“Автобусны карт цэнэглэх цэгүүд ажиллахгүй байна” гэх гомдол тасардаггүй. “Улаанбаатар смарт карт” компанийнхан эл асуудлыг шийдвэрлэж, автобусны картаа POS машин (банкны карт уншигч төхөөрөмж)-аар цэнэглүүлэх боломж бүрдүүлжээ. Тодруулбал, POS машин ашигладаг үйлчилгээ эрхлэгч, нэрийн барааны дэлгүүр эзэмшигч “U-money” карт цэнэглэх эрхтэй болсон аж. Иргэд урьд нь зөвхөн автобусны буудлуудад байрлах гэрээт цэгүүдэд л очдог байсан бол одоо хүнсний дэлгүүрт ч картаа цэнэглүүлэх боломжтой гэсэн үг.
Нийслэлийн хэмжээнд “U-money” карт цэнэглэх, борлуулах 500 гаруй гэрээт цэг одоогоор бий. Тэгвэл POS машинаар цэнэглэх үйлчилгээ нэвтрүүлснээр дээрх тоо 700 гаруй болж нэмэгдэх нь. Цаашлаад ирэх онд 2000-д хүргэхээр аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн “Улаанбаатар смарт карт” компанийнхан 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдэд картын үлдэгдэл мөнгийг буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Иргэдийн хүсэлтийг тус компанийн Хэрэглэгчийн төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо” дахь салбаруудад хүлээн авах юм байна. Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд картын үлдэгдэл мөнгийг бэлнээр олгох аж.
Бэлтгэсэн: М.Оч