ICT группийн захирал Г.Лхамсүрэнтэй блокчэйн гэж юу болох, үүнийг нэвтрүүлснээр авлига, хэрэг зөрчил, хүнд суртал хэрхэн буурах талаар ярилцлаа.
-Блокчэйн технологи олон хүний анхаарлыг татаж байна. Энэ технологийн гол онцлогийг дурдахгүй юу?
-Блокчэйн гэдэг нь итгэлцэл, цаг хугацаа, нээлттэй байдлын цогц юм. Жишээлбэл, би А-гаас мөнгө зээлчихээд гурав дахь этгээдэд мөнгө аваагүй хэмээн үгүйсгэн ярьж болно. Хэрэв блокчэйн технологи ашигласан бол миний хэлсэн үг, хийсэн үйлдлийг мянга мянган компьютер, гар утсанд зэрэг мэдээлж, үгүйсгэх боломжгүй болно. Бид фэйсбүүкт нийтэлсэн зүйлээ устгадаг. Тэгвэл блокчэйн технологи нэвтрүүлсэн бол устгаж болохгүй. Блокчэйн технологийн давуу тал энэ. Хиймэл оюун ухаан ашиглаад хүний нүүр царай, дуу хоолойг таньж байна. Үүнийг үнэн зөв, хяналттай байлгах ганц зүйл бол блокчэйн. Хүний амьдрал тэр чигээрээ бүртгэл. Эхийн хэвлийд байхаасаа эхлээд, хаана төрсөн, хэний хүүхэд, ямар нэр өгсөн гээд бүгдийг бүртгүүлнэ. Цаашлаад хэдэн настайдаа ямар цэцэрлэг, сургуульд орсон, гэрлэлт хэзээ батлуулсан гээд үхэн үхтлээ бүртгүүлнэ. Энэ бүртгэлийг өөрчлөхгүй, баталгаажуулах технологи бол энэ. Нэгэнт бичигдсэн түүх, намтрыг засахгүй, устгаж хакердаж, үзэж болдоггүй технологиор хамгаална гэсэн үг. Монгол Улс дижитал шилжилт хийж, блокчэйн технологийг хөгжүүлэх эдийн засгийн бололцоотой.
-Мэдээлэл худлаа бол их ноцтой биш үү?
-Худал мэдээллээ блокчэйнээр баталгаажуулж оруулсан бол цацсан хүн нь хариуцлага хүлээнэ. Нэгэнт блокчэйн ашигласан юм чинь цаад эзэн нь тодорхой байна. Худлаа хэлбэл хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай.
-Үүнийг нэвтрүүлснээр бидэнд ямар ашигтай юм бэ?
-Блокчэйн технологи нэвтэрснээр авлига, хэрэг, зөрчил бүрэн устах боломжтой. Эхлээд дижитал шилжилт хийх шаардлагатай. Дараа нь блокчэйн технологид бүртгэх юм бол авлига үгүй болно. Блокчэйн технологиор хамгаалсан ямар ч мэдээллийг засаж, устгаж, хакердаж болохгүй. Монгол Улсын газрын мэдээллийн санг дээрх технологид шилжүүлэх шаардлагатай. Үр дүнд нь тухайн газрыг хэн эзэмшиж буй нь тодорхой болно. Эзэмшигч нь тодорхой юм чинь газраа хэнд шилжүүлсэн, худалдсан зэрэг бүх мэдээлэл нь ил болно. Улмаар газар давхардуулж олгохгүй, эзэмшигчид нь мэдэгдэхгүй шилжүүлж чадахаа болино. Товчхондоо, газрын наймаа устана. Ашигт малтмалын лицензийг дураараа олгодгоо болино шүү дээ. Өнгөрсөн жил burtgel.mn сайтад өмчлөлийн мэдээллийг байршуулснаар ЖДҮХС-гаас зээл авсан асуудал ил болсон. Энэ бүртгэлийн мэдээллийг устгахгүйн тулд блокчэйн технологи шаардлагатай.
-Нийгэмд зайлшгүй шаардлагатай технологи гэж ойлголоо. Нийгмийн нэг үзэгдэлд тулгуурлаад блокчэйн яагаад хэрэгтэйг жишээгээр тайлбарлаж болох уу?
-Дижитал шилжилт хийж, энэ технологийг нэвтрүүлснээр Монгол Улсад хүнд суртал, хэн нэгний хараат бус байдал, дундын зуучлал буюу гуравдагч этгээдийн нөлөөлөл үгүй болно. Энэ гурав авлигыг бүрдүүлэгч хүчин зүйл. Цаг үрсэн, үйлдэл орсон хүчин зүйлүүд иргэний авлига өгөх нөхцөлийг бүрдүүлдэг. Тэгэхээр блокчэйнийг нэвтрүүлж эдгээр дарамт үгүй болохоор авлига 95 хувь буурна. Дэлхий даяар блокчэйн технологийг авлигын эсрэг хамгийн том зэвсэг гэж үзэж байгаа.
-Олон улсад энэ технологийг хэр өргөн ашигладаг вэ?
-Эстони, Индонез, Украин, БНСУ блокчэйнийг өргөнөөр ашиглаж буй. Тухайлбал, солонгосчууд төрийн үйлчилгээний 30 гаруй хувийг блокчэйн технологид шилжүүлсэн. Үндсэн салбарын мэдээллийг блокчэйнээр бүртгэдэг юм билээ. Эстони улс шүүхийн тогтолцооны мэдээллээ блокчэйн технологиор хамгаалдаг. Энэ нь шүүн таслах ажиллагааны үед хэлэлцсэн нотлох баримт, бүх зүйлийг устгах, устахаас сэргийлж буй хэрэг. Эстони улсад “E.estoni” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “E-gover¬nance” академийн дэд захирал Ханс Асток дижитал шилжилт хийж бүх зүйлийг цахимжуулж, блокчэйн технологи нэвтрүүлснээр авлига, хүнд суртал байхгүй болсныг итгэл төгс хэлдэг.
-Сэтгүүл зүйд үүнийг ашиглаж болох уу?
-Монголын мэдээллийн сайтууд байршуулсан мэдээ, нийтлэлээ устгадаг. Мэдээлэл устаж байна гэдэг цаанаа асуудалтай гэсэн үг. Блокчэйн нэвтрэх юм бол хэн нэг гишүүн, төрийн албан хаагч, дарга, хууль зөрчсөн иргэний үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой мэдээллүүд устахгүй. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд блокчэйн маш том дэвшил авчирч буй. Сүүлийн үед блокчэйн суурьтай эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар ярьж байна. Жишээ нь, ЖДҮ, төсөв, утаа гэдэг сэдвээс сонголт хийлээ гэж бодъё. Утааны сэдэв уншмаар байгаа бол саналаа өгөх бүрт иргэд 1000 төгрөг төлнө. 1000 хүн утааны тухай үнэнийг уншмаар байгаа бол 10 000 сая төгрөг болох нь. Гэхдээ дурын сэтгүүлч бичихгүй. Саналаа өгөхдөө сэтгүүлчээ ч сонгоно. Хамгийн их санал авсан сэтгүүлч дээрх мөнгөөр утааг “эрэн сурвалжилна”. Сэтгүүлчид ч ашигтай. Худалдагдахгүй, өөр санхүүжилт харахгүй байх боломжийг олон нийт бүрдүүлж байгаа юм. Эрэн сурвалжлах журам нь бусдаас хараат бус, 2-3 эх сурвалжаас тодруулна гэх мэт заалттай байх ёстой. Баримтаа цуглуулж, нийтлэлээ бичээд блокчэйн технологиор баталгаажуулна. Нэгэнт сайтад нийтэлсэн бол хэзээ ч устахгүй. Ямар ч эрх мэдэлтэн устгаж чадахгүй.
-Гадаадын туршлагыг шууд хуулах юм уу, Монголд туршиж үзсэн үү?
-Албан журмын даатгалын системд блокчэйн технологи нэвтрүүлэн туршиж эхэлсэн. Өмнө нь осолдсон машины бүртгэлийг устгаж болдог байсан. Уучлаарай, одоо боломжгүй. Тухайн автомашины түүх, мэдээлэл бүрэн байна. Жилийн дараа үр дүн гарах байх. Мөн “Гялс” төв, “Гурван гал” эмнэлгийнхэн энэ технологийг нэвтрүүлэхээр болсон. Үүнээс гадна даатгалын компаниуд хамтрах санал тавьсан. Монголд даатгалын луйвар гарч байна. Тухайлбал, даатгалын 4-5 газар бүртгүүлээд бүгдээс нь нөхөн төлбөр авдаг. Тиймээс блокчэйн нэвтрүүлчихвэл мэдээллээ нэгтгэж, луйвар хийх арга замыг нь хаана. Хөдөө аж ахуй, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг блокчэйн технологид суурилуулж туршиж үзсэн. БСШУСЯ, Сангийн яамнаас ч санал тавьсан. Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагатай хамтрахаар болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг тараана, тараахгүй гэх санал асуулгыг блокчэйнээр авахаар ярилцаж байна. Монголын том хувийн хэвшлийн банкууд блокчэйнийг нэвтрүүлэхээр сонирхож буй.
-Төрийн бүх үйлчилгээнд блокчэйн технологи нэвтрүүлж болох нь ээ?
-Боломжтой. Энэ технологийг нэвтрүүлбэл цэцэрлэг, сургуулийн бүртгэлд “но” гарахгүй. Төрийн албан хаагч ХОМ-ээ засахыг хязгаарлана. Төрийн албан хаагчаас ямар хөрөнгөтэй вэ гэж асуухгүйгээр бусад газрын мэдээлэлтэй тулгаад тэр хүмүүсийн хөрөнгийг блокчэйн технологиор баталгаажуулж болно. Эцэст нь, зөвшөөрөлтэй, шалгах эрхтэй алба хаагч тухайн хүний регистрийн дугаарыг оруулахад бүх мэдээллийг татаад харуулчихдаг систем нэвтрүүлнэ гэсэн үг. Бас эрүүл мэндийн шинжилгээний хариуг блокчэйн технологид бүртгүүлж болно. Ингэвэл шинжилгээний хариуг хэн нэг нь засаж, харж болохгүй. Эзэн нь царайгаа таниулаад өөрөө үзнэ. Дээрээс нь шинжилгээний хариу гаргасан лаборант, оношилгоо хийж буй эмч хариуцлагатай болох юм. Элсэлтийн ерөнхий шалгалт цахимжсан. Энэ бол дэвшил. Нэмээд блокчэйн технологи нэвтрүүлэх боломжтой. Элсэгчийн авсан дүнг тоон утгаар нь гаргаад ирж байгаа юм чинь үүнийг блокчэйн технологид оруулъя. Тэгвэл тэр хүний хувь заяа баталгаажна. Дүнг засах боломжгүй болно. Дараа нь их сургуулийн дипломыг бүртгэдэг болъё. Хуурамч диплом гэж байхгүй болно. Энэ мэтээр эрүүл мэнд, боловсролын системд энэ технологи маш чухал.
-Гэмт хэрэгтнийг царайгаар нь таньж болно гэв үү?
-Гэмт хэрэгтнийг царайгаар нь таньж болно. Таних магадлал 99 хувь. Тухайн сэжигтний “Хур” системд байгаа иргэний үнэмлэхийн зурагтай нь тулгаад л гаргаад ирнэ. Жишээ нь, видео дээр бусдын хоолой боож заналхийж буй хүний дүрсийг блокчэйн технологийн тусламжтайгаар хайхад “Хур” систем дэх мэдээлэл зураг нь гараад л ирнэ. Царайгаар нь нэг секундэд л танина. (Ярилцлагын явцад тэрбээр хүнийг царайгаар нь таниулах туршилтаа бодитоор үзүүлсэн) Барууны орнуудад хүний эрхийн асуудал хүчтэй яригддаг. Гэхдээ энэ нь хүний эрх зөрчсөн гэмт хэрэгтний үйлдэлд хамаарахгүй. Энэ технологи хүний эрхийг хамгаална.
-Энэ технологийг жирийн хүн ашиглаж болох уу?
-Маш өндөр хүчин чадалтай технологи шаардлагатай. Хөрөнгө оруулалт их шаардана гэсэн үг. Нэмээд өндөр ур чадвар хэрэгтэй. Гэвч монголчууд чадна. Авлига, хээл хахууль 100 хувь арилж, хэрэг зөрчил буурснаар хөрөнгө оруулалтаа дор нь нөхнө. Аль нэг улсын бүтээснийг авна гэдэг үндэсний аюулгүй байдалд халтай.
-Төр, засгаас хэрхэн дэмжиж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнөөдөр (өчигдөр) биднийг дэмжиж, хамтарч ажиллая гэсэн. Өөрөөр хэлбэл, “E-Моngolia” төсөл хэрэгжүүлэх болсон. Бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх байх. Хувийн хэвшилтэй хамтарч дижитал шилжилт хийнэ гэсэн. Үүний дагуу Эстони улсын туршлагыг судлахаар санамж бичиг байгуулсан. Гадаадын улсууд үндэсний блокчэйн бий болгоод амжилттай хэрэгжүүлж буй. Асар их хөрөнгө төсөвлөсөн ч ашгаа хүртэж байна. Миний санаа зовж буй зүйл бол бид эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, барилга, хот төлөвлөлт гээд асар олон зүйлээр дэлхийн улсуудаас хоцорсон. Ганцхан дижитал шинэчлэл, блокчэйн технологийн хөгжлөөрөө нэг цэгт байна. Одоо дэлхийд тэр илүү гэж цойлсон зүйлгүй. Тэгэхээр бид дижитал шилжилт гэдэг гараан дээр дэлхийтэй өрсөлдөх боломжоо алдаж болохгүй. 1980 онд монголчууд чүдэнз, савхин хүрэм, тараг, шилээ үйлдвэрлэдэг байлаа. Ардчилсан хувьсгал ялаад импортлогчийн сэтгэлгээтэй болчихсон. Өмсөж зүйх, тавилга гээд бүгдийг гадаадаас авах болсон. Дижитал технологийг гаднаас авч болохгүй. Энэ систем гэмтсэн гээд гадаадаас мэргэжилтэн дуудах нь гутамшиг. Тэгэхээр бид өөрсдөө технологио эзэмших хэрэгтэй. Хэрэв хоцрох юм бол XXI зуунд бид хэн ч биш болно.