Дэлхийн нүүрсний хэрэглээ эрс буурч, олборлодог түлшний илүү үр ашигтай эх үүсгэвэрт шилжсэний улмаас энэ жил нүүрстөрөгчийн хэмжээ харьцангуй бага нэмэгдсэнийг Олон улсын уур амьсгал судлаачдын бүлэг дүгнэснийг “Nature climate change” сэтгүүлд бичжээ. “Олборлодог түлш шатааснаас үүссэн нүүрстөрөгчийн түвшин энэ онд 0.6 хувиар нэмэгдсэн нь өнгөрсөн жил болон уржнангийн 2.1, 1.5 хувьтай харьцуулахад багассан үзүүлэлт юм. Энэ нь юуны түрүүнд, АНУ, Европын Холбооны орнуудад нүүрсний хэрэглээ эрс буурсан, тэрчлэн Энэтхэг, Хятадын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотой” гэж эрдэмтэд бичсэн байна.
Уур амьсгал судлаачдын олонх нь дэлхий дулаарч байгаад эргэлздэггүй бөгөөд агаарын температурын өсөлтийг энэ зууны эцсээр 1.5 градусын хэмжээнд тогтоон барьж чадахгүй бол манай гаргийн дүр төрх эрс өөрчлөгдөх нь эргэлзээгүй аж. Үүнийг уур амьсгалын хэдэн арван хиймэл дагуул, цаг уурын олон мянган станц, далай, тэнгис дэх хэмжилтийн хөвүүрүүд, компьютерын хэдэн зуун загвар нотолж буй.
Байдал тийнхүү өөрчлөгдөхөөс сэргийлэхийн тулд 2015 оны арванхоёрдугаар сард бүх улс дэлхийн дулааралтай тэмцэх талаарх анхны, бүх нийтийг хамарсан Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. АНУ татгалзахаас өмнө ч уур амьсгал судлаач, эдийн засгийн шинжээчид эл баримт бичиг хэрэгжих, хорт хийн ялгарах хурд тэглэхэд эргэлзэж байсан. Энэ нь тухайлбал, гурав дахь ертөнцийн орнуудын байдал дордсон, Америк зэрэг улс хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсантай холбоотой гэнэ.