“Твиттер”-т 20 мянгаас дээш дагагчтай жиргээчдийн “20К клуб” ТББ-ын тэргүүн Г.Энхболд манай сонины сурвалжлагчаар ажиллалаа. Тус клуб өнгөрсөн есдүгээр сараас “Дархлаатай ирээдүй” аян санаачлан зохион байгуулж, дархлаажуулалтад хамрагдахыг олон нийтэд уриалан ажилласан бөгөөд тэрбээр дархлаа судлаач Д.Мандахнарантай ярилцсан юм. Д.Мандахнаран нь Японы Токүшимагийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, өдгөө АШУҮИС-д багшилж буй.
-Ойрын хэд хоногоос огцом хүйтэрлээ. Өвөл болохоор ханиад, томуу ихсэж, улмаар дархлаа сайжруулах, дэмжих гэх мэт тодотголтой элдэв хүнс, эм, бэлдмэл хэрэглэдэг. Ер нь эрүүл мэндийн олон асуудлыг захаас аван дархлаа муудсан, сайжирсан гэх мэтээр холбон ярьж, тайлбарлах болжээ. Та мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-Юуны түрүүнд, ханиад, томуу хоёр өөр гэдгийг онцолмоор байна. Ханиад бол ижил төрлийн вирусээр үүсгэгддэг. Гэхдээ ханиадыг бидний дархлаа дарчихдаг. Харин томуу нь ханиаднаас илүү хүнд. Тиймээс ч вакцин хийдэг. 1918 онд дэгдсэн Испаний, 1957-1958 онд гарсан Азийн ханиад гэхчлэн томуугаар хэдэн сая хүн нас барсан тохиолдол бий. Дөрвөн төрлийн вирусээр үүсгэгддэг. A, B, C хүрээний вирус нь хүнийх, D нь амьтных. Тэр дотроо А хүрээнийх нь хамгийн хортой.
Ерөнхийдөө хүний дархлаа тийм ч амархан мууддаггүй. Бага насны, эсвэл өндөр настай, хүнд өвчинтэй, хорт хавдартай, хүчтэй эмчилгээ хийлгэж байгаа, эсвэл ажил, мэргэжлээс шалтгаалан хортой орчинд ажилладаг хүмүүст дархлааны эс багасах, үйл ажиллагаа нь муудах шинж тэмдэг илэрдэг. Дархлаа муудсаныг илтгэх зарим шинж тэмдэг бий. Тухайлбал, арьсан дээр ахин дахин хатиг, идээт үрэвсэл гарах, бага насны хүүхдийн чих ойр ойрхон өвдөх, ханиад нь хүндэрч хатгалгаа болох зэргийг нэрлэж болно. Дархлаа муудсан байж болзошгүй гэж үзвэл эсүүдийг нь тоолж, шинжлүүлдэг. Харин дархлааны үйл ажиллагааны идэвхийг Монголд хараахан тодорхойлохгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ганц удаа ханиад хүрэхэд нь шууд “Дархлаа муудчихаж” гэж хэлэх нь учир дутагдалтай. Ингэж яриад байгаа нь түүхэн шалтгаантай юм.
Учир нь дархлаа судлалын шинжлэх ухаан био анагаахын салбарыг дагаж, 1970-1980 оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн. Өмнө нь дархлааны эс гэж байдгийг мэдэж байснаас бус, дархлаа тогтохыг практик ажиглалтаар харсан байснаас биш, яг ямар юм байх ёстой, үүнийг яаж ашиглаж болох вэ гэдгийг мэддэггүй байсан. Монголд 1990-ээд он хүртэл Зөвлөлтийн анагаах ухаан маш хүчтэй хөгжсөн ч тэр нь зөвхөн эмчилгээнд суурилж байсан. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэхэд чиглэгдээгүй. Хоёрдугаарт, үзэл суртлаараа генетик, молекул биологийг хөрөнгөтний шинжлэх ухаан гэж үздэг байсан. Тиймээс өнөөдөр ОХУ энэ чиглэлийн хөгжлөөрөө их хоцорсон. ОХУ-д нэр бүхий цөөн эрдэмтнийг эс тооцвол энэ салбар интитуцийн хэмжээнд хөгжих гээд чадахгүй байна. Одоо Хятадад маш хурдацтай хөгжиж буй. Магадгүй 1990 оноос өмнө дархлаа гэж ярьдаг хүн манайд бараг байгаагүй байх. Тэр үед төгссөн олон зуун эмч зөвхөн орос хэлээр мэдээлэл авч байсан шүү дээ.
Уншигч-сурвалжлагч Г.ЭНХБОЛД
“20К клуб” ТББ-ын тэргүүн
Нөгөө талаас, аминдэм, хүнсний нэмэлт тэжээлтэй холбоотой асуулт, асуудлууд зөвхөн Монголд ч биш, Америк, Япон гээд өндөр хөгжилтэй оронд ч тавигдаж байгаа. Аминдэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тэр тусмаа Монголд шууд үгүйсгэж болохгүй. Өөрөөр хэлбэл, бид микро элементүүдийн бага зэрэг дутагдалтай байж болох талтай. Хүнс тэжээл, цаг агаар зэргийг харгалзах ёстой болов уу. Гагцхүү хувь хүн тохируулж хэрэглэх нь чухал. Мөн баталгаатай, албан ёсны газраас энэ төрлийн бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь зүйтэй. Ер нь дархлаагаа дэмжих хамгийн сайн арга бол вакцин. Харин бидний хувьд дархлаагаа сүйтгэж байгаа хамгийн буруу зуршил, хандлага нь эмийн замбараагүй хэрэглээ. Эмийг эмчийн заавраар уугаад л дуусгах ёстой. Манайхан эмчилгээг дутуу хаядаг. Эндээс олон эмэнд тэсвэртэй нян гэж аймаар зүйл үүсдэг.
-Томуугийн эсрэг вакциныг жил бүр хийлгэдэг нь ямар учиртай юм бэ?
-Томуугийн вирус олон янз. Гэхдээ ДЭМБ тухай тухайн жилдээ ямар вирус дэгдэх магадлалтайг тооцдог. Тэр хувьслыг нь урьдчилж тооцоод, вакциныг нь амдаж хийдэг гэсэн үг. Вакцин хийлгэсэн учраас томуу тусахгүй гэж шууд хэлэхгүй. Гэхдээ томуу тусахгүй байх магадлал өндөр болно. Томуугийн вирус дэгдэх магадлал хувьсдаг учраас вакциныг нь жил бүр тариулдаг. Томуугийн вирус маш бага өөрчлөгдөхөд л дархлааны эс танихаа байчихдаг. Жишээ нь, салхин цэцгийн вирусийн өөрчлөгдөх чанар маш бага байдаг. Тиймээс нэг хүрсэн бол дахиж хүрдэггүй. Харин ДОХ, хорт хавдар хоёрын эсрэг вакцин бүтээж чадахгүй байгаа нь вирус нь хувьсал маш өндөртэй холбоотой. Вирус нь хуваагдах тоолондоо өөр болж хувирдаг. Тиймээс дархлаа үүсэж чаддаггүй. Гэтэл халдварт галзуу өвчний вирус маш хурдтай хуваагддаг ч эсэд нь мутац үүсдэггүй учраас хэдийн гаргаж авсан дархлааны уургийг хийчихэд л нам дарагддаг.
Дархлааны эс аливаа вирусийг таних, танихгүй тухай дээр дурдлаа шүү дээ. Үүнд бага зэрэг тайлбар хэлье. Дархлааны эс гэж үндсэндээ цусны цагаан эсийг л хэлээд байгаа юм. Дотроо олон янз. Ерөнхийд нь залгиур болон тунгалаг эс гэж хувааж болно. Бие махбодыг улс гэж үзвэл залгиур эс нь хамгийн түрүүнд очиж хамгаалдаг энгийн цэргүүд бол тунгалаг эс нь тусгайгийнхан юм уу даа. Гаднаас хүний биед вирус орж ирлээ гэхэд залгиур эс түүнийг залгиж идэвхжээд, тунгалаг эсүүдээ идэвхжүүлэх бодис гаргадаг. Үүнийг нь бид мэдэрдэг. Яаж мэдэрдэг вэ гэхээр халуурдаг. Тэгвэл тунгалаг эс үржиж, олшроод гаднаас орж ирсэн зүйлийг устгадаг. Энэ урвал 14 хүртэлх хоногийн хугацаанд явагддаг. Ингээд устгачихвал олширсон өнөөх эсүүд маань өөрсдөө үхэж, цөөн хэдэн нь санамжийн эс болж насан туршдаа үлддэг. Энэ урвал явагдаж байвал хүний бие ерөнхийдөө гайгүй байна гэсэн үг. Бидний биед гаднаас мөч бүрт элдэв биет орж ирж байгаа. Бидний ярьдаг бохирын шар буюу гепатит А-гийн вирус бараг хүн бүрт бий.
Зочин Д.Мандахнаран
дархлаа судлаач
Гэхдээ үүгээр өвдөөгүй байгаа нь дархлааны эс өөрт тань мэдэгдэхгүйгээр ажиллаад устгачихсан байна гэсэн үг. Жишээ нь, салхин цэцэг нэг тусаад дахиж тусдаггүй. Уг нь бид үүний халдварыг авч л байгаа. Гэхдээ дархлааны эсүүд маань хурдтай ажиллаад дараад байгаа юм. Бас нэг сонирхолтой зүйл хэлэхэд, энэ явцад ялгардаг “эсрэг бие” гэгддэг уураг нь ихсээр дамжаад хүүхдэд очдог. Энэ нь зургаан сар орчим хугацаанд хөхний сүүгээр дамждаг. Хүүхдээ төрүүлсний дараа заавал хөхөөр хоолло гээд байдаг нь ийм учиртай. Монголчууд нүд өвдөхөөр хөхний сүү саачихдаг байсан шүү дээ. Одоо бол болохгүй. Хөхний сүүгээр ДОХ, тэмбүү тархаж байна шүү дээ. Дахиад биед адил вирус ороод ирэхэд энэ урвал маш хүчтэй, богино хугацаанд явагдаж, дарж авдаг. Санамж үүсчихсэн учраас таниад, шууд устгаад байгаа юм. Энэ шинж чанарыг ашиглаж л вакцин бүтээсэн. Хар үгээр хэлбэл, нөгөө вирусийнхээ толгойг таслаад, ийм царайтай юм орж ирнэ шүү, таниад аваарай гээд хүний биед оруулчихаар дараа нь нөгөөх вирус орж ирэхээр шууд дарчихдаг гэсэн үг. Вакцины зарчим ердөө л энэ.
БАЙГАЛИЙН ХАЛДВАРААР ДАРХЛАА ТОГТООХ ЧАДВАР ВАКЦИНААС ИЛҮҮ БИШ, БАС ЭРСДЭЛТЭЙ
-Миний бие энэ намар нийгмийн сүлжээг идэвхтэй ашигладаг найз, нөхдийн хамт “Дархлаатай ирээдүй” аян өрнүүлсэн юм. Ингэхдээ элэгний В вирус болон томуугийн вакцин хийлгэхэд уриалж, аль болох олон хүнд шаардлагатай мэдээлэл хүргэхийг зорьсон. Таны дагнан судалж буй энэ салбарын хамгийн том ололт нь вакцин, дархлаажуулалт гэдэгтэй санал нэг биз дээ?
-Дархлаа судлалын шинжлэх ухаан үүссэн цагаас хойш маш олон ололт гарч, хөгжиж байна. Тэдгээрээс хамгийн том ололт нь вакцин. Энэ бол хүн төрөлхтний амьдралын чанарыг дээшлүүлсэн том алхам. Дэлхийн хүн ардыг ДЭМБ-ын удирдлага дор дархлаажуулалтад хамруулснаар 100 жилийн өмнө хүчин мөхөстөж, яаж ч чаддаггүй амиа алддаг байсан олон өвчнийг бүрэн дарж, устгасан. Одоо устахад ойрхон олон өвчин байна. Мөн дархлаажуулалтын хүч хүрэхгүй байгаа халдварт өвчин ч зөндөө.
-Гэвч вакцины талаарх ойлголт олон нийтийн дунд харилцан адилгүй болох нь аяны үеэр тод ажиглагдлаа л даа. Хүүхдүүдээ заавал хамруулах товлолт дархлаажуулалтад хүртэл хамруулахгүй гэх хүн байна. “Хүн төрөлхийн дархлаатай төрдөг, гаднаас авдаггүй. Дархлаажуулалт бол гадаад улсын бодлого. Манай хүүхэд гуравдугаар анги хүртлээ нэг ч өвчин тусаагүй” гэх хүнтэй ч таарлаа. Вакцин тойрсон сөрөг ойлголтын тухайд та юу хэлэх вэ?
-Ер нь ямар ч хөгжлийн үед түүнийг дэмжихээс гадна эсэргүүцэх хүмүүс заавал байдаг. Автомашиныг бүтээж байхад ч эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг. Түүнтэй адил вакцин бий болоход сэжиглэж, эргэлзэж хандсан ийм хүмүүс аль ч цаг үед байсан. Зөвхөн Монголд ч биш. Гэхдээ мэдээлэл, технологийн хөгжлийн нөлөөгөөр үүнд эргэлзсэн, үл итгэсэн хүмүүс буруу мэдээлэл тараах явдал буурахгүй байна. Магадгүй 1990 оноос өмнө вакциныг албадлагаар хийдэг байсан учраас энэ мэт яриа гардаггүй байсан байх. Гаргасан нь ямар нэг байдлаар арга хэмжээ авхуулдаг байсан гэдэг. Орчин үеийн, нотолгоонд суурилсан анагаах ухааны хувьд вакцин бол хүнд дархлаа тогтоох, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн эрсдэл багатай арга болох нь нэгэнт тогтоогдсон. Чөлөөт нийгэмд хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлдэг учраас авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.
Жишээ нь, вакцины найрлагад хортой бодис агуулагддаг гэдэг. Вакциныг тогтворжуулахын тулд ашигладаг тодорхой бодисууд бий. Гэхдээ тэдгээр нь хэвийн үед бидний биед хоол хүнс, гадаад орчноос авдгаас ч олон дахин бага хэмжээтэй. Тухайлбал, мөнгөн ус зарим вакцинд маш бага хэмжээтэй байдаг. Ер нь тун нь ихэдвэл ус ч хортой. Нийгмийн сүлжээгээр “Дигидроген моноксид (H2O) гээд маш хортой юм байна” гээд цацвал юуг нь мэдэхгүйгээр шуугихад гайхах зүйлгүй. Вакцин аутизм үүсгэдэг гэх яриа маш хүчтэй гарч ирсэн. Анх 1998 онд Их Британий дотрын эмч Эндрью Вакпиельд гуравт вакцин аутизм үүсгэж байна хэмээн судалгаагаа танилцуулсан. Гэвч түүний хэлснийг батлах зорилгоор хийсэн судалгаануудаас тийм үр дүн гараагүй. Түүнтэй хамт баг болж ажилласан 13 эрдэмтний 10 нь дээрх судалгааг хуурамч хэмээн 2004 онд зарласан. 2010 оны хоёрдугаар сард түний судалгааг анх хэвлэсэн “Лансет” сэтгүүл Их Британий эрүүл мэндийн ерөнхий зөвлөлийн эсэргүүцлээр 1998 оны өгүүллийг эргүүлэн татаж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ л тэр хүний тараасан мэдээлэл олон хүнд маш хүчтэй хүрсэн. Нөгөө талаас, байгалийн халдвараар дархлаа тогтоох чадвар вакцинаас илүү биш, бас эрсдэлтэйг хэлмээр байна. Өвчин тусахгүйгээр дархлаатай болж байхад заавал өвдөж байж дархлаажна гэдэг хэцүү. “Бусад нь вакцин хийлгэсэн учраас миний хүүхэд хийлгэх хэрэггүй” гэж боддог хүмүүс бас байна. Хэн нэгнийг хамгаалах гэж вакцин хийдэггүй. Нийтээр нь дархлаажуулж байж өвчин орох газаргүй болно.
ГАРДАСИЛ ВАКЦИНЫГ АЛЬ ХЭЗЭЭНИЙ ТУРШААД, ҮР ДҮНГ НЬ ҮЗЭЖ БАЙНА
-2012 онд шиг санагдаж байна. Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг манай 11-15 насны охидод хийх ажил нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, зогссон. Гардасил гэх вакцины нөлөөний талаар танд мэдээлэл байна уу. Өөрөөр хэлбэл, хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг охидод албан ёсоор заавал хийдэг болох цаг ирсэн юм биш үү гэж хэлэх гээд байгаа юм.
-Хүний хөхөнцөр вирус бэлгийн замаар дамждаг, олон төрөлтэй. Ихэнх нь аюул багатай ч зарим нь маш аюултай, умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болж байна. Эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог эл хорт хавдраас сэргийлэх сайн арга нь бэлгийн идэвхтэй амьдралд ороогүй өсвөр насны охидыг дархлаажуулалтад хамруулах явдал. Үүний эсрэг гардасил вакциныг өдгөө АНУ, Баруун Европын ихэнх орон, өмнөд Америкийн Бразил, Аргентин, Азийн Япон, Малайз зэрэг орон товлолдоо оруулан, заавал хийж байна. Дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулаагүй ч хувь хүн мөнгөө төлөөд хийлгэхийг зөвшөөрсөн орнууд ч бий. Үүнийг хийлгэснээр энэ өвчнийг бууруулах, бараг устгах боломжтой. Бид үүнийг хийх л хэрэгтэй байгаа юм.
-Ер нь ядуу, буурай байлаа гээд аль нэг оронд вакцин турших боломж бараг байдаггүй юм билээ.
-Вакцин гаргаж авах хүртэл маш олон шат, дамжлага бий. Одоо бүр ч хатуу болсон. Буруу зүйл хийсэн нь батлагдвал үйлдвэрлэгч компаниа байхгүй болгох хэмжээний хор нөлөөтэй. Гардасил вакциныг аль хэзээний туршаад, хийгээд, үр дүнг нь үзэж байна. Дээр дурдсан орнуудад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ямар байгааг гардасил хийдэггүй улсуудынхтай харьцуулаад харах хэрэгтэй.
-Биднийг аян өрнүүлээд явж байхад “Вакцин шахах гэсэн аль нэг компанийн лоббийг хийж байна” гэж хардах хүмүүс ч байсан. Манай улс вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авдаг юм билээ. Ингэхдээ хувийн компани бус, шууд Засгийн газартай хамтран ажилладаг. НҮБ манайх шиг жижиг орнуудыг нэгтгэн, багц болгоод өндөр дүнгээр үйлдвэрлэгчид захиалдаг гэсэн шүү.
-ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг л манай улс оруулж ирдэг. Тээвэрлэж, авчрахад ч хатуу журам баримталдаг. Тиймээс баталгаагүй, “хужаа” вакцин гэх мэтээр ярих ямар ч үндэс байхгүй.
-Манайд хүн амд үнэ төлбөргүйгээр, товлолын дагуу заавал хийдэг 10 гаруй өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн вакцин бий. Олон улсын нийтлэг жишиг, хандлагын дагуу монголчууд бид заавал хийлгэх ёстой вакцинаа бүгдийг нь хийлгэж байгаа гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн болон бусад нөөц, боломжоос шалтгаалан үндэсний товлолд оруулж чадахгүй байгаа вакцин байна уу?
-Манай улсын хүн ам тархай бутархай суурьшсан гэхэд дархлаажуулалтад хамрагдах байдал харьцангуй сайн. Санаагаар болдог бол менингитийн вакциныг үндэсний товлолд оруулчихмаар байгаа юм. Гэхдээ зөвхөн төр, засаг гэлтгүй бид өөрсдөө сайн дураараа очоод вакцин хийлгэчих хэрэгтэй.
ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ХҮН ДАРХЛАА ДАРАНГУЙЛАХ ЭМИЙГ НАСААРАА ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ
-Хүн амын дархлааны ерөнхий түвшин буурах, түүнээс сэргийлэх гэсэн ойлголт байдаг юм билээ. Энэ нь юу гэсэн үг вэ. Жишээ нь, Монголын хүн амын дархлааны ерөнхий түвшинийг илтгэх судалгаа, нэгдсэн тоон үзүүлэлт гэж байна уу?
-Аль нэг улсын хүн ам дархлаа бууруулагч хими, биологийн хүчин зүйлд өртөөгүй тохиолдолд тэр чигээрээ дархлаа нь буурна гэсэн ойлголт байхгүй л дээ. Жишээ нь, ХДХВ-ын халдвар газар авах, олон хүн оршин суудаг газарт цацраг туяа, химийн хорт бодис алдагдах зэрэг тохиолдолд хүн амын ерөнхий дархлаа буурах магадлалтай. Бидэн шиг жирийн амьдарч байгаа тохиолдолд хэн нэг хүнийх буурна уу гэхээс хүн амын ерөнхий түвшин доошлохгүй. Энэ чиглэлээр хийсэн судалгаа Монголд бараг байдаггүй байх. Манай сургуулийн багш С.Цогтсайхан нарын судалгаагаар улирлын шинж чанартайгаар дархлаа өөрчлөгддөг гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ энэ нь дархлааны хэмжээ савлахаар хэмжээнд нөлөөлөхгүй. Хүн бүрийн дархлаа өөр. Зарим хүүхэд ханиад амархан тусдаг бол зарим нь шарлах “дуртай”. Энэ нь аав, ээжээс авсан удмын мэдээлэл өөр өөр байдагтай холбоотой. Үүнийг эрдэмтэд хүн, амьд амьтан тодорхой өвчин тусаад үхэж болох ч ийм олон янз байсныхаа хүчинд нэг өвчнөөр олноороо үхдэггүй хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, бүгд ижил дархлаатай байсан бол нийтээрээ үхэх ч эрсдэлтэй гэсэн үг.
-Манайд хавдрын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж байна. Хорт хавдар, дархлаа хоёрын хооронд ямар хамаарал байдаг юм бол?
-Ингэж хэлэхээр хүмүүс гайхаж магадгүй юм. Хорт хавдар амьдралын чанар дээшилж байгаагийн нэг үзүүлэлт болдог. Амьдралын чанар доогуур, ядуу орны иргэд халдварт өвчин тусах магадлал өндөр байдаг бол энэ үзүүлэлт сайжрахаар зүрх, судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөх нь нэмэгддэг. Мөн хүн амын насжилт уртсаж байгаагийн нэг илрэл нь хорт хавдар болдог. Шалтгааныг нь тайлбарлая. Хүний 37.5 тэрбум эсийн улаан эсээс бусдад нь гурван тэрбум үсэгтэй генийн код хадгалагдаж байдаг. Эс болгон хуваагдана. Хуваагдахдаа гурван тэрбум кодыг хувилдаг. Хувилахдаа алдаа гаргах магадлалтай. Өөрөөр хэлбэл, эс хэдий чинээ олон хуваагдана, төдий чиний алдаа гарах магадлал нэмэгдэж, нэг мэдэхэд хорт хавдар үүсдэг. Гэтэл хүн хөгшрөхийн хэрээр эс нь олон хуваагддаг. Хорт хавдраар залуу хүмүүс өвдөх боллоо гэж байгаа ч үүнийг тусах магадлал хөгшин хүмүүст өндөр байгаа биз. Хорт хавдрын эс тухайн хүний эрүүл эсээс үүсдэг. Тиймээс тэр нь тухайн хүний дархлааны тогтолцоонд танигдах чадвар багатай байдаг. Танигдах чадвар гээд байгааг тайлбарлая л даа. Хүний дархлааны эсүүд гаднаас орж ирсэн нянгуудын эсрэг нэгдүгээрт, таних, хоёрдугаарт, идэвхжиж, өөрийгөө хувааж олшруулах, гуравдугаарт, өнөөх харийн биет рүү довтлоод, устгасан бол идэвхжил нь намжих, эцэст нь тэдний эсрэг ой санамж үүсэх буюу дархлаа тогтох гэсэн үе шатттайгаар ажилладаг. Таны, миний, бид бүгдийн дархлааны эс өөр өөрийнхөө эрхтнүүдийг маш сайн таних чадвартай. Жишээ нь, миний бөөрийг танд шилжүүлэн суулгахад “Минийх биш байна” гээд довтлоод эхэлдэг. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлааны эсийн довтолгоог бага байлгахын тулд дархлааг дарангуйлах эмийг өвчтөн насаараа хэрэглэх шаардлагатай болдог. Гэтэл ДОХ-ын вирус дархлааны эсийн санах ойг устгачихдаг. Ингэснээр тухайн хүнд өмнө нь тогтсон дархлаа бүгд байхгүй болчихно гэсэн үг.
Ингэж өөрийнх нь эсээс үүссэн хорт хавдрыг дархлаа таньдаггүй. Улмаар хорт хавдрын эс дархлааны тогтолцоог дарангуйлдаг. Уг нь хүнд өөрийнхөө дархлааг зогсоох механизм үйлчилдэг. Жишээ нь, эмэгтэй хүний биед гаднаас эр бэлгийн эс орж ирснээр хэвлийд нь ураг бүрэлддэг. “Миний эс биш. Би энийг танихгүй” гээд эмэгтэйн дархлааны эс гаднаас орж ирсэн биетийг усгаж болно оо доо. Гэтэл эхийн дархлаа тэр зүйл рүү довтолдоггүй. Яагаад гэвэл, эхсийн эс “Боль, битгий довтол” гэх дохио гаргадаг. Энэ маягаар хавдрын эс генийн мэдээллийг тухайн хүний дархлааны эсрэг ашиглаад эхэлдэг. Тиймээс хорт хавдрын үед дархлааны тогтолцоо дарангуйлагддаг, идэвхтэй ажиллаж чаддаггүй. Харин 2018 оны Нобелийн шагналыг анагаах ухаан, физиологийн салбарт хүртсэн Жэймс П.Аллисон, Тасүкү Хонжо нар хорт хавдрын үед зогссон эсийг биеэс гаргаж аваад, буцааж идэвхжүүлэн оруулж, хорт хавдартай тэмцүүлэх шинэ арга санаачилсан. Гэхдээ одоогоор энэ нь зарим хавдрын үед л үр дүнтэй байгаа.
-Монголд элэгний хорт хавдартай хүн олон байна. Уг нь энэ хавдрын гол үүсгэгч В вирусийн эсрэг вакциныг одоо бид хийлгэх боломжтой шүү дээ.
-В вриус бол элэгний хавдар үүсгэх том хүчин зүйл. C вирус хавдар үүсгэдэг ч голчлон элгийг хатууруулдаг. Гэтэл В вирусийн эсрэг вакцин гарчихсан. Нэг удаагийн тариур хэрэглэдэггүй байснаас манайд В, C вирус өргөн тархсан гэж ярьдаг нь үнэн. Гэхдээ В вирус бэлгийн замаар дамждаг. Бид энэ өвчнөөр өвдсөн бүрийг эмчилж, элгийг нь сольж чадахгүйгээс хойш вакцин хийлгэх ёстой. Нэгэнт үүссэн асуудлыг шийдэж чаддаггүй юм гэхэд ирээдүйд элэгний хорт хавдаргүй байх боломжийг эрэлхийлэх учиртай.
-В вирусийн эсрэг вакциныг 15 жил тутам тариулах ёстой. Энэ нь ямар учиртай юм бэ. Зарим вакцинийг нэг тариулаад л дахиж хийлгэх шаардлагагүй байдаг шүү дээ.
-Үүнийг вакцинийг хүчжүүлэх гэж ярьдаг юм. Онолын хувьд дархлаа насан туршдаа тогтоно гэдгийг бид мэдэж байгаа ч бас эргэлзэнгүй хандаж, баталгаажуулж, идэвхжүүлэхийн тулд цөөн тоотой байгаа эсийг олшруулахын тулд гаднаас нь ахин дахин тарьдаг. Жишээ нь, салхин цэцэг аюултай өвчин биш учраас ахин дахин хийж, зардал гаргах шаардлагагүй. Харин элэгний В вирус аюултай учраас гурван удаагийн тун хийж байгаа юм. Түүнээс дархлаа алга болсон гээд дахин хийж байгаа юм биш. Дархлааг нь өдөөж байгаа гэж ойлгож болно.
ХАРШИЛ ДАРХЛАА МУУДСАНААС ҮҮСДЭГГҮЙ
-Богино хугацаанд хэт их ачаалалтай ажиллах, эсвэл стресстэх нь дархлаанд хэр нөлөөтэй вэ. Манайхан “Ойрд ядраад, ачаалал ихтэй ажиллаад хатиг гарлаа, цагаан мах эргэлээ, харшил сэдэрч, дордлоо” гэх мэтээр ярьдаг шүү дээ.
-Орчин үед психосоматик буюу сэтгэц-биеийн анагаах ухаан гэж салбар шинжлэх ухаан хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн стресс, ачаалал нь бие махбодод өвчин үүсгээд байдаг юм биш биз гэсэн үүднээс судалдаг. Сэтгэл зүй стресс, дарамтад орохоор хүний биеэс дархлаа дарангуйлдаг бодис ялгарч, мууддаг байх гэсэн судалгаа эхнээсээ гарч байгаа ч хараахан массын хэмжээнд ярих болоогүй байна. Мэдээж стресс нь зөвхөн дархлаа биш, маш олон өвчний эрсдэлт хүчин зүйл болж байгаа. Стресст орохгүй байх арга байхгүй. Гэхдээ стрессээ зөв тайлах арга бий.
-Ингэхэд харшлын эсрэг вакцин бүтээх боломжтой юу?
-Харшлын тухай олон буруу ойлголт бидний дунд байна. Харшил дархлаа муудсанаас үүсдэггүй. Харин дархлаа хэт их эрчимтэйгээр, буруу ажилласнаас үүсдэг өвчин юм. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирж байгаа хоргүй зүйлийг хортой гэж таниад өөрийгөө зовоогоод байгааг л харшил гэж хэлээд байгаа юм. Харшлын эсрэг хамгийн зөв эмчилгээ нь батлагдсан эм хэрэглэх, үүсгэгчээс нь аль болох хол байх. Вакцин ч юу байх вэ, мэдрэггүйжүүлэх эмчилгээ гэж бий. Өөрөөр хэлбэл, харшил үүсгэдэг зүйлийг нь бага багаар тарьж, хэт их ажиллаад байгаа дархлааг дарангуйлна гэсэн үг л дээ.
-Манайхан харшилд голио сайн гээд л хэрэглэх юм билээ. Энэ мэт зүйл ер нь зөндөө. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Үүнийг альтернатив анагаах ухаан гээд байгаа юм. Харин бидний сайн мэдэх орчин үеийн, албан ёсны гэж болох анагаах ухааныг нотолгоонд суурилсан гэж тодотгодог. Альтернатив анагаах ухаанд маш олон зүйлийг хамруулдаг. Голионы бөгс сорох, тарваганы хүн мах идэх гэх мэт экстрим зүйл ч бий. Энэ нь өвчтөнд сэтгэл зүйн засал болдог талтай. Хэрэв үнэхээр сайн байсан бол эмийн компаниуд зүгээр өнгөрөөхгүй. Харшилтай хэдэн зуун сая хүнд худалдахад хэмжээлшгүй ашиг олно шүү дээ.
Ер нь хүн сэтгэл зүй, бие махбод гэсэн хоёр зүйлээс тогтдог. Хүн ухамсарт амьтан учраас сэтгэл түгших зовиур их үүсдэг юм байна л даа. Тиймээс үүнийгээ багасгах арга эрэлхийлдэг. “За, би залбирчихсан, лам багш хэлсэн юм чинь зүгээр, ёлын элэг идчихсэн юм чинь эдгэнэ” гэх мэтээр сэтгэл түгшиж байгаагаа ухамсаргүйгээр үгүйсгэж байгаа хэлбэр гэх үү дээ. Ингэснээр сэтгэлээсээ стресс, түгшүүрийг гаргаж байгаа гэж үздэг. Хэрэв ингэж шахаж гаргахгүй бол дарамт болж таныг зовоодог. Харамсалтай нь, өвчинтэй хүмүүсийн зовлонгоор зарим нь бизнес биш, луйвар хийдэг. Японд хорт хавдартай өвгөн хөрөнгө, мөнгөө хуваарилаад, найз нөхөд, төрөл төрөгсдөө урьж, хаалтын үдэшлэг хийх жишээтэй. Сэтгэл зүйн менежмэнт юм даа.
Тэмдэглэсэн Б.НОМИН