Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн жилийн зургадугаар сард баталж, арваннэгдүгээр сараас нь хэрэгжүүлж эхэлсэн ч мэдэж буй байгууллага, хувь хүн цөөн байгаа аж. Соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагаар бүртгүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус байгууллагынх нь хүсэлтээр өөрчилж, компани, холбоо, төрийн бус байгууллага, эсвэл сан хэмээн бүртгэх хуулийг батлаад жил гаруй хугацаа өнгөрч буй.
Соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагаар бүртгүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус байгууллагынх нь хүсэлтээр өөрчилж, компани, холбоо, төрийн бус байгууллага, эсвэл сан хэмээн бүртгэх хуулийг батлаад жил гаруй хугацаа өнгөрч буй.
Одоогоор манай улсад боловсрол, сургалтын чиглэлийн 609, эрдэм шинжилгээний хоёр байгууллага бий хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэжээ. Нийслэлд хэвлэл мэдээллийн байгууллага 430 гаруй, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан 2200 гаруй байна. Эдгээр байгууллага дээрх хуулийг дагаж мөрдүүлснээс хойш хоёр жилийн дотор УБЕГ-т хүсэлт гарган, шинээр бүртгүүлэх ёстой аж. Гэтэл нэг жил гаруй өнгөрсөн атал боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын 95, эрүүл мэнд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 94 орчим хувь нь хуулийн хэрэгжилтийг хангах үүргээ биелүүлээгүй хэвээр буюу улсын бүртгэлээ өөрчлөөгүйг УБЕГ-аас мэдээллээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, ашгийн бус байгууллагууд нь салбарын хууль тогтоомжийн хүрээнд харилцан адилгүй байдлаар зохицуулагдаж, бүртгэл, тайлан, орлого, зарлага, борлуулалт, ашгийн хувьд ойлгомжгүй байдал үүсгэн, зарим талаар төрийн албад болон иргэдэд хүндрэл учруулдаг гэсэн шүүмжлэл бий. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн зарим байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг өндөр байдгийг иргэд олон жил ярьсаар ирсэн. Гэтэл ашгийн төлөө бус статустай байгууллагууд хуулийн дагуу татвар болон бусад төлбөрөөс хөнгөлүүлдэг журам бий. Үүнийг халах, тэдгээрийн баримтлах чиглэл, орлого, зарлага, хөрөнгийн зарцуулалтыг тодорхой болгох, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нь нарийвчлан магадлах зорилгоор дээрх хуулийг санаачилж, хэрэгжүүлэхээр болсон билээ. Хэрэв тухайн байгууллага улсын бүртгэлээ хязгаарлагдмал хариуцлагатай компани болговол борлуулалтын орлогын дүнгээсээ хамаарч дөрвөн шатлалаар татвар төлж, мөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болох нөхцөл бүрдэнэ.
Харин сан, төрийн бус байгууллага, холбоо хэлбэрт шилжвэл гишүүдийн татвар, хандив, бусад орлогыг татвараас чөлөөлж, зардлуудыг нь хянах боломжтой юм. Гэхдээ хуулийн дагуу сургалт, боловсрол, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллага нь төрийн бус байгууллага болох боломж бараг үгүй. Хязгаарлагдмал хариуцлагатай компани болох эрх зүйн үндэслэл бий. Тэгвэл дээрх байгууллагын улсын бүртгэлийг өөрчилснөөр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь цуцлах нөхцөл үүсэн, татварын орлогын хэмжээг өсгөх, эсэх тухай Татварын ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Зарим байгууллагын улсын бүртгэлийг өөрчлөх хууль батлагдсантай холбоотойгоор хэрэв тухайн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани болбол татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо өсөх боломжтой.
Гэхдээ одоогоор тоо нь хэдээр нэмэгдэх, татварын орлогыг хэрхэн өсгөх тухай тооцоолж, дүгнэлт гаргаагүй байна. Мэдээж хуулийн этгээдийн бүртгэл өөрчлөгдвөл юуны түрүүнд үйл ажиллагааны болон татварын тайланд нь өөрчлөлт орно. Тухайн байгууллага нь боловсрол, сургалтаас бусад үйл ажиллагааны борлуулалт, ашгийн хувиар татвар төлөх ёстой болно. Үүнээс гадна Төрийн бус байгууллагуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох албад хэлэлцэж буй юм билээ. Ирэх онд шийдэгдэх болов уу. Хуулийн шинэчлэлийн хүрээнд ашгийн бус байгууллагуудад татвар ногдуулах, эсэх тухай хэлэлцэнэ. Одоогоор ТББ-ууд татвар төлдөггүй. Үйл ажиллагааны болон орлого, зарлагын тайлангаа харьяа татварын албаддаа хүргүүлдэг ч тэдгээр нь нийт ТББ-ын 40 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг” гэсэн юм.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш дээрх байгууллагуудын улсын бүртгэлийг өөрчлөх шалтгаан болон хуулийн хэрэгжилтийг биелүүлэхэд тэдгээрийн оролцооны талаар “Ер нь аль ч улсад боловсрол, сургалтын байгууллага, эрдэм шинжилгээний газар зэрэг бидний нэрлэж заншсан улсын бүртгэлийн нэршил байдаггүй юм билээ. Тэдгээр нь компани, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, сан, холбоодын “малгай”-н дор үйл ажиллагаа эрхэлдэг. Тиймээс бүртгэлийг өөрчлөх шаардлага үүссэн болов уу. Улсын бүртгэлээ өөрчлөх ёстой байгууллагуудаас нэг жилийн хугацаанд 4-5 хувь нь л манайд хүсэлт гаргасан нь хангалтгүй дүн. Бид ажлын явцыг эрчимжүүлэх зорилгоор хуулийн этгээдийн баримт бичгийн бүрдүүлэлтийн талаар болон шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангаж, шуурхай үйлчлэхээр арваннэгдүгээр сараас аян эхлүүлсэн. Холбогдох байгууллагуудын идэвх маш сул байна. Мөн бүртгэлээ өөрчлүүлсэн байгууллагын дийлэнх нь компани болсон бөгөөд татвар нэмэх нөхцөл бүрдүүлэхээр ийм алхам хийлээ хэмээн дургүйцэх хандлага ажиглагдсан” гэж ярив.
Эндээс харахад бүтэн нэг жил өнгөрсөн ч холбогдох байгуулагууд нь хуулийн хэрэгжилтийг биелүүлэхэд хангалтгүй оролцож байна. Нөгөөтээгүүр, ахиад нэг жил үлдсэнийг тооцон алгуурлаж буй нь ч олон байх. Юутай ч хугацаандаа амжин хуулийн этгээдийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар зохих шийтгэл ногдуулахыг холбогдох албадынхан хэлсэн юм.