Иракийг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглааны улмаас учирсан хохирлын хэмжээ зургаан тэрбум ам.долларт хүрсэн тухай тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан ёсны төлөөлөгч, генерал Абдель Карим Халаф мэдээлснийг “Al Hadath” телевиз уламжиллаа. Өдгөө Багдад болон тус улсын төв болон өмнөд нутгийн хэд хэдэн мужид болж буй жагсаалд оролцогчдод тэрбээр хүчирхийллээс зайлсхийж, төрийн байгууллага, үйлдвэр, тэр дундаа нефтийн компаниудад халдахгүй байхыг уриалжээ. “Гадаадын нефтийн компаниудын оффист халдахыг арми хүлээн зөвшөөрөхгүй” гэж генерал Абдель Карим Халаф онцлон тэмдэглэв. Тэрчлэн иракчуудын хэвийн амьдрах нөхцөлийг хангадаг зам, гүүрийг хаах, цэргийн ямар ч объектод ойртож болохгүйг ч тэрбээр анхааруулсан байна.
Иргэд тайван жагсаал хийх эрхтэйг Иракийн армийн ерөнхий командлагчийн төлөөлөгч нотлоод, эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын эсрэг галт зэвсэг хэрэглэхгүй байх хатуу тушаалыг цэргийнхэн авсныг мэдээлжээ.
Иракт өнгөрсөн сарын эхнээс хойш амьдрах нөхцөл муудсан, ажилгүйдэл нэмэгдсэн, авлига газар авсныг эсэргүүцсэн жагсаал, цуглаан үргэлжилсээр байна. Бараг бүх жагсаалын үеэр хүчирхийлэл, эмх замбараагүй байдал гарч буй. Тус улсын Хүний эрхийн дээд комиссын сүүлийн мэдээллээс үзвэл энэ хугацаанд 260 гаруй хүн амиа алдаж, 12 мянган жагсагч гэмтжээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэл болон бусад хотод эхлүүлсэн хугацаагүй ажиллагаагаа иргэний хөдөлгөөнийхөн үргэлжлүүлж, олон мянган хүн Багдадын гудамж, өргөн чөлөөнүүдийг бүслэн хааж, дугуй шатааж, жагсагч, хэв журам сахиулагчдын хооронд мөргөлдөөн үе үе гарч буй юм.