БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын удирдагчид Бразилын нийслэлд дэлхийн улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон тус таван орны хамтын ажиллагааг хэлэлцэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус уулзалтын бизнес форумын үеэр үг хэлэхдээ гаалиар хавчих бодлого болон шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байгааг онцлон тэмдэглэжээ. “БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулж байна гэж тус бүлгийн орнуудын удирдагчид зөв хэллээ. Шударга бус өрсөлдөөний арга нь дэлхийн худалдаанд улам газар авч, дангаар хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ, түүний дотор улс төрийн зорилгоор гаалиар хавчих бодлого явуулах болсон нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” гэж тэрбээр мэдэгдэв. Ийм нөхцөлд БРИКС-ийн орнууд эдийн засгаа хөгжүүлэх, нийгмийн байдал доройтож, амьжиргааны түвшин доошлохоос сэргийлэх, иргэдийнхээ сайн сайхны төлөө нухацтай хүчин чармайлт гаргах шаардлагатай гэв.
В.Путин эрчим хүчний салбарыг БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн нэрлээд, Орос улс энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэж цохон тэмдэглэжээ. Мөн тэрбээр ОХУ-ын эрх баригчид улс орныхоо эдийн засгийг уналтад орохоос сэргийлж чадсан ч ДНБ-ий өсөлтийн өнөөгийн хурдац хангалтгүй байгааг мэдэгдлээ.
“Орос улсад бид макро эдийн засгийг тэнцвэржүүлэх бодлого олон жил баримталж ирлээ. Үүний зэрэгцээ төрийн санхүүд хариуцлагатай хандан, банкны болон зээлийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж байна. Эдийн засгийн гол салбаруудыг бэхжүүлэхийн тулд дэмжихийг хичээж байна. Үүний ачаар бид улсынхаа эдийн засгийг уналтад орохоос сэргийлж чадсан” гэж В.Путин өгүүлэв. “Мэдээж хэрэг, ДНБ-ий өсөлтийн өнөөгийн хурдцыг хангалттай гэж бид бодохгүй байгаа. Тиймээс нэмж хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэжээ.
ОХУ-ын Улсын статистикийн албаны урьдчилсан дүгнэлтээр 2019 оны гуравдугаар улиралд тус улсын эдийн засаг жилийн дундаж үзүүлэлтээс 1.7 хувиар өссөн бол есөн сарын хугацаанд өсөлтийн хурдац 1.1 хувьтай гарчээ. Энэ нь Эдийн засгийн хөгжлийн яамны таамгаас доогуур үзүүлэлт аж. Тус яам гуравдугаар улиралд Оросын ДНБ-ий өсөлтийн хурдац 1.9 хувьд хүрнэ гэж мэдэгдсэн байна.