Нам даралтын зуух ашиглах тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаснаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан өчигдөр мэдээлэв. Уг ажлыг ЦЕГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхонтой хамтран гүйцэтгэжээ. Түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй 53, зөвшөөрөлгүй 140, үйл ажиллагаагаа түр зогсоосон 65 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг үүнд хамруулсан байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нам даралтын 404 зуухыг шалгахад есөд нь шүүлтүүр тавиагүй байсан. Түүнчлэн шүүлтүүр нь эвдэрсэн 17 зуух байна” гэлээ. Энэ мэт зөрчил гаргаж агаар, орчныг бохирдуулж, түүхий нүүрс түлсэн аж ахуйн нэгжийг 1.5 сая, иргэнийг 150 000 төгрөгөөр торгосон аж. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй зарим аж ахуйн нэгж нөөцөлсөн нүүрсээ иргэдэд зарж борлуулсан тохиолдол цөөнгүй гарчээ. Тиймээс уг шалгалтаар 89 аж ахуйн нэгж, байгууллагын нөөцөлсөн 340 орчим тонн түүхий нүүрсийг битүүмжилж, хураасан гэнэ.
Улаанбаатар хотод нам даралтын зуух ашиглаж байгаа 2209 аж ахуйн нэгж, байгууллага бий аж. Харин нам даралтынхаас дээш хүчин чадалтай (100 кВт-аас илүү) 197 халаалтын зуух байдаг. Тэдгээрээс зайлшгүй утаа шүүгч суурилуулах шаардлагатай зуухнуудын судалгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан гаргаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлжээ. Эл судалгаанд тулгуурлан ойрын хугацаанд 290 уурын зууханд утаа шүүгч суурилуулах гэнэ. Түүнчлэн нам даралтын зуухтай аж ахуйн нэгж, айлууд ирэх оны есдүгээр сарын 15-наас хойш түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглоно гэж дээрх байгууллагууд мэдэгдсэн.
Ташрамд дурдахад, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргав. Сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрснийхээс хэтрүүлэхгүй, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 000 төгрөгөөр тогтоосон. Гэвч түлшийг НӨАТ тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 000 төгрөг болж, тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэнэ. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.
Бэлтгэсэн: М.Оч