Шинэ он гарахад долоо хоног үлджээ. Шинэ жилийн гацуур ямар үнэтэйг сурвалжиллаа. “E-mart” худалдааны төвийн Сансар дахь салбар хоёрдугаар давхартаа шинэ жилийн бэлэг, сүлд мод, чимэглэлийн тасаг нээжээ. Гацуур нь 150-300 см өндөр бөгөөд төрөл бүрийн сонголттой аж. Худалдагч нь “Манайх гацууруудаа БНХАУ-ын Гуанжу хот дахь үйлдвэрээс захиалж авчруулдаг” гэлээ. Энд 150 см өндөртэй гацуур 130 000, 180 бол 245 000, 280-тай нь 310 000 төгрөгийн үнэтэй байв. Хамгийн өндрийг нь 400 000 төгрөгөөр үнэлжээ. Үнийн дүнд нь тохирсон чимэглэл үнэгүй бэлэглэх гэнэ. Мөн “Нарантуул” худалдааны төвийг зорилоо. “Баялаг ундраа”-гийн үүдний талбай ногоон гацуураар дүүрч, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гацуурын үнэ, хаанаас оруулж ирснийг лавлахад худалдаачид нь “Үнэ нь 20 000-300 000 төгрөг. Урд хөршөөс авчирсан” гэж хариулав. 40 см өндөр гацуур 20 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд цасан ширхэгтэй, цул ногоон өнгөтэй, өргөн, өндрөөс хамаарч үнэ нь янз бүр юм байна. Мөн зарим худалдаачин чимэглэл дагалдах, эсэхээс өртөг нь шалтгаална гэв. Харин гацуурын үйлдвэр, материалын чанарын талаар мэдээлэл өгөх хүн байсангүй.
Шинэ жилийн үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд зохион байгуулж буй сургаар очиход хоёр хэсэгт цөөн тооны гацуур худалдаж байв. “Well mart” сүлжээ дэлгүүрийн худалдагч “Манайх БНХАУ-ын Гуанжу хотын гацуур модны үйлдвэрт есдүгээр сард захиалгаа өгч, арваннэгдүгээр сарын сүүлчээр бараагаа авдаг. Канад болон орос хэв загварын гацуур сонгодог. Үнэр ялгаруулдаггүй гэдгээрээ давуу талтай. Өдөрт 2-5 гацуур борлуулж байна” гэлээ. Үзэсгэлэн худалдааны үеэр гацуур борлуулж байсан нөгөө хэсгийн худалдагчид “Манай гацуур БНХАУ-ын “Санта” үйлдвэрийнх, шатдаггүй, эко буюу эрүүл мэндэд хоргүй” гэж онцолсон. 180-210 см өндөртэй гацуурыг 250 000- 450 000 төгрөгөөр худалдаж байна. Түүнчлэн энд дотоодын болон импортын төрөл бүрийн бараа, сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийг худалдаж, олны хөлд дарагджээ.
Улсын их дэлгүүрийн хоёрдугаар давхрын “Номин” сүлжээ дэлгүүрт чимэглэлтэй, чимэглэлгүй гацуураас гадна шинэ жилийн бэлэг, элдэв дүрст тоглоом зардаг аж. Худалдагч нь “PE гэх сайн чанарын материалаар хийсэн гацуурууд” гэж танилцуулав. Энд 130 см өндөр гацуур 180 000, 160 бол 200 000, 210 нь 450 000 төгрөгийн үнэтэй. Мөн 210 см өндөр, 500 ширхэг гэрэлтэй гацуурыг 600 000 төгрөгөөр зарах аж. Иргэн Ц.Буянбадрах “Ач хүүдээ гацуур авч өгөх гэсэн ч үнэтэй юм. Сайн чанарын, эдэлгээ даадаг гэнэ. Олон жилийн эдэлгээ даахаар гацуур авах минь” гэж тээнэгэлзэнэ.
“Алтай центр” худалдааны төвийн тавдугаар давхарт байрлах “Panda shop”-ыг зорилоо. Тус дэлгүүрийн худалдагч “БНХАУ-ын Гуанжу дахь үйлдвэрт захиалгаар хийлгэдэг. Энэ үйлдвэр АНУ-ын “Oscar” брэндийн 16 төрлийн гацуурыг захиалгын дагуу үйлдвэрлэдэг юм билээ. Манайд эдгээрээс таван төрлийг нь худалддаг. Дахин боловсруулаагүй түүхий эдээр хийсэн учир үнэр ялгаруулдаггүй, харшил үүсгэх зэрэг сөрөг нөлөөгүй. 210 см өндөртэй гацуурууд материал, өргөн, мөчрийн тоо зэргээс хамаарч, 230 000-520 000 төгрөгийн үнэтэй” гэв.
Манайд худалдаж буй гацуурын ихэнхийг БНХАУ-аас оруулж ирдэг байна. Тодруулбал, тус улсын Гуанжу, Шинжинь зэрэг хотод гацуурын үйлдвэр байдаг бөгөөд дэлхийн бусад оронд нийлүүлдэг аж. Аль улс руу нийлүүлдгээс хамаарч, стандартад нь нийцүүлдэг гэнэ. Үүнээс гадна гацуурыг материалаар нь PE, PP, PVC гэх гурван төрөлд хуваадаг байна. PE нь тоос, хог татахгүй, мөчир нь салж унахгүй, үнэр гарахгүй, хадгалалт даах чадвартай материал. PVC нь үнийн хувьд хямд, 2-3 жилийн эдэлгээ даадаг, хадгалах явцад дарагдан, хэлбэрээ алддаг хуванцар материал аж. Харин PP нь дээрх хоёрын холимог материалаар хийсэн гацуурыг хэлдэг гэнэ. Түүнчлэн “цастай” сүлд модноос сүүлийн үед татгалзаж буйг зарим худалдагч хэллээ. Учир нь хатуу бодисоор бүрж, эсвэл будаж цасан ширхэг үүсгэдэг тул ховхорч хог болох, будаг үнэртэх, хүүхэд амандаа хийж, хордох эрсдэлтэй гэнэ.