, үр хүүхдээ баярлуулахаар хичээж байна. Хэдийгээр нийгэмд сэтгэл эмзэглүүлсэн гэмт хэрэг гарч, таагүй үйл явдал олон өрнөж буй ч хүмүүсийн нэгнээ гэх хайр, хүндлэл, өрөвч нинжин сэтгэл өөрчлөгдөөгүй, хэвээр байна. Бидэнд бие биедээ хэлж болох олон сайхан үг бий ч энэ удаад шинэ онд та бүхэн эрүүл энх, элэг бүтэн, элбэг хангалуун сайхан амьдрахыг ерөөе. Бас аз жаргал хүсье.