Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, эрх баригчид нь онцгой байдал зарлажээ. Дээд шүүхийн тусгай комиссоос нь нийслэлд болон хэд хэдэн мужид хязгаарлах арга хэмжээ авч, барилгын бүх ажлыг зогсоож, ёслолын буудлага хийхийг хориглосон байна. Хотуудын дунд сургуулиудыг энэ долоо хоногийн мягмар гараг хүртэл хааж, сурагчид, тэдний эцэг, эхэд шүүлтүүртэй таван сая гаруй амны хаалт тараажээ. Нийслэл хийн камер боллоо гэж Шинэ Дели хотын Засгийн газрын тэргүүн Арвинд Кеджривал хэлсэн байна. Цагаан утаанд автсан тус хотын оршин суугчид нийгмийн сүлжээнүүдэд гэрэл зургууд тавьж, жил ирэх тусам байдал улам муудсаар буй талаар гомдоллох болжээ.
Ургац хураасны дараа талбайд үлдсэн сүрлээ шатаадаг фермерүүдийг экологийн байдлыг эрс муутгасанд буруутгаж буй аж. Энэтхэгийн хойд нутгуудад жил бүрийн арваннэг, арванхоёрдугаар сард 80 мянган ам км газар дахь хөдөө аж ахуйн 23 сая гаруй тонн хаягдлыг шатаадаг гэнэ.
Харвардын их сургуулийн эрдэмтэд 2012-2016 оны судалгаагаараа Шинэ Делигийн агаарын бохирдол сүрэл шатааснаас үүдэлтэйг тогтоосон байна. Энэтхэгт үүссэн манангийн аюул нь тоосны зарим ширхэг хэт жижиг учир хүний уушгинд тунаж үлдэх, зарим тохиолдолд цусанд шууд нэвчдэгт оршдог аж.