“Утаа багассан байна. Хоолой хорсгож, гол зурдаг байсан угаар нэгэнт арилсан байна лээ”, “Утаа багассан ч хүхэрлэг хийн агууламж өмнөх оныхоос өндөр байгаа гэнэ”, “Нүдэнд харагдахгүй хэрнээ хорт чанар нь улам их байгаа юм гэсэн” гэж нийслэлчүүд утаанаас болж талцан, дээрх байдлаар мэтгэлцэх болов. Өвөл дөнгөж айлчлан ирсэн өнгөрсөн арав, арваннэгдүгээр сараас сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн нийслэлчүүд утааг жинхэнэ утгаараа алга болсон гэж найдаж байв. Олон жилийн дараа “Утаанбаатараа” Улаанбаатар боллоо гэж баярлаж суусан гэж хэлэхэд ч хилсдэхгүй. Гэвч арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцэн нүд бүрэлзүүлж, хоолой хорсгох утаа Улаанбаатарыг нөмрөх боллоо.
Өнгөрсөн онд нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүдийн түлж буй түүхий нүүрс дангаар бий болгож байв. Харин тээврийн хэрэгсэл 10, дулааны цахилгаан станц зургаа, хөрсний бохирдол дөрвөн хувийг эзэлсэн. Энэ жил “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг хэрэглэсэн боловч агаарын бохирдол буурахгүй байна уу, эсвэл иргэд утаагаа багасгахыг хүсэхгүй байна уу гэдэг нь эргэлзээтэй. Уг нь энэ жил утааг улс төр, мөнгө угаах хэрэгсэл болгохгүйгээр бууруулах дорвитой алхам хийсэн нь сайжруулсан түлш. Гэвч дээрх түлшийг сайн гэж хэлэхэд бэрх амралтын өдрүүдийг нийслэлчүүд үдлээ. Утаа буурна гэж хэлэхэд хэцүүхэн жил болох талтай. Нэг талаас түлш нь хүрэлцээгүй гэж иргэд нь гомдоллож байхад, нөгөө хэсэг нь түүхий нүүрс түллээ, төр, засаг нь шүүлтүүрээ ашиглахгүй байна гэж “донгодно”. Сайжруулсан түлш хүрэлцээгүйн улмаас түлш их хэмжээгээр хэрэглэдэг, нам даралтын зуухтай айл өрх, аж ахуйн нэгжид түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Утааг бага ч болов бууруулж, түлшээ иргэдэд хүрэлцээтэй болгох гэсэн шийдвэр байх. Гэвч түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд нүүрсээ гадагш худалдан борлуулах, бусдад хэрэглүүлэх зөрчлүүдийг НМХГ, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтаар илрүүлжээ. Тиймээс өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай хуралдаж, ажлын хэсэг байгуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийхээр болсон юм.
Шалгалтын явцад ямар зөрчлүүд илэрсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодрууллаа. Хан-Уул дүүрэгт 100 кВт-аас дээш хүчин чадалтай нам даралтын 23 зуух байгаагаас ихэнх нь хэвийн ажиллагаатай шүүлтүүр суурилуулан зөрчилгүй ажиллаж байжээ. Нам даралтын зуух эзэмшдэг нэг байгууллага, аж ахуйн нэгж дунджаар 60 орчим тн түүхий нүүрс нөөцөлдөг. Гаднах орчноо бүрэн камержуулсан учир бусдад хулгайгаар дамлан зарах зөрчил бүртгэгдээгүй гэнэ. Харин Чингэлтэй дүүргийн нутагт ажиллаж буй нам даралтын 28 зуухны үйл ажиллагааг шалгаснаас 22 нь шүүлтүүртэй байжээ. Зарим байгууллага “Саяхан шүүлтүүр эвдэрсэн” гэх тайлбар өгөх нь элбэг бол иргэд санхүүгийн байдлаас үүдэн шүүлтүүр суурилуулах боломжгүй гэцгээдэг аж. Тиймээс утаа их хэмжээгээр ялгарахад түүхий нүүрс түлж буй аж ахуйн нэгжүүд гол буруутан нь болж таарах нь.
Баянзүрх дүүрэгт ийм зуухтай 60 аж ахуйн нэгж байдгаас эхний өдөр 46-д нь шалгалт хийжээ. Утаа шүүгч, үнс баригчтай боловч ашигладаггүй зөрчил илэрсэн бөгөөд газар дээр нь улсын байцаагчийн зөрчлийн тэмдэглэлээр баталгаажуулж, шаардлагатай арга хэмжээг авчээ. Баянгол дүүрэгт үйл ажиллагаа нь зогссон дөрвөн нам даралтын зуух байснаас “Керано” (тусгай зөвшөөрөлгүй), “Дөлгөөн барс” (тусгай зөвшөөрөлтэй) байгууллага хашаандаа түүхий нүүрсний нөөцгүй, хаалттай байж. Аравдугаар сарын 30-нд үйл ажиллагаа нь зогссон “Жэй Ти Эс Эс”, “Женерал эталон” ХХК хашаандаа дунджаар 40 тн орчим түүхий нүүрсний үлдэгдэлтэй байсныг НМХГ-ын улсын байцаагч нар газар дээр нь битүүмжилж, хамгаалалт, битүүмжлэлд онцгой анхаарахыг үүрэг болгосон аж. Бусад зургаан зуух хэвийн үйл ажиллагаатай, утаа шүүгчтэй, галлагаа хэвийн байсан бол Сонгинохайрхан дүүргийн XXXII хороонд байрлах “Ихэр шарангат” ХХК мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрийн нам даралтын зуухыг шалгахад 100 гаруй тонн түүхий нүүрснөөцөлсөн байжээ. Алаг толгойн нүүрс гэж байгаа боловч нотлох бичиг баримт огт байхгүй, бүртгэлгүй, ямар ч тусгай зөвшөөрөлгүй байжээ. Энэ талаар тоочоод байвал зөрчил их гарч буй гэнэ.
Тэгвэл нийслэлийн Онцгой комисс өчигдөр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийв. Нийт 12 ажлын хэсгийнхэн нийслэлийн зургаан дүүрэгт шалгалт хийж сайжруулсан түлшний хэрэглээ, түгээлт, борлуулалт, хангалтад хяналт тавихын зэрэгцээ түүхий нүүрс түлсэн гурван тохиолдол илрүүлжээ. Энэ сарын 12-15-нд 36 автомашинаар 702 тонн нүүрс ачиж, Улаанбаатар хотыг дамжин өнгөрсөн бол 98 машин 3109 тн түүхий нүүрсийг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн байна. Харин 70 тн түүхий нүүрс хураан авч улсын орлого болгожээ. Утааны шүүлтүүр тавиагүй, ил задгай түүхий нүүрс нөөцөлж тоосжилт үүсгэсэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авсан бол, иргэд ихэвчлэн эрчим хүчээ хэмнэх, зардлаа багасгах зорилгоор шүүлтүүр ажиллуулдаггүй гэх хариулт өгч буйг мэргэжлийн хяналтын байгууллагынхан онцлов. Утаа бууруулах ажилд иргэд тэр бүр идэвхтэй оролцохгүй байгааг үүнээс харж болох биз. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш агаарын бохирдлын байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад РМ2.5 тоосонцор 42, үзэгдэх орчныг хязгаарлах РМ10 тоосонцор 43 хувиар буурсан гэнэ. Харин хүхэрлэг хий, азотын давхар исэл өмнөх оныхтой харьцуулахад ижил түвшинд байгаа аж.
Нийслэлд сайжруулсан түлш борлуулах 386 цэг бий. Нэг өрх долоо хоногт зургаан шуудай нүүрс авах боломжтой. Харин “Гэр хол учир дахиж ирж чадахгүй”, “Нүүрс, түлээ зөөх хүнгүй тул нэг удаа бөөнд нь авчихъя” гэхэд нь дургүйцсэн түгээлтийн цэгийн ажилтныг иргэд дарамтлах, доромжлох, тэр ч бүү хэл, гар хүрэх тохиолдол гарсан гэнэ. Нэг ёсондоо борлуулах цэгт ирсэн нүүрсээ ижил тэнцүү хуваарилж чадахгүйгээс үүдэн хомсдол үүсээд байна. Одоогоор түлш тасраагүй боловч эрэлт их байгааг холбогдох албаныхан хэлж байсан юм. Тэгвэл утаа юунаас болж ихсээд байна вэ. Нэгдүгээрт түлш хүрэлцээгүйн улмаас хомсдол үүсэж түүхий нүүрс түлэх тохиолдол гаарах болсон, хоёрдугаарт, түүхий нүүрс түлэх зөвшөөрөл бүхий албан байгууллагууд нам даралтын зууханд шүүлтүүр хэрэглэхгүй байгаа, эсвэл сайжруулсан түлшийг их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд утаа өмнөх жилийнхтэй адил ялгарах болсон уу гэдгийг одоогоор хэн ч үл мэднэ. Аливаа ажилд бодлого, төлөвлөлт гаргах болов ч амжилт олохгүй тохиолдол дан ганц утаа биш. Бие бие рүүгээ буруугаа чихэх гэм биш зангаа зассан цагт асуудлаасаа ангижрах байх даа, монголчууд.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул