Хятад улс оролцоогоо өргөжүүлж буй Өмнөд Хятадын тэнгисийн байдалд сэтгэл түгшиж буйгаа Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН)-ны дээд хэмжээний уулзалтын дарга мэдэгдэлдээ тэмдэглэжээ. Харилцан буулт хийх арга зам хайж, маргаантай эл хэсэгт зориулсан хуулийн төсөл боловсруулах талаар ахиц гарч буйд уг мэдэгдлээр дамжуулан баяр хүргэсэн байна. Үүний сацуу тус холбооны гишүүн 10 улсын удирдагч хамтарсан мэдэгдэлдээ Өмнөд Хятадын тэнгист хуурай газар үүсгэж буй болон үүнтэй холбоотой үйл ажиллагаа сэтгэл түгшээж байгааг дурджээ. “Бид харилцан итгэлцлээ бэхжүүлж, хүлээцтэй байж, байдал хүндрүүлэх үйлдлээс зайлсхийх шаардлагатайгаа дахин нотолж байна” гэж уг баримт бичигт тэмдэглэсэн аж. Жилд хоёр удаа болдог дээд хэмжээний уулзалт энэ удаа тэнгисийн маргаантай холбоотойгоор эрс хурцадсан Вьетнам, Хятад хоорондын түгшүүртэй байдлын үед боллоо. Тэнгисийн маргааныг олон улсын хуулийн дагуу аль болох түргэн шийдэх ёстой гэж филиппинчүүд шаарджээ.
ШИНЗО АБЭ, МҮН ЖЭ ИН НАР УУЛЗЛАА
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр талын асуудлуудыг хэлэлцээний замаар шийдвэрлэх шаардлагатай талаар санал нэгдсэнийг Өмнөд Солонгосын Төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тэд АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд даваа гарагт хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг хөгжүүлэх нь чухлыг дахин нотолсон байна.
Япон, БНСУ-ын удирдагчид мөн өнгөрөгч ням гарагт болсон оройн зоогийн үеэр уулзжээ. Тэд хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр албан ёсны ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын Ерөнхий сайд И Нак Ён Японы эзэн хааныг сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайдад БНСУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг дамжуулсан байна.
2018 оны аравдугаар сард БНСУ-ын Дээд шүүх дэлхийн II дайны үеэр албадан хөдөлмөр эрхэлж байсан хэмээн үзэж буй хүмүүст нөхөн төлбөр олгохыг Японы компаниас шаардсан шийдвэр гаргасантай холбоотойгоор хоёр орны харилцаа хурцадсан юм. Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг аж.
Уг маргаан худалдаа болон аюулгүй байдлын салбар луу хальж, БНСУ-ын технологийн үйлдвэрлэлийн салбарт чухал ач холбогдол бүхий материалуудын экспортоо Япон чангатгасан бол тус улстай тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээгээ цуцалснаа БНСУ мэдэгдсэн юм.