Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Г.Алтантуяагаас сургуулийн автобусны үйлчилгээний талаар тодрууллаа.
-Сургуулийн автобусаар зорчигчид карттай болно гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Одоогоор “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 33 чиглэлд 40 автобус явуулж байна. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автобус бүрт зохицуулагч ажиллаж буй. Мөн хүүхдүүдийн байршлыг тогтоох зорилгоор карттай болгохоор төлөвлөсөн. Үүнийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний болон Боловсролын газрынхан хамтран хэрэгжүүлэх юм. Ирэх оны нэгдүгээр сарын 13-наас буюу III улирлын хичээл эхлэхээр хүүхдүүдэд картыг нь өгнө. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдээ автобусандаа суусан, эсэхийг, мөн хаана явж буйг мэдэх боломжтой. Эцэг, эхийн утасны дугаарыг хүүхдийнх нь цахим карттай холбоно. Энэ ажлыг манайх багш нартай хамтарч хэрэгжүүлнэ. Учир нь эцэг, эхчүүд карттай холбуулсан дугаараа солих, гээх магадлалтай. Энэ тохиолдолд хүүхдийнхээ ангийн багшид хандан, дугаараа солиулах боломжтой юм. Замын түгжрэлээс үүдэн автобус хуваариасаа хоцрох тохиолдол гардаг. Хэрэв хүүхдүүд цахим карттай болчихвол эцэг, эхчүүд яг хэдийд ирэхийг нь тооцоолдог болно.
-Сургуулийн автобусаар хэчнээн хүүхэд зорчиж байна вэ. Цаашид автобусны тоог нэмэх үү?
-Нийслэлийн 29 сургуулийн 40 автобусанд өдөрт 3500 хүүхэд сууж байна. Эхний ээлжид эцэг, эхчүүдтэй байгуулсан гэрээний дагуу 3500 хүүхдэд карт өгнө. Цаашид хувийн сургуулиудыг ч автобустай болгох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан. Гэхдээ автобусыг нь төрөөс өгөхгүй, тухайн сургууль гаргана.