Баруун дөрвөн замаас Нарны гүүр хүртэлх замын хөдөлгөөн 2019.12.17 19.15 цагт
Улаанбаатарын замын түгжрэл жилээс жилд нэмэгдсээр. Урьд нь гэрээсээ гараад, нэг цагийн дотор ажилдаа ирчихдэг байв. Харин өнгөрсөн намар хичээлийн шинэ жил эхэлснээс хойш өглөө хоёр, орой мөн тийм хугацааг зам дээр түгжирч өнгөрөөх нь бараг хэвийн үзэгдэл болов. Урьд нь намар хэсэг хугацаанд л зам түгжрээд, аравдугаар сараас хэвийн болчихдог байсан. Гэтэл өдгөө сурагч, оюутнуудын амралт эхлэхгүй л бол хөдөлгөөний эрчим нэмэгдэхээ больжээ. Мэдээж баяр ёслол, чухал арга хэмжээтэй үеүдэд, мөн зам засаж байвал гарцгүй болтлоо түгжирч, 10 минут алхаж хүрэх газрыг машинаар нэг цаг туулах нь энүүхэнд. Нийслэлчүүд амьдралын хамгийн идэвхтэй үе өглөө, гэртээ хариад амарч, гэр бүлдээ зориулах хугацаагаа зам дээр гацаж өнгөрөөх болсон нь гаслантай.
Хотын удирдлага эл асуудлыг шийдэх талаар сүүлийн 2-3 жил эрчимтэй ярьсан. Одоо ч хөндсөөр байна. Гэсэн ч өдий хүртэл олигтой шийдэл ер ололгүй, “түгжирчээ”. Уг нь хамгийн их ачаалалтай хотын зүүн хэсгийн замын түгжрэлийг арилгахаар “Замын цагдаагийн” гэх давхар гүүр барьсан. Тэндхийн иргэдийн хөлийг бараг жилийн турш “хорьсон” эл ажил түгжрэлийг бууруулахад төдийлөн хувь нэмэр оруулсангүй. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-аас саяхан авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэхээр шийдвэрлэв. Ингэснээр “Төлбөрийг нэмж замаа сайжруулна, авто ослын тоог цөөрүүлнэ, түгжрэл ч тодорхой хувиар буурна” гэж хотын удирдлага мэдээлэв. Гэсэн ч олны эсэргүүцэлтэй тулгарсан тул дахин хэлэлцээд, шийдвэрээ хүчингүй болголоо.
Хүчингүй болгох үеэр нийслэлийн Засаг дарга “Уг нь төлбөрийг заавал нэмэх ёстой байсан. Гэсэн хэдий ч улстөржилтөөс болж хүчингүй болгоход хүрлээ” хэмээсэн. Зарим талаар түүний үг ортой байж болно. Гэхдээ бодит байдалд амьжиргаагаа арайхийн залгуулж байгаа, өр зээл тавин байж хөл дүүжлэх унаатай болсон иргэдэд замын төлбөрийг тав дахин нэмж төлөх чанга санагдсан нь үнэн билээ. Бас гэнэт ийм шийдвэр гаргасанд, түүгээр зогсохгүй нэн даруй хэрэгжүүлэхээр улайрсанд нь олон нийт ихэд бухимдсан.
Хогон дундаас угсарсан мэт халтар, зун шатааж, өвөл хөлдөөх шахдаг, хөдлөхөөс өөр “шидгүй” автобуснуудтай нийтийн тээврийн салбараа шинэчилж, сайжруулах нь төлбөр нэмэхээсээ урьтаж хийх зүйл байсан. Ийм автобусанд суу, машинаа унахаа боль гэж иргэдээ шахаж, халаасанд нь “гараа дүрэхээр” олон нийт бухимдалгүй яах билээ. Нийтийн тээвэр ийм болохоор хүн бүр л яаж ийгээд машинтай болж, түгжирсэн ч олон хүний дунд стресстэж зогсох бус, хувийн унаандаа тааваараа суухыг хүсэхгүй гэж үү.
Энэ мэт асуудлаа шийдээд, нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулчихвал улаанбаатарчууд хувийн унаанаасаа татгалзахгүй гэж дургүйцэхгүй биз ээ. Урьд нь хотын захиргаанаас санаачилсан ч мөн л олны эсэргүүцэлтэй тулгарч, “унасан” авто замыг бүсчлэх аргыг ч дэмжиж болно. Дэлхийн олон хотын жишгээр авто замаа бүсчлэн хувааж, төв рүү нэвтрэхэд өндөр төлбөр төлдөг зарчмыг Улаанбаатарт хэрэгжүүлэхэд буруудахгүй.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Нийтийн тээврийн цагийн хуваарь цаас төдий болов
Баянзүрх дүүргийн I хорооны нутаг Сансарын тунелийн автобусны буудалд өчигдөр 07.50 цагийн үед 30 орчим хүн зогсож байлаа. Тус буудалд хоёр чиглэлийн автобус зогсдог. Уг нь автобус хүлээх хугацаа ажлын өдөр 6-8 минут гэж самбарт бичжээ. 10 минут хүлээсний эцэст “Ч39” дугаартай Сансар-III, IV хороолол чиглэлийн автобус ирж, хүлээж зогссон хүмүүс бараг бүгд чихэлдэн оров. Сансарын тунелиэр явж байгаа машинуудын тоормосны улаан гэрэл ассаар, арайхийж урагшилж харагдана. Энэ автобус дараагийн зогсоол болох Хөгжим бүжгийн коллежид 15 минутын дараа хүрлээ. Автобус буудал хооронд хэр хурдан явах ёстой талаар жолоочоос тодруулахад “Манай чиглэлийн урт 12.9 км. Өдөрт есөн удаа эргэх ёстой ч түгжрэлтэй учраас төлөвлөгөөгөө биелүүлж чаддаггүй. Ялангуяа өглөө 07.00-09.00, орой 16.30-19.00 цагт хамгийн их түгжирдэг. Жишээлбэл, сая III, IV хорооллоос нэг цагийн турш явж ирлээ” гэв.
25 дугаар эмийн сангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх замын хөдөлгөөн 2019.12.17, 19.00 цагт
МУИС-ийн автобусны буудалд хөл хөдөлгөөн ихтэй байна. 14.00 цагийн үе тул зам түгжрэл багатай, машинууд гэрлэн дохионы орчимд л жаахан хүлээж зогсохоос өөрөөр саатах зүйл алга. Энэ буудалд зогссон, 25 км зам туулдаг “Ч49” дугаартай I хороолол-Дүнжингарав чиглэлийн автобусанд суулаа. МУИС-ийн IV түвшний оюутан Х.Ихтамир “Би “Их Монгол” хороолол руу явна. Энэ буудалд тийш явдаг хоёр автобус зогсдог. Өдрийн цагаар түгжрэл багатай учир 20 минутад амжаад гэртээ очдог. Харин орой тарвал бараг хоёр цаг гаруй явж харьдаг. Заримдаа ижил чиглэлд явах хүмүүстэй хамтарч такси барьдаг. Ингэвэл автобусанд удаан зогссоноос тухтай. Яагаад гэвэл автобусанд багтаж ядсан олон хүн суудаг” гэв. Тэрбээр агаарын дүүжин зам тавих, төв зам дээгүүрээ гүүрэн зам барихаас гадна автомашиныхаа тоог цөөлбөл түгжрэл буурна хэмээсэн. Харин автобусны жолооч “Манайх өдөрт найман удаа эргэх ёстойгоос гурав, дөрөв л явж амждаг. Цагаан сар, шинэ жил зэрэг баярын үед замын ачаалал эрс ихэсдэг. Ялангуяа манай автобус ГССҮТ-ийн орчим, Модны-2, “Бөмбөгөр”, “Дүнжингарав 2”-ын ойролцоох зам, талбай бага, уулзвар ихтэй хэсгээр явдаг учир түгжрэлээс болж, хүмүүст үйлчлэхэд бэрх. Заримдаа иргэд автобусны буудалд очоогүй байхад бууя гэдэг учир аргагүйн эрхэнд хаалгаа онгойлгодог” гэлээ. Түүнчлэн энэ олон машиныг цөөлөх ёстойг ч тэрбээр дурдав. Мөн саяхан ярьсан автомашиныг долоо хоногт хоёр удаа улсын дугаараар нь хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо. Уг автобус 50 минут орчимд нэг эргэх ёстой ч түгжрэлээс болж, заримдаа дөнгөж хоёр буудал газрыг энэ хугацаанд туулдаг гэнэ.
Нийтийн тээврийн автобуснуудаас эргэлтийн уртаараа тэргүүлэгчдийн нэг “Ч40” дугаартай “Махимпэкс”-Улаанхуаран чиглэлийн автобус 31.7 км зам туулдаг. Өөрөөр хэлбэл, хотын баруунаас зүүн зах хүртэлх зам туулдаг, тэр хэрээр олон хүн зорчдог. Жолооч “Манайх өдөрт дээд тал нь долоон удаа эргэх ёстой. Гэхдээ түгжрэлээс болж, ихдээ тав л тойрч байна. Эргэлтийн хугацаа нэг цаг таван минут байдаг ч хоёр цаг гаруй явдаг. Замдаа багтахгүй олон машин байна шүү дээ. Тиймээс хуучин, ашиглалтын шаардлага хангахгүй машинуудыг халах ёстой. Мөн авто замын осол, зам дээр машинаа байруулсан зэргээс болж түгжрэл үүсдэг” гэв. Энэ автобус “Тэнгис” кино театраас XIII хорооллын буудал хүртэл 40 минут явсан юм. Тус чиглэлд 49 автобус үйлчилдэг аж.
Хөл хөдөлгөөн ихтэй МУБИС-ийн автобусны буудалд 17.30 минутад очиход, зам түгжирсэн байлаа. Төв замаар зорчдог болон III, IV хорооллын чиглэлийн дөрвөн автобус уг буудалд дараалан зогсож, зам чөлөөлөхийг хүлээнэ. Хүмүүс уван цуван очиж, суух аж. Баянгол дүүргийн VI хорооны иргэн Ж.Баттөмөр “Түгжрэл эхэлсэн учир автобус, такси ч ялгаагүй удаан явна. Миний суух автобус уг нь ирж л явна. Гэхдээ олон хүн сууж, чихдэлцсээр л явж харина. Уг нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, тоог нь олшруулбал суудлын машинтай хүмүүс автобусанд сууна” гэв. Түүнчлэн иргэд сургуулийн автобусны тоог нэмэх, суудлын машиныг цөөлөх ёстойг онцолсон. Харин нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллаж байгаа ч түгжрэлээс болж автобусны цагийн хуваарь байнга алдагдаж, цаас төдийн болсныг хэлэв. Нэг автобусны буудал дээр ижил чиглэлийн гурван автобус ч зэрэг ирдэг, зарим газраар нь хүрч чаддаггүйг хэлж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 1200 гаруй автобус үйлчилгээнд гаргадаг бөгөөд өдөрт ойролцоогоор 550 мянган хүнд үйлчилдэг аж.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.ЭНХТӨР: Цаашид автомашины дугаарын хязгаарлалт хийхээ болино
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын инженерчлэлийн газрын дарга С.Энхтөртэй хотын түгжрэл буюу замын хөдөлгөөний ачааллын талаар ярилцлаа.
-Хотын удирдлага автомашины түгжрэлийг бууруулахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Хотын автомашины түгжрэлийг бууруулахын тулд урт, дунд, богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар ажлууд хийж байна. Хэт төвлөрлийг сааруулах, дагуул хоттой болох, төрийн байгууллага болон их, дээд сургуулиудыг хотоос гаргах, худалдааны томоохон төвүүдийг нийслэлийн захад байрлуулах нь урт хугацаанд хийх ажил. Дунд хугацаанд нийтийн тээврийг хөгжүүлж, авто замыг сайжруулан, унадаг дугуйн замыг нэмнэ. Богино хугацаанд уулзваруудын нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулан, замын хөдөлгөөний ухаалаг удирдлагын системтэй болох асуудал юм.
-Анхнаасаа түгжрэлээ анхаарч болоогүй юм уу. Түгжрэл хэзээнээс бидний анхаарлыг татаж эхэлсэн бэ?
-2008 оноос түгжрэлийн асуудал бидний амьдралд анзаарагдаж эхэлсэн. Гэхдээ түгжрэл бууруулах тодорхой шийдэлд хүрэлгүй 2012 онтой золгосон. Өөрөөр хэлбэл, түгжрэлийг бууруулах ямар нэг ажил хийхээс аргагүй болж ирсэн. Тэр үед автомашины дугаарын хязгаарлалт хийсэн. Дараа нь нийтийн тээвэрт нэг эгнээг зориулж эхэлсэн юм. Тухайн үед замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зөв эхлүүлж байсан ч цаг үеэсээ шалтгаалаад энэ арга барил удаан үргэлжлэхгүй нь тодорхой болж байна. Цаашлаад зам өргөсгөх, гүүр барьсан нь энэ нь түгжрэл буурахад нөлөөлөхгүй нь тодорхой харагдсан. Автомашины замыг нэмэх, уулзварыг өргөсгөх гээд автомашинд зориулсан бүхэн нь үр дүнд хүрсэнгүй, хүрэх боломжгүй нь өнгөрсөн хугацаанаас харагдлаа. Хот байгуулалтын бодлогын хангалтгүй төлөвлөлт нь иргэдийг явганаар, унадаг дугуйгаар явах боломжийг хааж, хүүхдээ сургуульд нь машинаар зөөхөд хүргэж, нийтийн тээврийн хүрэлцээ бодлогын алдаа, ая тухгүй байдал нь эргээд хүн болгоныг нэг нэгээрээ машин унахад хүргэжээ.
-Цаашид замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулахын тулд ямар ажил хийвэл зохиох вэ?
-Цаашдаа бид одоо хэрэглэж байгаа аргачлалуудыг өөрчлөхөөр төлөвлөж байна. Дугаарын хязгаарлалт хийгээд цаашдаа байдал дээрдэхгүй. Одооноос бид хотын төвийн бүсүүдийн зогсоолын асуудлыг бүрэн шийдэж бүх зогсоолыг төлбөртэй болгох зогсоолын ухаалаг систем бий болгоно, зогсоолгүй сул орон зай байхгүй болно гэсэн үг. Автомашин эзэмшиж буй хэлбэрээс хамаараад зогсоолын төлбөр өөр өөр байна. Төлбөрөө төл зогсоол хангалттай байна гэсэн үг. Хоёрдугаарт, хотын тодорхой бүсийн автозамыг бүсчилж төлбөртэй болгоно. Өөрөөр хэлбэл хотын эдгээр замуудад орохын тулд таны автомашины орсон замаас шалтгаалан таны автомашинд суулгах төхөөрөмжийн тусламжтайгаар төлбөрийн системтэй холбогдож та төлбөртэйгээр зорчино гэсэн үг. Гуравдугаарт, 2020 оноос нийтийн тээврийн салбарт маш том өөрчлөлтүүд хийнэ. Автобусны тоо нэмэгдэнэ, нийтийн тээврийн шинэ шинэ технологи monorail, cable car, brt зэрэг төсөл хэрэгжээд эхлэхээр нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх юм.
-Улаанбаатар хотын автомашины даац гэсэн ойлголт байдаг уу, байдаг бол энэ нь ямар байдлаар хэмжигдэх вэ?
-Хотын автомашины даацын тухай ойголтыг бид бий болгосон. Хурдны гүйцэтгэлийн индексээр (ХГИ) аваад үзэхэд манай хот их түгжрэлтэй хотын тоонд зүй ёсоор ордог. ХГИ-тэй харьцуулахад 0.00-0.25 байгаа нь хурд 0-15 км\ц-тай тэнцэж байгаа юм. Бид энэ хурдыг 30 км\цаг болгож байж боломжийн хурдтай байх нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл ХГИ 0.25-0.50 байх шаардлагатай гэсэн үг. Эндээс үзэхэд 530 975 автомашинтай биш 318.585 автомашинтай болж байж бид 30 км\цаг хурдтай явах нөхцөл бүрдэх юм. Тэгэхээр манай хотын хөдөлгөөний даац 212 390 автомашинаар хэтэрсэн болж байна. Одоо 212 390 машины асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Мэдээж цаашид хотод автомашин нэмж бүртгэхэд хүндрэл учирна гэсэн үг. Нэмээд л байх юм бол улам л түгжирнэ. Тэгэхээр хотоо, замаа тэлэх, эсвэл автомашины тоон дээрээ хязгаар тавих асуудал гарч ирж байна.
-Замын хөдөлгөөний хэт их ачаалал түгжрэл саатал бий болоход жолооч нарын зан байдал, соёл ихээхэн нөлөөтэй юм шиг санагдсан?
-Нэгдүгээрт авто замын төлөвлөлтийн алдаа нөлөөлдөг, Хоёрт нийтийн тээврийн хангалтгүй байдал, гуравт жолооч нарын сахилга, хариуцлага ихээхэн нөлөөлдөг. Эгнээ байраа буруу эзэлж, арын хөдөлгөөнөө хааж зогсох, нэг эгнээг ганц жолооч хааж зогсоод хэдэн зуун машиныг ардаа гацаадаг, нийтийн тээврийн буудлыг хааж зогссоноос автбуснууд эгнээ хааж хүнээ буулгаж, суулгадаг гээд жолооч нараас шалтгаалсан түгжрэл ихээхэн хувийг эзэлдэг. Дүрмээ баримтлаад, хамтын амьдралаар амьдарч байгаа гэдгээ ухамсарлаад хэн нэгэнд саад болохгүй гэдэг бодолтой байвал түгжрэлд ихээхэн эерэг нөлөөтэй гэдгийг жолооч нар ухамсарлах хэрэгтэй байна.
Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Замын түгжрэлийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?
Б.СУВД (Хан-Уул дүүргийн II хорооны иргэн)
-Юуны түрүүнд нийтийн тээврийн хүртээмж, ариун цэвэр, өнгө үзэмжийг сайжруулах хэрэгтэй. Өвөлд дулаан, зунд сэрүүн орчинтой, олон улсын жишигт нийцсэн автобусаар үйлчилбэл иргэд автомашин унан, түгжрэл үүсгэхгүй. Тухайн чиглэлийн автобуснуудын ирэх, явах цагийг аль болох тодорхойлж, мэдээлэл өгдөг бол бид даарч бээрч, цагаа үрж хүлээхгүй. Буудлуудад автобусуудтай холбогдсон, хөдөлгөөнийх нь цагийг мэдээлэгч самбар суурилуулж яагаад болохгүй гэж. Гар утсандаа татан, автобусны ирэх цагийг нь хардаг аппликэйшн байдаг юм билээ. Гэхдээ хүн бүр түүнийг нь ашиглаж чадахгүй шүү дээ.
С.ГАНБААТАР (Баянгол дүүргийн XIX хорооны иргэн)
-Яамд, төр, нийслэлийн засаг захиргааны байр, их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэвэл зохино. Ялангуяа их, дээд сургууль, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг Улаанбаатараас зайдуу, хотхон маягаар зохион байгуулж, байрлуулахад одооноос анхаармаар байна. “Да хүрээ” болон “Нарантуул” захыг ч хотоос нүүлгэх нь зөв. Мөн Гандантэгчэнлин хийдийн орчмын гэр хорооллыг хот төлөвлөлтөд оруулан, орон сууцжуулж, тэр хавийг авто замтай болговол түгжрэл мэдэгдэхүйц багасах болов уу. Хотын төв орчимд нэмж барилга бариулж, үйлчилгээний төв нээхийг бүр хоригломоор байна. Ерөнхий боловсролын сургуулиуд, орон сууцын хороолол дунд барьсан тоосгон гараашуудыг буулгавал түгжрэл нэлээд сийрэх байх. Ер нь Улаанбаатар хотоо тэлэх л хэрэгтэй.
Б.ТУНГАЛАГ (Баянгол дүүргийн IV хорооны иргэн)
-Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Мөн явган хүний болон дугуйн замын хэмжээг нэмэгдүүлье. Автомашин унахаас аль болох татгалзаж байгаа ч явган хүний зам муу, байгаа хэсэг нь чанарын шаардлага хангахгүй, энхэл донхол, тоос шороотой байдаг нь бэрхшээлтэй. Бас дугуйн зам ихтэй бол иргэдэд тун хэрэгтэй сэн. Нэгэнт их хөрөнгө гарган, гүүр, давхар авто зам одоохондоо барьж чадахгүйгээс хойш иргэдийг явган болон дугайгаар зорчиход тулгардаг саадыг арилган, гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулж, камерын тоог олшруулж аюулгүй, цэвэрхэн орчинд явган явах боломжийг нэмэгдүүлэх нь зөв.
Х.ДОРЖСҮРЭН (Баянзүрх дүүргийн X хорооны иргэн)
-Автомашины татвар болон авто зам ашигласны хураамжийг тав дахин өсгөхөд болохгүй зүйлгүй. 10 жилээс дээш насжилттай автомашин импортлохыг хориглон, хөдөлгөөнд оролцож буйд нь татварын хэмжээг нь илүү өндөр тогтоох хэрэгтэй. Автомашин унахад зардал өндөр болмогц иргэд нийтийн тээврийг сонгоно. Тэгвэл нийтийн тээврийн компаниудын орлого ч сайжирч, улмаар илүү цэвэрхэн, тохилог техникүүдээр шуурхай үйлчлэх болов уу. Авто замын түгжрэл үүсгэж буй гол шалтгаан нь хэт олон автомашинтайд байна. Эхлээд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулбал иргэд автомашинаас татгалзана гэдэг худлаа. Юуны түрүүнд автомашинтай нь “тулж ажиллах” хэрэгтэй. Нийслэлийн удирдлага зоригтой алхам хийж, холбогдох татвар, хураамжийг нэмэх, дугаарын хязгаарлалттай өдрийг олшруулах алхам хийхгүй бол ирэх 10 жилд ч бид авто зам дээр “унтсаар” байх нь дамжиггүй.
Ц.УРАНЧИМЭГ (Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн)
-Ерөнхий боловсролын сургуулийн автобусыг нэмэгдүүлмээр байна. Тэгвэл нэг хүүхэд зөөн, нэг автомашин хөлөглөдөг байдал халагдана. Мөн дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгой тоогоор явуулдаг болвол нааштай үр дүн гарах байх. Мэдээж авто зам, дугуйн болон явган хүний зам, гүүр, нүхэн гарц зэрэг дэд бүтцийн хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтмол өсгөн, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлбэл хурдан бөгөөд үр дүнтэй шийдэл болно. Метро байгуулна гэж хэдэн ч жил ярьж байна. Хэрэгжүүлэхэд яг ийм хэмжээний хөрөнгө, тийм техникийн боломж дутуу гэдгийг тооцсон байгууллага байна уу? Үр дүнтэй, тодорхой төсөл байвал дэмжих, хөрөнгө оруулагч олдоно шүү дээ. Хотын түгжрэлийг бууруулах, нийслэлийг хөгжүүлэхэд холбогдох албадынхан, удирдлагын сэтгэл дутсан гэхээс хөрөнгө мөнгө асуудал биш байх.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хотын төвөөр зорчих татварыг нэмэх нь үр дүнтэй
Британийн нийслэл Лондон дэлхийн хамгийн түгжрэлтэй хотуудын нэг. Харин саяхнаас тус хотын төв рүү нэвтрэхэд татвар авдаг болсноор тээврийн хөдөлгөөний эрчим үлэмж сайжирчээ. Тухайлбал, хоногийн тодорхой цагт замын ачаалалтай хэсгээр зорчихыг хүсвэл түгжрэлийн татвар төлнө. Үүний ачаар түгжрэлд өнгөрүүлэх хугацаа 20-30 хувиар буурсан гэнэ. Төлбөр хийгээгүй тохиолдолд торгуулийн хэмжээ үлэмж нэмэгддэг. Учир нь хотын төв рүү нэвтрэхэд авдаг татварыг нийтийн тээврийг сайжруулахад зориулдаг.
Германд тээврийн хөдөлгөөнд хүндрэл үүсэж болзошгүй уулзвар бүрт автомашины тоог гаргаж, гэрлэн дохио асах хугацааг зохицуулах мэдээлэл өгөхөд ашиглах дохиолол болон камер суурилуулжээ. Берлинд болон баруун Европын бусад хотод авто замын мэдээллийн систем нэвтрүүлснээр замын тодорхой хэсгүүдийн байдлыг тасралтгүй тодруулж байна. Эл мэдээллийг үндэслэн жолооч өөр чиглэл сонгодог.
БНСУ-д нийтийн тээврээр үйлчлүүлж, хувийн автомашинаас татгалзах, төв замын ачааллыг илүү боломжтойгоор зохицуулах, түгжрэл үүсгэхгүй байх систем гэсэн гурван аргаар тээврийн хэрэгслийн ачаалалтай тэмцэх цогц арга хэмжээ авч байна. Жолооч нарыг нийтийн тээврээр үйлчлүүлэхэд чиглэсэн сурталчилгааны кампанит ажлыг улс даяар явуулдаг. Хэрэв байдал хяналтаас гарвал замын ачаалалтай хэсгийн тухай мэдээлэх систем үйлчилдэг. Үүний тулд зам дагуу дэлгэц байрлуулсан бөгөөд тэдгээр нь жолоочид хамгийн боломжийн чиглэл сонгох зөвлөмж өгдөг аж.
Сингапур 1990-ээд онд замын түгжрэлтэй тулгарчээ. Ачааллыг бууруулахын тулд захиргааны арга хэмжээ буюу татвар, хураамж, торгуулийг нэмсэн байна. Жишээлбэл, “Ford focus” машин худалдан авбал жолооч 60 мянган ам.долларын нэмэлт төлбөр төлөх хэрэгтэй болно. Мөн ийм хэмжээний төлбөрийг бүртгүүлэхэд зарцуулна. Шударга бус байдлыг арилгахын тулд тус улсын эрх баригчид нийтийн тээврийн бүх хэрэгслээ дэлхийн шилдгүүдээр сольжээ. Ингэснээр иргэдэд нь автомашин шаардлагагүй болсон гэнэ. Замын түгжрэлийг зохицуулахад хамгийн сайнаар нөлөөлсөн арга нь замын автомат төлбөрийн систем. Энэ нь электрон мэдрэгчээр дамжин өнгөрөхөд автомашинд суурилуулсан тусгай төхөөрөмж ажиллаж, жолоочийн төлбөрийн картаас автоматаар тооцоо хийдэг. Үүний ачаар хурдны замд цагт 45-65 км, хот болон бусад замд цагт 30 км хурдтай явах дүрэм мөрдөгдөж, тээврийн хөдөлгөөний нягтшил 13 хувиар буурч, хурд 20 хувиар нэмэгджээ.
Хонконгод автомашин худалдан авах болон зогсоолоос өндөр татвар авч, зогсоол дахь машины тоог хязгаарлаж, Хятадын бусад бүс нутгаас нэвтрэхэд хатуу хязгаар тогтоосны ачаар зам, тээврийн хөдөлгөөн нь үлэмж сайжирсан гэнэ. Өдгөө хонконгчуудын 90 хувь нь хот дотор нийтийн тээврээр үйлчлүүлж, 1000 оршин суугчид нь 100 автомашин ногдож байна.
Бэлтгэсэн: З.Амгалан