Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист дархан хилээ хамгаалж байгаа хилчид энэ өдрүүдэд ажил үйлсээ дүгнэж байна. Олон мянган хилчдийн ажил үйлсийг үнэлэх хамгийн том үнэлэмж нь“Сүлдэт багана” шагнал болдог. Хил хамгаалах байгууллагын оны тэргүүн дээд “Сүлдэт багана-2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Хил хамгаалах ерөнхий газарт болсон юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурал, засгийн газрын гишүүн, хууль зүй, дотоод хэргийн Сайд Ц.Нямдорж оролцож шилдгүүдэд баяр хүргэсэн юм.
Хил хамгаалах байгууллага 2019 онд хилчдийн нийгмийн баталгааг хангах талаар бодитой арга хэмжээг авч, үйл ажиллагааны шинэчлэлийг үргэлжлүүлэх зорилт тавин ажилласан. Тус зорилтыг хэрэгжүүлэхэд хилчин бүрийн үүрэг оролцоо чухал. Тиймээс ч Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахад 2019 онд ажил үйлсээрээ манлайлан ажилласан шилдгүүд улсын хил хамгаалалтад үнэтэй хувь нэмэр оруулан ажилласныг онцолж байлаа. “Сүлдэт багана” шагналын эзэд хилийн зөрчил илрүүлж, улсын хилд тулсан олон тооны малыг тогтоон, ард иргэдэд учирч болзошгүй олон сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн, улсын хил хамгаалалтын үр дүн, хилчдийн ая духтай байдал, хил хамгаалалтын инженерийн байгууламжийг сайжруулсан зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.
2019 оны ажил үйлсээрээ говь цөлийн бүсээс Замын-Үүдийн хилийн 0108 дугаар анги, уулын бүсээс Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар анги, ой тайгын бүсээс Сэлэнгэ дэх хилийн 0101 дүгээр анги, тал хээрийн бүсээс Мэнэн дэх хилийн 0306 дугаар анги төвийн бүсээс хилийн 0164 дүгээр анги тус тус шалгарсан байна.