Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор, туйл судлаач Л.Дүгэржав долоо дахь удаагаа Антарктид тивд судалгаа хийх болсноо өчигдөр мэдээлэв. Мөсөн тивд хөл тавьсан дөрөв дэх монгол эрдэмтэн тэрбээр энэ удаа Болгарын судлаачидтай хамтран ажиллах бөгөөд энэ сарын 19-нд эх орноосоо хөдөлнө. Тус тивд одоогоор 54 орон судалгаа хийж буйгаас 29 нь баазаа байгуулжээ. Манай улс ч Ливингстон аралд бааз байгуулах болсон. Л.Дүгэржав арванхоёрдугаар сарын эхээр Ливингстонд очиж, судалгаагаа эхлэх гэнэ. Ирж, очих замд нийт нэг сарын хугацаа зарцуулахаас гадна Антарктидад 40 хоног ажиллахаар төлөвлөжээ. Зардлыг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан байна. Л.Дүгэржав “1959 онд Антарктидын олон улсын гэрээг баталсан бөгөөд 2059 он хүртэл хүчинтэй. Одоогоор тус тив хэн нэгний эзэмшил биш.
Томоохон улс орнууд хөрөнгө зарж, Антарктидыг судалж байна. Энэ нь газар нутгийн төлөөх тэмцэл гэж хардаг. Тэмцэл одоохондоо судалгааны түвшинд л өрнөж буй. Манай гаргийн хуурай газрын 10 хувь, Монголоос 10 дахин том буюу 15 сая ам км газрыг тус тив эзэлдэг. Дунджаар 2400 метр зузаан мөсөөр хучигдсан, дэлхийн цэвэр усны нөөцийн 80 орчим хувийг мөс хэлбэрээр хадгалж байна. Тэнд мөрөө гаргаж чадсан нь ирээдүйд ус, газартай болно. 2015 онд Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд нэгдсэнээр бид судалгаа хийх эрхтэй болсон. Өнгөрсөн жилүүдэд бид голдуу л танин мэдэхүйн чанартай аялал хийдэг байлаа. Харин энэ жилээс бааз байгуулах газартаа геологийн зураглал хийнэ, мөн цаг уурын автомат станц суурилуулсан. Үүнээс гадна зургаан хүн амьдрах орон сууц бариулж байгаа” гэлээ. Ташрамд дурдахад, ШУТИС дэргэдээ Антарктид судлалын лаборатори байгуулж буй юм билээ.
Бэлтгэсэн: Ч.Мөнх