Иргэд анхан шатны эмнэлгээс ямар тусламж, үйлчилгээ авах боломжтой талаар “Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн тэргүүлэх зэрэгтэй эмч, клиникийн профессор Д.Хоролсүрэнгээс тодрууллаа. Тус төвийнхөн Баянзүрх дүүргийн I хорооны иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
-Иргэд ӨЭМТ-өөс ямар тусламж, үйлчилгээ авах боломжтой вэ?
-Тухайн хороонд түр болон байнга оршин суугаа иргэд ӨЭМТ-өөс анхан шатны тусламж, үйлчилгээ авах бүрэн боломжтой. Мэдээж эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай. ӨЭМТ-үүдэд хөнгөлөлттэй эмийн жор олгох, шээсний, цусан дахь чихрийн хэмжээг тогтоох, хелико бактери тодорхойлох, 15 болон түүнээс дээш насныханд элэгний B, C вирус илрүүлэх зэрэг шинжилгээ хийж байна. Хелико бактери илэрсэн тохиолдолд эмчилнэ. Харин элэгний В, С вирус илэрвэл тоолуулах, эмчлүүлэх зэрэг үйлчилгээг дараагийн шатлалын эмнэлэгт хийлгэнэ. Мөн энэ оноос ӨЭМТ Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулж, шинээр дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Үүнд өдрийн болон гэрийн эмчилгээ, лабораторийн оношилгоо, сэргээн засах тусламж, үйлчилгээ багтаж буй.
-Нэг иргэн жилд хэдэн төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй юм бол?
-ӨЭМТ-үүд харьяа хорооныхоо хүн амынхаа тоогоор санхүүжилт авдаг. Нэг иргэн жилд 15 400 төгрөгийн үйлчилгээ авахаар тогтоосон. Гэхдээ иргэн хэдэн ч удаа үзүүлж болдог. Өнгөрсөн сарын 26-нд болсон эмч нарын их хурлаар дээрх төсвийг 30 мянган төгрөг болгож нэмэх шийдэлд хүрсэн. Үүнийг хэзээ хэрэгжүүлэхийг хүлээж сууна.
-ӨЭМТ-өөс үзүүлэх тусламж, үйлчилгээ нэмэгдсээр байна. Иргэд үүнд бүрэн хамрагдаж чаддаг уу?
-Манай ӨЭМТ сард 150 хүнийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр бид Баянзүрх дүүргийн I хорооны харьяа 8173 иргэний 70 гаруй хувийг хамруулсан. Иргэд энэ талаар мэддэггүй, эсвэл ажилтай гэх шалтгаанаар хамрагддаггүй. Тухайлбал, умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээнд 35 болон 45 насны эмэгтэйчүүдийг гурван жилд нэг удаа үнэгүй хамруулдаг. Гэвч эмэгтэйчүүд ӨЭМТ-д ирэхгүй юм. Иргэд ядаж нэг өдрийг эрүүл мэндийнхээ төлөө зориулаасай гэж хүсэж байна.
Бэлтгэсэн: Б.Уянга