Хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг сүрдүүлэг, хүчирхийллийг нэн даруй эцэс болгохыг АНУ уриаллаа. Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны удирдагч Морган Ортэгусын хийсэн мэдэгдэлд ийн дурджээ. “Дэлхий даяар хэтэрхий олон сэтгүүлч амиа алдаж, эрүүдэн шүүлтэд өртөж, шоронд хоригдож, авлигад идэгдсэн дэглэмийнхээ үйлдэж буй хэрэг зөрчлийг дэлгэсэн, террорист болон гэмт байгууллагуудын ажлыг хөндсөн, нийгмийн анхаарлын гадна үлдсэн төлөөлөгчдөд үг хэлэх боломж олгосон, буруу ташаа мэдээллийг эсэргүүцсэн сурвалжилгынхаа төлөө гадуурхагдах болжээ” гэж тэрбээр мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.
Сэтгүүлч болон олон нийтийн мэдээллийн ажилтнуудад халдаж буй асуудалд иргэдийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2013 оны арванхоёрдугаар сарын 18-нд Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. Мали улсын хойд нутагт арваннэгдүгээр сарын 2-нд амь үрэгдсэн “Radio France internationale”-гийн сэтгүүлч Жислен Дюпон, Клоде Верлоне нарыг дурсан санаж байхаар эл өдрийг сонгон тэмдэглэж байхаар болжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ЮНЕСКО-гоос сэтгүүлчдийн аминд халдсан хэрэгт хяналт тавих төвийг ажиллуулж эхэлсэн, ийм гэмт хэргийг хэрхэн мөрдөн шалгаж буй талаарх мэдээллийн олон улсын цахим бааз байгуулснаа зарласан билээ. Тус байгууллагын мэдээлснээр 1993-2019 оны арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд манай гарагт 1360 орчим сэтгүүлч, тэдний 99 нь 2018 онд амиа алдсан байна. Эл хэргийн 90 хувь нь илрээгүй гэнэ.