Нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар хамтран жил бүр “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг зохион байгуулдаг. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах зорилгоор эл наадмыг ирэх оны хоёрдугаар сарын 8-9-нд “Скай ресорт” цогцолборт хийхээр товлосноо нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Энэ үеэр үндэсний болон орчин үеийн 10 гаруй төрлийн уралдааныг зохион байгуулах аж. Тодруулбал, сонирхогчдын дунд үндэсний мөсөн сур, шагай, хананд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн, тамирчдын дунд уулын шүхэр, цана, цасны регби, сноубордын уралдаан явуулах гэнэ. Эл тэмцээнд дотоодын 900 гаруй, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Казахстанаас 50 орчим тамирчин оролцохоор бүртгүүлснийг албаныхан хэллээ.
Анх 2014 онд нийслэлийн иргэд, жуулчдад зориулж тус наадмыг зохион байгуулсан. Үүнээс хойш жил бүр уламжлал болгон явуулдаг болсон билээ. Өнгөрсөн өвөл эл наадмыг үзэж сонирхохоор гадаад, дотоодын 10 000 гаруй хүн ирсэн байна.
Бэлтгэсэн: Э.Азжаргал