19 жилийн дараах нэмэлт, өөрчлөлт
“Ардчилсан” гэх тодотголтой 27 жилийн өмнө баталсан, Үндсэн хуулийн хоёр дахь удаагийн нэмэлт, өөрчлөлтийг Ардын намынхан үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн УИХ баталлаа. 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх талаар Монголын олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 10 гаруй жилийн турш, хэд хэдэн парламент дамнуулан идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүд гэхэд л дөрвөн удаа төсөл боловсруулсан байдаг. Үүгээр Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа, зургаан жилийн хугацаагаар сонгохоор болж, УИХ төсөв, томилгоотой холбоотой зарим бүрэн эрхээсээ татгалзах нь. “Дордуулсан” гэх тодотголтой долоон өөрчлөлтийн зургааг нь засав. Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэй байж болохоор хязгаарлаж, хууль баталж болдог 20 гишүүний босгыг 39 болгон нэмлээ. Мөн Ерөнхийлөгч, УИХ Засгийн газрыг бүрдүүлэхэд оролцох хүрээ, хязгаарыг хумьж, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгов. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөнө. Харин Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Засгийн газар 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэж, улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэсэн заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө.
Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах талаар нэлээд ярьсан ч эцэстээ АН-аас зүтгүүлсэн саналыг нь “унагаснаар” ирэх жилийн сонгуулийг мажоритар тогтолцоогоор, тэр дундаа олон мандат бүхий томсгосон тойрогтойгоор явуулах гэж байна. Үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө гэнэт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж, түүний ахалсан ажлын хэсэг үндэсний зөвшилцөл эхлүүлээгүй бол, Төрийн тэргүүний санал болгосон зарим саналыг хүлээн аваагүй бол үнэмлэхүй олонх бүхий УИХ-ын баталсан эл нэмэлт, өөрчлөлт эрс өөрчлөлтийн шинжтэй байж болох байв. Гэхдээ үе үеийн Төрийн тэргүүн өөр бусад хуулиар өөртөө эрх нэмж олгосоор хараат болгон хувиргаж буй шүүх засаглалтай холбоотой олон заалтыг зөвшилцлийн хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын саналаар хассан.
Энэ нэмэлт, өөрчлөлтийг баталлаа гээд бүх зүйл сайхан болчихгүй. Одоо түүнд нийцүүлэн, дагалдуулан гаргах шаардлагатай 30 шахам хууль бий. Эдгээрийг сайн боловсруулж батлах, хамгийн гол нь хэрэгжүүлэх, мөрдөх нь чухал.
Утаан “хөшиг” ярагдсан өвөл
Өмнөх Засгийн газар, сайдын үед ингэж алдсан. Бид түүнийг нь давтахгүй. Агаарын бохирдолтой арай өөр арга замаар тэмцэнэ гэсэн зоримог зүйл ярьж гарч ирээд л өнөөх зуух, утаа шүүгч, сайжруулсан түлштэй зууралдаж, хэдэн тэрбумаар нь мөнгө хийсгэдэг “арга барил”-аар Улаанбаатарын утаатай тэмцээд 20 шахам жилийг үдсэн. Энэ хугацаанд улсын төсвөөс 170 орчим, гадаадын зээл, тусламжаас 520, “Цэвэр агаар” сангаас 117 тэрбум гээд нийт нэг их наяд орчим төгрөгийг утаа бууруулах зорилгоор үрэн таран хийсэн гэсэн тооцоо, судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. 2011- 2015 онд гэхэд утаанд 132 тэрбум төгрөг залгиулсныг Үндэсний аудитын газрынхан баримттайгаар илчилсэн. Тэгэхээр сүүлийн 20 шахам жилд зарцуулсан хөрөнгө ийм хэрийн байх нь аргагүй. Энэ онд л гэхэд агаар, орчны бохирдлыг бууруулахад 193 тэрбум төгрөг нэмж тусгасан байдаг.
Ийн 20 шахам жил эрүүл мэнд, эдийн засгаараа хорт утаанд “ховх соруулж” дарлуулсан нийслэлчүүд одоо л нэг юм амьсгаа авахтайгаа боллоо гэж баярлаж байна. Налгар намар шувтарч, хүйтний эрч чангарав уу, үгүй юү, угаарын “хөшгөө” татдаг Улаанбаатар энэ жил өмнөхөөсөө огт өөр өнгөтэй болов. Агаарын чанар ч өмнөх жилүүдийнхээс харьцангуй “эрүүл” байгааг хэмжигч төхөөрөмжүүд нотлох боллоо. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “The weather channel” манай улсыг хамгийн их агаарын бохирдолтой орнуудын жагсаалтаас мултарсныг зарласан. Зарим нь эл мэдээлэлд үл итгэн “Төлбөртэй, захиалгатай мэдээ түгээлээ” хэмээн хардаж, ундууцах болов. Гэвч бодит байдал нүднээ илхэн байна. Улаанбаатарын утаа буурсан нь маргашгүй үнэн.
Агаарын бохирдол ийн буурахад өнгөрсөн жилүүдэд чаргууцалдсан өнөөх шидэт зуух, яндан тус болсонгүй. Харин шийдвэр нь гарсан цагаасаа их эргэлзээ, маргаан дагуулсан Засгийн газрын 62 дугаар тогтоол үүнд гол нөлөөтэй. Эл тогтоолыг хэрэгжүүлж, түүхий нүүрс түлэх, хот руу оруулахыг хориглосноор агаарын бохирдол 50-60 хувь буурах боломжтой гэж байгаль орчны салбарынхан, төсөл хэрэгжүүлэгчид үзсэн. Одоогийн байдлаас үзвэл, яг энэ эрчээрээ тууштай байвал эл зорилт түвэггүй биелэх зураглал харагдана. Нөгөөтээгүүр, утаа харагдах байдлаараа буурсан ч агаар дахь хорт бодисын хэмжээ, тэр дундаа хүхэрлэг хий улам ихэссэн, сайжруулсан түлшнээс болоод хүмүүс улам хордож, зарим нь амиа алдаж байна гэсэн мэдээлэл тархаж иргэдийг хоёр талцуулаад буй.
Харин шинжлэх ухааны салбарын эрдэмтэд үүнийг эрс няцааж “Азотын оксид буюу хүхэрлэг хийг агаарт нийлүүлэгч гол эх үүсвэр нь цахилгаан станц, тээврийн хэрэгсэл” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн “Түүхий нүүрсийг шахмал түлшээр орлуулснаар агаар дахь PM2.5, PM10 зэрэг хамгийн хортой тоосонцрын хэмжээ илт багассан” гэсэн юм. Энэ бол Улаанбаатар утаан хөшгөө аажим аажмаар ярж буйн илрэл. Олны шүүмжлэлийн бай болсон Засгийн газрын 62 дугаар тогтоолын үр дүн.
Оффшор бүсээс 60 гаруй сая ам.доллароо буцааж, гадаадын мафийнхныг илрүүлэв
Улиран одож буй онд гадаадын гэмт бүлэглэл, тусгай албанаас манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа цөөнгүй явуулсан гэхэд болно. Дэлхийн дахиныг түгшээж буй Африкийн хар тамхины мафийнхан манай улсад орогнож, хүүхэд, залуусын дунд их хэмжээний мансууруулах бодис зарж байсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн, Азийз, Дон гэх Нигерийн иргэн, тэдний барааг борлуулдаг Монгол бүсгүйн гэм бурууг шүүх тогтоов.
Улс орны нүд чих болсон тагнуулын байгууллагынхан манайд суурьшсан гадаадын тусгай албаны төлөөлөгч болон тэдний гар хөл болж, нууцад хамаарах мэдээ, баримт дамжуулж байсан гурван хүнийг илрүүлж, шүүх ч тэднийг гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай хамтран ажилласан буруутай гэж дүгнэн ял шийтгээд байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнуудтай хамтарч манай улсад жуулчлах визтэй орж ирсэн өмнөд хөршийн 800 гаруй иргэнийг саатуулж, тэдний өдүүлэхийг завдсан мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлснийг уншигчид санаж буй биз ээ. Харийн гэмт бүлэглэлийнхэн ийнхүү зохион байгуулалттайгаар манай улсад үйл ажиллагаа явуулах боломжийг таслан зогсоосон тагнуул, цагдаагийн алба хаагчид үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүргээ амжилттай хэрэгжүүлсээр байгаагийн илрэл энэ болов.
Тэгвэл Монголыг дэлхийд муухай харагдуулах болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг АТГ-ын шинэ удирдлага шуурхай шалгаж шийдвэрлэх бодлого баримтлан ажиллаж буй. Энэ хүрээнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, нэр бүхий 17 шүүгчид холбогдох хэргээс цөөнгүйд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд байна. Шүүгчдээс ингэж олноороо эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулсан түүх дэлхийд ч цөөн биз ээ. Шүүгчдийн зарим нь хил давж, харь оронд гарчихаад хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан, цагдан хорих байранд цаг бусаар амиа алдсан тохиолдол ч үгүй байх.
Халаагаа өгч буй 2019 онд хууль сахиулах байгууллагынхан, тэр дундаа АТГ, Хар тамхитай тэмцэх газрын гадаад хамтын ажиллагаа өргөжиж, харьд гарсан мансууруулах бодисын наймаачин, оффшор бүсэд мөнгөө нуусан эрх мэдэлтнүүдийн хөрөнгийг буцаан авахад чиглэсэн ажил цөөнгүйг зохион байгуулжээ. Үүний үр дүнд оффшор бүсээс нийтдээ 60 гаруй сая ам.долларын хөрөнгө буцаан аваад байна. Хамгийн сүүлд л гэхэд Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй хэмээн саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд гадаад хамтын ажиллагааны шугамаар олж авсан мэдээллээ нарийвчлан шалгаж баримтжуулан түүнийг хариуцлагад татлаа. Хууль сахиулагчид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэж, илрүүлэн, таслан зогсоосон он улирч байна.
Хөх Монгол “сааралтсан” нь
Монгол Улс “саарал” хэмээх нэрийг нэг хэсэгтээ зүүнэ. Манай улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны “саарал жагсаалт”-д оруулж буйгаа Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) энэ оны аравдугаар сарын 18-нд зарласан. Хоёр жилийн өмнө буюу 2017 онд ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”- д орох эрсдэлтэйг сануулж, өөрийн баталсан 40 зөвлөмжийг хэрэгжүүлэхийг даалгасан юм. Манайхан хоёр жилийн хугацаанд 40 зөвлөмжийн 36-г нь биелүүлээд ФАТФ-ын хуралд очсон. Бодлого чиглэл нь гарч, эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн ч хэрэгжилтийг нь заавал хангах учиртай 11 зөвлөмжийн дөрөвт нь муу дүн авав. Энэ нь “саарал жагсаалт”-д орох гол үндэслэл боллоо.
ФАТФ-аас нэгдүгээрт, банк бус санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт, шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй гэж үзэв. Банк санхүүгийн байгууллагуудад тавих хяналт сул байгаа нь үнэн. Тэгвэл санхүүгийн бус бизнес эрхлэгч гэдэг нэг эзэнтэй компани, ТББ-уудыг хамруулж буй юм. Тэгэхээр манай нэг эзэнтэй компани, ТББ-ын дансаар дамжуулж буй мөнгөнд хяналт тавь гэсэн үүрэг өгсөн хэрэг. Хоёрдугаарт, эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй гэж үзсэн. Манайх авлига, албан тушаалын гэмт хэрэг өндөртэй орны тоонд багтдаг. Гэвч мөнгө угаасан гэсэн зүйл ангиар нэг ч “нөхөр”-ийг яллаагүй нь анхаарал татдаг билээ.
Гуравдугаарт, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн тогтолцоо муу ажиллаж байна гэсэн. Монгол Улс 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу санхүүгийн гэмт хэргийн өршөөлийн хууль баталсан. ФАТФ-аас санхүүгийн гэмт хэргийг байсхийгээд өршөөдгийг буруу жишиг гэж үзэж буй юм. Дөрөвдүгээрт, хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна гэсэн. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчин бүрдүүлсэн ч манайхан хэрэгжүүлэхгүй байгаа. Тэгэхээр хуулиа хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй юм.
ФАТФ мэдэгдэлдээ “Монгол Улс хөнгөн ангилалд байгаа учир эдийн засаг, санхүүгийн ямар нэг хориг арга хэмжээ авахгүй, хөндлөнгийн эрчимтэй хяналт тавихгүй” гэж онцлон тэмдэглэсэн. Гэвч “саарал жагсаалт”-д оруулсан даруйд дотоодын зах зээлд ам.долларын ханш огцом өсөж, 2730 төгрөгт хүрэв. Энэ нь эдийн засагт дарамт болж эхэллээ. Ам.долларын ханш өссөн нь зохиомол эрэлтээс шалтгаалсан юм. Хуулиа хэрэгжүүлдэггүй, “хулгайч” нарын толгойг илэх дуртай хөх Монгол энэ онд ийн “сааралтав”.
Оюутолгойн олз, гарз
УИХ-ын чуулганы энэ оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг баталлаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд баталсан. Үүнээс хойш Монголд ашиггүй гэрээ байгуулсан гэж зарим улстөрч шүүмжилсээр ирснийг бид мэднэ. Улмаар 2015 онд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлав. Энэ нь шүүмжлэлийн галыг улам өрдөж, эсэргүүцэгчдийн эгнээг тэлсэн юм. “Оюутолгой” компанийн үйл ажиллагааг зогсооё гэж ярих улстөрчид ховор. Харин тэд “Манай улсын хүртэх өгөөж бага байна. Хөрөнгө оруулалт нь нэмэгдэх тусам ногдол ашиг авах хугацаа хойшиллоо” гэж шүүмжилдэг. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт төлөвлөснөөсөө хоёр удаа нэмэгдээд буй.
Тус төслийн эхний санхүүжилт төлөвлөснөөсөө хоёр тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь 2012 онд тодорхой болсон. Төслийн хөрөнгө оруулагч “Рио тинто” групптэй Засгийн газар хэлэлцээр хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.2 тэрбум ам.долларын зээлийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас авахаар тохиролцсон юм. “Дубайн гэрээ” гэх тодотголтой гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт байлаа. Гэтэл “Рио тинто” энэ онд хөрөнгө оруулалтыг дахин хоёр тэрбум ам.доллароор нэмэхээс өөр аргагүй болсноо мэдэгдсэн. Ингэснээр “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт хоёр дахь удаагаа нэмэгдэж, одоогийн тооцоогоор манай Засгийн газар 2040 хүртэл ногдол ашиг авахгүй нь тодорхой болов.
Хөрөнгө оруулалт төлөвлөснөөс нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа хойшилж буй нь “Оюутолгой” төслөөс хүртэх Монголын талын олзыг багасган, гарзыг ихэсгэж байна гэж УИХ-ын гишүүд үзжээ. Тиймээс “Монгол Улсын эрх ашгийг хангуулах” гэж томьёолон тогтоолын төсөл баталсан хэрэг. Тогтоолын төслийн дагуу Засгийн газар эх орныхоо эрх ашгийг хангуулах хэлэлцээрийн ширээний ард сууж, “Рио тинто”-гийнхонтой тохиролцоо хийнэ. Эдийн засгийн орчинд энэ онд өрнөсөн нэгэн онцлох үйл явдал энэ байлаа. Засгийн газар тогтоолд тусгасны дагуу төслийн нийт өгөөжийн 53-аас багагүй хувийг эх орондоо үлдээх хэлэлцээр хийх юм. Мөн Дубайн гэрээг засаж сайжруулах, “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцаанаас татгалзаж, роялти буюу өсөн нэмэгдэх татвараар өгөөжөө хүртэж, хөрөнгө оруулалтын эрсдэлийг айлын талд үүрүүлэх үү гэдэг сонголт хийх даалгавартай. Түүнчлэн “Оюутолгой” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг сайтар нягтлах даалгавар Засгийн газарт ногдсон. Зарим эдийн засагч, уул уурхайн салбарын мэргэжилтэн “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцаанаасаа татгалзаад, роялтигоор өгөөжөө хүртэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа билээ.
Олон улсад “од” болсон Д.Одбаяр
Монгол Улсыг дэлхийд айхавтар “сурталчилсан” хүн бол Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр. Оны онцлох хүн ч гэж хэлж болох тэрбээр өнгөрсөн сарын 22-нд уг албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон билээ. Гэхдээ даргын сэнтийгээс буулгасан төдий болохоос биш, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөөгүй нь олон нийтийг бухимдахад хүргэв. Тиймдээ ч өнгөрсөн сарын 14-нд буюу эх орондоо газарддаг өдөр нь фэйсбүүк дэх “Аавуудын групп”-ийн гишүүд Д.Одбаяр руу өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлэхээр уриа, лоозон барин угтсан ч чадаагүй. Түүнээс хэд хоногийн дараа “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдлийн гишүүд Д.Одбаярыг огцруулахыг шаардаж жагссан юм. “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн ч түүнийг Үндсэн хуулийн цэцийн дарга байтугай, гишүүн байх эрхгүй хэмээн 7000 гаруй гарын үсэг цуглуулаад байгаа билээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын хэвлэлээр гарсан мэдээлэл үнэн биш байж болох талтай, ганц мэдээллээр энэ хүнд хариуцлага тооцох боломжгүй хэмээн Д.Одбаярын үйлдлийг хаацайлсан. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ч түүнийг НҮБ-ын Тусгай үүрэгтний конвенцын дагуу дипломат эрх, тусгай ямбатай хүн хэмээн мэдээлсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Д.Одбаярын нөхцөл байдал маш хүнд байна. Буруу зүйл хийсэн байхыг үгүйсгэхгүй, гэхдээ хүнлэг хандахыг хүсье. Түүний зөв ч бай, буруу ч бай Монгол Улс иргэнээ хамгаална” хэмээн өмөөрсөн байдаг. Ийм болоод ч тэр үү Д.Одбаяр албан тушаалтайгаа зууралдан гүрийсээр.
Тэрбээр аравдугаар сарын 31-нд Индонезод болох олон улсын бага хуралд оролцохоор явахдаа “Korean air” компанийн онгоцоор үйлчлүүлсэн байдаг. Улмаар онгоцонд суусан цагаасаа л элдэв аяг гарган, нисэх багийн гишүүний биед хүрч, зүй бус харилцсан гэдгийг нь “Чингис хаан” нисэх буудлын ажилтнуудаас авхуулаад БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх буудлынхан ярьж буй. Тэрбээр бас “Би Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтан” хэмээн цээжээ дэлдэн сагсуурсан гэх. Түүнд төрийн албыг шударгаар гүйцэтгээрэй хэмээн дипломат эрх өгснөөс бус, ууж идэж, увайгүй загна гэж томилоогүйг эрх биш тэр мэдэх учиртай. Д.Одбаяр дээрх үйлдлээсээ болж БНСУ-д саатуулагдсан. Улмаар нь тус улсын хэвлэлүүд энэ тухай мэдээллийг дэлхийгээр нэг цацсан юм. Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан хүсэлт гарган, олон улсад мөрддөг гэрээ, конвенц ярьж байж Д.Одбаярыг аварсан байдаг. Түүнээс тэр эрийнхээ сайнд гадаадын хууль хяналтынхны гараас мултарч, эх нутагтаа ирээгүй юм. Ийнхүү Д.Одбаяр улсдаа гавьяа байгуулж бус, гай тарьснаараа оны онцлох хүн болов.
Илүү өргөжсөн стратегийн түншлэл
Төрийн тэргүүн АНУ-д айлчилж, манай хоёр улс стратегийн түншлэл тогтоосноор гуравдагч хөрш Америк Монголын хувьд ийм түншлэлтэй тав дахь орон болов. Дипломат харилцаа тогтоогоод буй 200 орчим орноос хүрч болох хамгийн дээд түвшний харилцаатай улс ийнхүү тав боллоо гэсэн үг. ОХУ-тай 2006, Японтой 2010, БНХАУ-тай 2011, БНЭУ-тай 2015 онд ийм харилцаанд хүрсэн. Харин мөнхийн хоёр хөрштэйгөө тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг “иж бүрэн” гэх үг тодотгодог.
2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин манайд айлчлах үеэр гаргасан хамтарсан тунхаглалаар үүнийг баталгаажуулсан бол Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн есдүгээр сард манайд ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалаар Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн юм. Үүний мөрөөр энэ сарын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойд хөршид айлчилж, Оросоос Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах тохиролцоонд хүрээд ирлээ. Гадаад бодлогын үзэл баримтлалдаа эн тэргүүнд хоёр хөрштэйгөө харилцаа, хамтын ажиллагааг бүх л салбар, түвшинд хөгжүүлэхээр тусгасан манай улс одоо ОХУ, БНХАУ-ын аль алинтай нь иж бүрэн стратегийн түншлэл ярих боломж бүрдэв.
“Стратегийн түншлэл” гэх энэ ойлголт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг илэрхийлэх олон улсын стандарт, хэмжигдэхүүн болохын хувьд энэ, тэр оронтой л стратегийн түншлэлийн түвшинд холбоо тогтооно гэж дан ганц бид шилж, шийддэггүй. Өрнө, дорнын өндөр хөгжилтэй улс орнуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Монгол төрийн бодлогын залгамж чанарыг өнөөгийн төр, засгийн удирдлага алдуулалгүй явна.
Багийн спортын төрлөөр олимпод оролцохыг хүссэн монголчуудын мөрөөдөл биеллээ
Азийн орнуудаас Монголд багийн спорт хөгжтөлөө өдий. Тэр дундаа сагсан бөмбөгийн спортоор Азийн аварга шалгаруулах, ДАШТ-д өрсөлдөх хүртэл наад зах нь хагас зуун жил хэрэгтэй, олимпод орох талаар мөрөөдөөд ч хэрэггүй гэж гадаадын дасгалжуулагч, спортын сэтгүүлчид дүгнэдэг байсан нь саяхан. Тэгвэл тэдний таамгийг тамирчид маань эвдэв. Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн спортын мэргэжилтнүүд, сонирхогчдын нүдийг орой дээр нь гаргалаа. Үнэн гэж үү хэмээн эргэлзэж суухад нь сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх авсан орнуудыг албан ёсоор зарлахад монголчууд багтсаныг мэдэж, сая л нэг итгэсэн. Чихэнд чимэгтэй таатай мэдээ дэлхийн олон орны спортын хорхойтнуудын сонорт хүрлээ.
Тийм ээ, Монголд багийн спорт хөгжиж байна, тэр дундаа сагсан бөмбөг, хөлбөмбөг, хоккей. Ийм амжилтад Монголын тамирчдыг хүрнэ чинээ төсөөлөөгүй байхад Японыг зорих тийз, олимпод оролцох эрх өвөртөлж амжлаа. Энэ бол 2019 оны Монголын спортод тохиосон онцлох үйл явдлуудын нэг, спорт сонирхогчдод барьсан хамгийн том сюрприз байв. Олимпод өрсөлдөх эрх авч нутаг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэсэн энэ шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтсан. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 3x3 төрөл олон улс орныг хамарч байгааг харгалзан, олимпын спортын шинэ төрөл болгох хүсэлт тавьснаар Олон улсын олимпын хороо хүлээн авч, 2017 онд олимпын төрөл болохыг зөвшөөрсөн юм. Манай 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид бахдам амжилт үзүүлж, Монголын багийн спортын түүхэнд олимпын эрх анх удаа авч, энэ оны “Бөртэ чоно-2019” наадмын багийн спортын төрөлд шилдгээр шалгарч шагнал гардсан билээ. Монголынхоо тамирчдын медалийг буухиалж оролцох, эмэгтэй сагсан бөмбөгчид эрэмбээрээ өдгөө Ази тивд II, дэлхийд гуравдугаарт жагсаж буй. Багийн шинэ спортын төрлөөр олимпод оролцохыг хүсдэг байсан
Хоёр дахь дарга
2004 оны ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ гурван ч даргын нүүр үзсэнийг эс тооцвол манай хууль тогтоох байгууллагын удирдлага харьцангуй тогтвортой, бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажилласан байдаг. Харин 2016 оны сонгуулиар намаа удирдан сонгуульд орж, 65 суудал аван, үнэмлэхүй олонх болгосон М.Энхболд эхлээд намын, дараа нь УИХ-ын даргын суудлаа өгөв. Өгсөн ч гэж дээ, зөвхөн түүнд зориулан хууль батлан байж булаан авсан юм.
Өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын хэд хэдэн гишүүн Төв талбайд түмэн олныг жагсаал, цуглаанд уриалж байв. Төрийн ордны дотор, бас гадна өрнүүлсэн тэдний тэмцэл үр дүнд хүрч, эхлээд УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь буулгасан нь тэр. Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар УИХ-ын дарга болж, гишүүдийн жагсаалыг оройлон ажилласан Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын “гал тогоо”-г хариуцах болов. Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Салхит тэргүүтэй орд газар, уурхайд хийсэн “гүйцэтгэх ажиллагаа” олон шүүгчийг хөлдөө чирэв. Шүүгчээр тогтохгүй хууль, хүчний байгууллагынхныг хөдөлгөсөн юм. Түүний тэргүүлсэн УИХ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, ҮАБЗ-ийн гурван гишүүний санал, чиглэлд үндэслэж, АТГ, прокурор зэрэг хууль, хяналтын байгууллагын удирдлагыг огцруулах эрх зүйн орчин бий болгосон билээ. Хожим эл зохицуулалтыг хэн, хэрхэн яаж хэрэглэж, хэнийг хэрэгт унагах бол гэсэн айдас байгаа нь нууц биш.
“Хү” монголчуудын оюуны чадамжийг дэлхийд тунхаглаж явна
Монгол үндэснийхээ хөгжмийн зэмсэг морин хуур, лимбэ, товшуур, цуур, төмөр хуур, хүн-хөгжим болох хөөмийг хүн төрөлхтний хөгжлийн дүнд бий болсон хөнгөн хөгжмүүдтэй хамсруулан дуу, дуурьсал нь оргилдоо тулан гацчихаад байсан урсгалд доргилт үүсгэн, шинэ төрлийн рок хамтлаг дэлхийд гаргаж чадсан продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондогийг оны хүнээр нэрлэж, түүний байгуулсан, дэлхийг байлдан дагуулж эхлээд буй “Хү” хамтлагийн давхар давхар ялалтыг дахин давтагдашгүй хэмээн онцлууштай.
Монгол хөгжимчид нэг сарын хугацаанд 23 оронд аялан тоглоход таван тивийн өнгө өнгийн арьст рок сонирхогчид тэднийг даган толгойгоо хаялж, дуу, хөгжимд нь уусан жаргах юм гэж хэн маань саналаа. Цомог нь “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлж, клипүүд нь цэнхэр гаргийн сая сая сонсогчийн өдөр бүрийн хэрэгцээ, сэтгэлийн хөг болж, аялан тоглолт ар араасаа хөвөрч буй “Хү”-гийн залуус саяхан Америкаас ирсэн. Удахгүй Европын орнуудад шуугиулна. Дараа нь Япон, Австралийг зорих юм.
Монгол үндэстний оюуны чадамжийг дэлхийд тунхаглаж яваа шинэ үеийн баатруудын уран бүтээл, аяны зам нь дардан байхын ерөөл өргөе.
Эсэргүүцэл, үймээн самуунаар дүүрэн жил
Улирч буй онд олон улсын байдал түгшүүртэй байлаа. Дээд хэмжээний олон уулзалт, хямрал, эсэргүүцлийн жагсаалын тухай мэдээлэл давамгайлснаас дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдлаас онцлон бэлтгэлээ. Тэдгээрийн зарим нь ирэх жил ч үргэлжлэх магадлалтай.
ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА БАЙГАЛИЙН ГАМШИГ ДАГУУЛСААР БАЙНА
Манай гарагт уур амьсгалын онц байдал нүүрлэснийг дэлхийн 11 мянган эрдэмтэн “Bio science” сэтгүүлээр дамжуулан анхаарууллаа. Хүлэмжийн хий нэг саяд 407.8 нэгж буюу дээд хэмжээнд хүрсэн нь агаарын бохирдол багасаагүйг илтгэж байна гэж Дэлхийн цаг уур судлалын байгууллагаас мэдээлжээ. Үүний уршгаар Гренландад долдугаар сард 197 гигатонн, наймдугаар сард дөрвөн тэрбум тонн мөс хайлав. Өнгөрсөн долдугаар сар түүхэнд хамгийн халуунаар бүртгэгдлээ. Далайн хар салхины улмаас Мозамбикийн хоолойн дөрвөн улсад 1073, Бахамын арлуудад 52 хүн амиа алдаж, 1300 хүн сураггүй болсон бол Японд долоон сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн зэрэг байгалийн цөөнгүй гамшиг нүүрлэв. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж биологийн нэг сая гаруй төрөл зүйл устахын ирмэгт тулжээ. Өмнөд Америкийн Амазон, Оросын Сибирийн ойд их хэмжээний түймэр дэгдсэн. Уур амьсгалын төлөө тэмцлийн дуу хоолой болсон швед охин Грета Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж, “Time” сэтгүүлийн оны хүнээр шалгарав.
ТЕРРОРИЗМЫН АЮУЛ НАМЖСАНГҮЙ
Филиппин, Жамму-Кашмир, Шинэ Зеланд, Шри-Ланка (хамгийн олон буюу 259 хүн амь эрсэдсэн), Египет, Кени, Колумби, Иран, Сомали, Малид тэсрэх бөмбөг дэлбэлсэн бол Саудын Арабад дрон ашиглан халджээ. Мөн Парис, Лондон зэрэг газарт хутгатай этгээд бусдад халдсан хэрэг гарлаа. Харин Америкийн цэргийнхэн тусгай ажиллагаа явуулж, “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийг устгав. Курдийн босогчидтой тэмцэхээр Турк улс Сирийн зүүн хойд нутагт цэргийн ажиллагаа явуулж, “Исламын улс” бүлэглэлийн гадаад гишүүдийг харьяа улс руу нь албадан гаргаж эхэлсэн билээ.
ЗЭВСЭГЛЭЛЭЭР ХӨӨЦӨЛДӨЖ ЭХЛЭВ
Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс АНУ гарч, үүнтэй адил алхмыг ОХУ хийв. Зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох ёстой эл гэрээгээр 500-5500 км-т тусгалтай, газарт байрлалтай, залуурт болон баллистик пуужин, тэдгээрийг харвах төхөөрөмж үйлдвэрлэх, турших, байрлуулахыг хориглодог юм. Гэвч уг баримт бичгээр хориглосон залуурт болон газарт байрлалтай дунд тусгалын баллистик пуужинг АНУ туршлаа. Өдгөө дэлхийд албан ёсны бүртгэлтэй, цөмийн 13 865 цэнэгт хошуу байгаагийн 90 хувь нь тус хоёр улсад бий. Үлдсэн нь долоон улсад байдаг.
ОНГОЦНЫ ОСОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ЗОГСОХОД ХҮРГЭЛЭЭ
Дэлхийд үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, Америкийн “Боинг” корпорацын “737 MAX” онгоц Этиопт осолдож, 157 хүн, тэдний дотор нисэх багийн найман гишүүн амь үрэгдсэн. Энэ нь уг загварын агаарын хөлгийн хагас жилийн доторх хоёр дахь осол болсон бөгөөд үүний дараа ийм онгоцноос дэлхий даяар татгалзаж, улмаар ирэх оноос үйлдвэрлэлээ зогсоохоор “Боинг” шийдвэрлэж, корпорацын даргаа ч солив.
ТЭМЦЛИЙН ЖИЛ БОЛОВ
Венесуэлийн хямралаар энэ жилийн тэмцлийн салхи хагарч, Алжир, Судан, Хайти, Гвиней, Ливанд болсон олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалын улмаас төр, засгийн тэргүүн нар нь огцорсон бол Чили, Боливи, Колумби, Иран, Франц, Орос, Гүрж, Украин, Британи, Малайз, Ирак, Ирланд, Испани, Канад зэрэг улсад Засгийн газрын бодлого, гэр бүлийн хүчирхийлэл, уур амьсгалын хямрал, нийгмийн тэгш бус байдалд дургүйцсэн иргэд жагсаж, цуглажээ. Тэдгээрээс хамгийн удаан буюу зургаан сар гаруй хугацаагаар үргэлжилсэн Хонконгийн жагсаал олны анхаарлыг татав. Эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэж эхэлсэн оюутан, залуус голдуу оролцсон жагсаал засаг захиргааны тэргүүнээ огцрохыг шаардсан ажиллагаа болж өргөжсөн. Энэ үеэр жагсагчид, цагдаагийнхны хооронд харилцан хүч хэрэглэсэн мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдал үүсэж, танхайн болон хүн амины хэрэг, галт зэвсэг хэрэглэсэн тохиолдол ч гарсан. Мөн Хонконгийн хүний эрх болон ардчиллын тухай хуулийг АНУ-д баталж, тус улс Хятадын засаг захиргааны эл бүс нутагт байнгын хяналт тогтоов.
ХУДАЛДААНЫ ДАЙН ҮРГЭЛЖИЛЛЭЭ
АНУ, Хятад хоорондын худалдааны дайн хориг арга хэмжээний улмаас хэмнэлээ алдсан дэлхийн эдийн засагт нэрмээс болов. Эрчимтэй хөгжлөөрөө тэргүүлэгч Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан нь түүхий эд экспортолдог, хөгжиж буй орнуудад хүнд цохилт өгчээ. Манай гаргийн худалдааны 20 хувийг эзэлдэг эл хоёр улс харилцан бараа, бүтээгдэхүүний татвараа нэмэх замаар хийж буй тэмцэлд эерэг өөрчлөлт гарсан ч эцэслэн шийдэж чадсангүй.
СОЛОНГОСЫН ХОЙГИЙН БАЙДАЛ ДАХИН ТҮГШҮҮР ТӨРҮҮЛЭВ
Солонгосын хойгийг цөмийн зэвсэгүй болгоход чиглэсэн хэлэлцээ дахин мухардлаа. БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун ОХУ-д айлчилж, дээд хэмжээний уулзалтаа үргэлжлүүлэн, Д.Трамп Солонгос хоорондын цэрэггүй бүсийг давсан АНУ-ын Ерөнхийлөгч, Си Зиньпин сүүлийн 14 жилийн хугацаанд Умард Солонгост айлчилсан Хятадын анхны дарга болсон ч тус бүс нутагт нааштай өөрчлөлт гарсангүй. Удахгүй болох БНАСАУ Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар тус улс АНУ-ын талаар шинэ, хатуу бодлого батлахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээс татгалзахыг гол заалтаа болгох гэж буйг ажиглагчид тэмдэглэжээ. Шинэ бодлого нь АНУ-д зориулсан Зул сарын бэлэг болох бөгөөд ямар бэлэг авах нь АНУ-аас шалтгаалахыг БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн билээ.
НАРҮХИТО ХААН СЭНТИЙДЭЭ ЗАЛАРЧЭЭ
Акихито сэнтийнээсээ татгалзсан Японы сүүлийн 200 орчим жил дэх анхны эзэн хаан болж, халаагаа хүү Нарүхитод
шилжүүлэв. Тийнхүү Хэйсэй эрин дуусаж, Рейва эрэн нь эхэллээ.
Д.ТРАМПЫГ ИТГЭЛ ҮЛ ХҮЛЭЭСЭН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭЛЭЭ
Дональд Трамп Конгрессын төлөөлөгчдийн танхим нь итгэл үзүүлэхээс татгалзсан, АНУ-ын түүхэн дэх гурав дахь Ерөнхийлөгч боллоо. Тэрбээр 2020 оны сонгуулиар Вашингтоны засаг захиргааны тэргүүнээр улиран сонгогдохын тулд өнгөрсөн долдугаар сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, дарамталсан гэсэн таамаг нь түүнийг мөрдөн шалгаж, улмаар итгэл үзүүлэх, эсэх талаар санал хураахад хүргэжээ. АНУ-ын түүхэнд тус улсын Төрийн тэргүүнд итгэл үл үзүүлэх журмыг ердөө гурван удаа ашигласан гэдэг. Ерөнхийлөгч байсан Эндрю Жонсон, Билл Клинтон, Ричард Никсон нар ийм шүүлтүүрт орсноос Э.Жонсон, Б.Клинтон нар Конгрессын дээд танхимд цагаатгагдаж, харин Р.Никсон хэлэлцүүлгээс өмнө огцрох хүсэлтээ гаргажээ.
БРИТАНИ ЕВРОПЫН ХОЛБООНООС ГАРАХ БОЛЖЭЭ
Британи Европын Холбооноос гарах нь тодорхой болов. Ерөнхий сайд Борис Жонсон парламентын ээлжит бус сонгууль явуулж, Төлөөлөгчдийн танхимд үнэмлэхүй олонхын суудал эзэлжээ. Ингэснээр тэрбээр улс орноо ирэх сарын 31-нээс
Европын Холбооноос гаргах саналаа парламентаараа дэмжүүлж чадсан байна