“Говь” ХК шинэ жилийн баяр тэмдэглэхгүй. Багтаамж сайтай “Улаанбаатар палас”-д бүх ажиллагсдаа урьж, жилийн ажлаа дүгнэн, сайчуудаа шагнаж, баяр хүргээд л тарах гэнэ. Тэр олон хүнийг идүүлж, уулгаснаас үйлс бүтээлээрээ тэргүүлэгчдэд урам өгнө гэжээ. Зөв жишиг санагдав. Одоо л жишиг гэж жишээ авч байгаа болохоос өмнө байсан, хуучраагүй туршлага юм.
Шинэ жилийн баяр нь гэр бүлийн, үндсэндээ хүүхдүүдээ хөгжөөдөг, нэгэн оныг амжилтаар үдэж, шинэ жилийг баяр хөөртэй угтахын утгыг ойлгуулдаг, бэлгэдэл төдий, хөнгөхөн тэмдэглэдэг, жаалууддаа бэлэг өгч, томчууд нь их л бол оргилуун дарс ганцыг задалж, тулгадаг баяр билээ. Улс орон бүр тэмдэглэдэг ч үгүй. Христийн шашинтнууд он солигдохоос ердөө зургаа хоногийн өмнө Зул сарын баярыг элгэн садан, найз нөхдөөрөө цуглаж тэмдэглэн, баярладаг болохоор арванхоёрдугаар сарын 31-нийг жирийн нэгэн өдөр мэт өнгөрүүлдэг.
Монголчууд оросуудын нөлөөгөөр 1940-1950-иад оноос энэ баярыг тэмдэглэдэг болсон. Гэртээ сүлд мод засаж, хүүхдүүдийнхээ хийсэн тоглоомуудыг чимэглэлд нь нэмэрлэж өлгөдөг, тэднийг дуулуулж, бүжиглүүлдэг байлаа. Онц сурсан хүүхдүүдэд эцэг, эхийнх нь ажлын газраас бэлэг илгээх, эсвэл аав, ээжийн ажлын газраас ажиллагсдын хүүхдүүдэд зориулж зохион байгуулсан шинэ жилийн баярт очиж өвлийн өвгөнөөс бэлэг авч баярладаг, тэр урмаараа дараа жилийг “өнтэй” давдаг, тийм эрч хүч, эерэг энерги нэмдэг баяр байв. Гэтэл одоо хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахан хэчнээн ч газрын хаалга татаж, идэж, уун, архидан согтуурч байна даа.
Гэр бүлийн энэ баярыг архи, дарс, амттан, бэлэг дурсгалын зүйл худалддаг бизнесийнхний зар, сурталчилгаанд тархиа мэдүүлэн даяараа тэмдэглэдэг болсон нь мөн л хэдхэн жилийн өмнөөс эхтэй. Цаг хугацааг ухраан бодож үзэх аваас 1995, 1996 оны үеэс байгууллагууд шинэ жилийн баяр гэж тэмдэглэж эхэлжээ. 2000 оноос дуу дуугаа авалцан, нэг нь нөгөөгөөсөө илүү гарахаар өрсөлдөж эхэлсэн бол өдгөө учир замбараагаа алдаад байна. Хаа сайгүй харилцагчдын бэлэг хүргэж яваа гэх, хүйтэнд хацраа хайруулах шахсан охид, залуус албан газрын жижүүрийн хажууд нусаа татан зогсоно. Энд тэнд уутанд элдэв нэрийн цэлийсэн архи, эсвэл оргилуун дарс, мэндчилгээ, ном, эсвэл танилцуулга, за тэгээд өөр ямар нэгэн дагалдах дурсгалын зүйл хийсэн бэлэг арав, хориор нь эгнүүлж тавиад манаж зогсоо залуустай таарч байгаа биз дээ. Харилцагчдад бэлэг өгдөг юм байж. Тэр нь заавал яагаад архи байх ёстой гэж. Архи тийм нандин бэлэг үү. Нийтээрээ архидаж ханаагүй юу. Архи үйлдвэрлэгчдийг 30-аад жил эрүүл мэнд, амиараа тэтгэлээ, хангалттай санагдахгүй байна уу гэж асуумаар санагдлаа. Харилцагчдадаа мэндчилгээ өгөх гээд байгаа юм бол цахимаар илгээвэл соёлтой бус уу. Заавал биет, бодитоор, гар дээр нь тавих нь санаанд нийцэх юм бол уламжлалт маягаар, мартсаныг сэргээж, шуудангаар ил захидал болгон илгээж байвал орчин үеийн хэллэгээр тренд болж мэднэ. Ил захидал, мэндчилгээ нь манай улсын зураач, урчуудын бүтээл байх аваас тэдэнд дэмжлэг болно. Шуудангийн үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниудад ч ашигтай шүү дээ. Харин одоо бол баярын үеийн худалдаагаар үндэсний үйлдвэрлэгчдээс архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн халаасыг зузаалсаар. Бусад амттан тэргүүтэй бүтээгдэхүүний борлуулалтын ашиг ихэвчлэн гадаад руу гардаг.
Сайн жишээ, туршлагаас суралцах гэвээс холоос хайх хэрэггүй юм. Гадаад орнуудад ажлын бус орчинд чөлөөтэй ярилцан, сэтгэлээ нээн, илэн далангүй ярилцах зорилгоор баг, хамт олны уулзалт, үдэшлэг зохион байгуулдаг. Тэр жишиг манай оронд ч бий. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагуудын дарга, удирдлагуудынх нь санаачилж явуулдаг ийм төрлийн арга хэмжээний үеэр цугласан хүмүүс юу идэж, уудаг вэ. Хоол хийж хөл болохгүй. Самар тэргүүтэй төрөл бүрийн үр жимс голдуу тавагласан байх бөгөөд хүн бүрт хоёр шил шар айраг, бүсгүйчүүд хүсвэл бэлэн байг гэж, ганц нэг шил дарс бэлдсэн байх жишээтэй. Ингээд л болох нь тэр. Уулзалт, үдэшлэгийн гол зорилго ажлын бус орчинд чөлөөтэй, илэн далангүй ярилцаж, дотно харилцаа үүсгэн, ажлын үеэр ярьж амждаггүйгээ гүйцээх зэрэг бөгөөд архидан согтуурах зорилго үгүй болохоор нэг хүнд хоёроос илүү шар айраг хэрэггүй. Бага зэрэг халамцаж, сэтгэл тэнийсэн хүмүүс бүжиглэж, дуулж болно. Шинэ жилийн баярын үеэр ч яг л ийм цомхон баяр зохион байгуулдаг.
Хаана, хаанаа, хэн хэндээ амар. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагуудад ажилладаг хэн нь ч “Тийм ээ, яг ийм байдаг” л гэж хэлнэ. Тэгэхээр албан байгууллагууд энэ жишгийг яагаад нэвтрүүлж болохгүй гэж. Хурим, найрт очиж байгаа мэтээр олуулаа ширээ тойрч суун, их хэмжээний хоол идэж, мөн төдий хэрийн архи уухын төлөө бүсгүйчүүд хэдэн зуун мянган төгрөг зарж гоёхын хэрэг байх уу. Хөнгөн хувцаслаж, дэрвийтэл будсан бол хоол идэж, гэдсээ илж суух биш, эсрэгээрээ бүжгийн талбайд эргэж, хөлсөө гартал, стрессээ тайлагдтал дэрвэвэл яасан юм бэ.
Байгууллагуудад оны ажлаа дүгнэж, сайчуудаа урамшуулах шаардлага бий. Энэ арга хэмжээг ердийн үед цуглаж, сүүлийн үеийн гарын доорх хоол болсон пицца захиалж, ажлаас түр амсхийдэг шигээ, байгууллага дээрээ зохион байгуулан, шагнуулсан хүмүүстээ баяр хүргэж, амжилт хүсэж болох санагдана. Лаа, луувантай холбоотой, хэн, хэзээ зохиосон нь мэдэгдэхгүй нэгэн бүдүүлэг хэлцтэй болсон. Шинэ жилийн баярыг яаж тэмдэглэхээ хүнээр заалгахдаа тулаа юу, бүү явцуур гэж зүхэх хүн гарна. Гэхдээ он солигдох мөч хүртэл нэг хүн хэдэн байгууллагын баярт очих гэж замын бөглөөнд түгжрэн зогсож байгаагаа бодоод үзье. Очихгүй бол урьсан хүн нь тоосонгүй гэж гомдох гэнэ. Гэтэл хаана ч очсон ууж, идэж хавтгайрсан, хөлчүүрхсэн хүмүүс, нэгэн хэвийн орчин угтана.
Канад улсад олон жил амьдарч буй найзаасаа тус улсад шинэ жилийн баярыг яаж тэмдэглэдэг тухай асуухад “Яадаг ч үгүй. Ер нь энд баяр бараг байдаггүй. Хүмүүс ажлаа хийдэг, дараа нь амардаг. Баяр тэмдэглэх нэрээр ууж, идэх гэдэг чинь аз жаргал юм уу, ядаргаа, зүдэргээ юм уу” гэж өөдөөс асуултаар хариулав. Хөгжингүй орны иргэн болох шахталаа олон жил амьдарсан монгол хүн лав өнөөгийн Монголын баяраас баярын хооронд байдгаа үрдэг хэв маягийг ойлгох шинж огт алга.
Монгол Улсад ядуурал 31 хувьтай. Үндсэндээ гурван хүн тутмын нэг нь ядуу. Насанд хүрсэн иргэн бүр шахам их, бага хэмжээний өртэй. Цалин бага. Ажил, орлого хомс. Ийм нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж буй хэрнээ баярлаж, архидаж ханадаггүй энэ байдлыг дэвшил гэхгүй нь лавтай. Харин ч шууд хэлэхэд сэтгэлгээний ядуурал гэлтэй. Баяр тэмдэглэх, үгүйгээ бусдаар заалгахдаа тулаагүй гэж эсэргүүцэх хүмүүсээс асууя. Шинэ жил, Цагаан сар, эмэгтэйчүүдийн, цэргийн, эх үрсийн баяр, наадам, найр, хурим, дахиад шинэ жил энэ бүхнийг алгасахгүй тэмдэглэснээр гэр бүл, хувь хүнд ямар нэгэн ашиг ирдэг үү. Бизнесийн байгууллагуудад бол орлого оруулдаг л байх.
Монгол гэдэг үндэстний хувьд Цагаан сар, наадмаа бол алгасахгүй, харин ч эртнээс бэлдэж, тав тухтай, учир утгатай баярлаж, үр хүүхэд, удам судартаа уламжлуулан ухааруулах нь зүйн хэрэг билээ. Түүнээс биш харь “угшил”-тай ажлын садаа болсон бусад баяраас татгалзаж, хөгжингүй орнуудын иргэдийн туршлагаар ажлаа сайн хийж, дараа нь сайтар амарвал эрүүл, аз жаргалтай амьдрал тэр бус уу. Энд гагцхүү байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхээ боливол яасан юм бэ гэсэн санаа хэллээ. Төрийн ч бай, төрийн бус ч бай байгууллагууд шинэ жилийн баяр гэж тэмдэглэдгээ больчихвол албан газруудын, иргэдийн, замын ч ачаалал хөнгөрөөд ирнэ дээ гэх гэснийх.
Түүнээс биш гэр бүл, найз нөхдийн хүрээнд тултал гангалаад, ханатал баярлах “эрхэд” нь халдахыг хүссэнгүй. Улс, нийслэл, соёлын байгууллагууд олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд шинэ жилийн баярыг өвөрмөц, шинэ санаа сэдлээр зохион байгуулж, түүнд нь иргэд оролцож, хүүхдүүдийнхэд нь охид, хөвгүүдээ оролцуулалгүй л яах вэ.
Хэдхэн хоногийн өмнө таксинд суутал жолооч нь “За, танай байгууллагын шинэ жилийн баяр болов уу, хэр “шатав” даа” гэлээ. “Яагаад “шатах” ёстой юм” гэхэд “Өдөржин хүүхнүүд хэдэн зуун мянгыг үрж байгаа тухай яриа сонсож явна даа. Даашинз, туфли худалдаж авах, үсээ янзлуулж, хумсаа будуулах гээд явж өгдөг юм биш үү” гэхээр нь “Би унаанд таван мянгыг л зарцуулсан. Жин хасаад, таван жилийн өмнө захиалгаар оёулж ганц удаа гангараад өлгөчихсөн даашинзаа өмссөн. Үсээ охиноороо ороолгоод, нүүрээ өөрөө будаад, хөлд эвтэй хагас өсгийтөө углаад очсон. Ямар ч мөнгө зараагүй” гэхэд жолооч инээж байснаа болиод, сүүлдээ гайхсан янзтай нүд нь “гурвалжин”, “дөрвөлжин” болов. Тэгснээ “Ямар нь тэгээд байдгаа бардаг юм” хэмээгээд чимээгүй замаа ширтсэн. Ярианд минь итгэсэн шинж түүний харцанд ер алга. Тэр залуу лав шинэ жилийн баярыг өөрөөр төсөөлөхөө байж. Ийм хүн Монголоор дүүрэн.
Баяр болгоноор байдгаа бардаг байдал, хэв загвар, монголчуудын сонголт биш байгаасай.