Германы мэргэжлийн гольфын академийн багш дасгалжуулагч Д.Очирчулуунтай ярилцахаар нэлээд судлав. Тэрбээр тус улсад амьдарч, гольф тоглохын зэрэгцээ дасгалжуулагч, шүүгчээр ажилладаг. Гольфын ертөнцөд хөл тавьсан түүний түүх тун сонирхолтой. Гольф тоглож сурахад нь мэргэжлийн дасгалжуулагч бус, жирийн нэг тосгоны эмээ нар тусалжээ. Тэд гольфын тойрогтоо дагуулж явсаар тоглогч болгосон гэдэг. Тэмцээнд анх оролцож түрүүлсэн сэтгэл хөдлөл түүнийг энэ спортод буцалтгүй хөтөлжээ. Дасгалжуулагч бүсгүй алс хол хүний нутгаас Монгол дахь гольфын спортыг дэмжиж, өсвөрийн гольфчдын тэмцээнийг ивээн тэтгэсэн байна. Д.Очирчулуун Германд мэргэжлийн гольфын багш дасгалжуулагчаар бэлтгэгдэж буй Монголын анхны эмэгтэй юм.
-Германд ажиллаж, амьдрахын зэрэгцээ гольф тоглож, дасгалжуулагч, шүүгчээр ажилладаг болохыг тань мэдээд энэ спортын тухай тантай ярилцах юм сан гэж бодож байлаа. Гольф хэрхэн сонирхож, хөл тавив?
-Би гольф тоглож буй хүмүүсийг анх харчихаад ер сонирхоогүй. Хүмүүс амралтын өдрөөр хүнд цүнх үүрч, юунд ядарч унатлаа гольф тоглодог юм бол гэж боддог байлаа. Энгийн үед харц дээгүүр, ганган хүмүүс гольф тоглосны дараа хамаг хөлс нь цувж, нүүрнийх нь будаг арилан, гутал хувцас нь шавар, шавхай болчихсон гэртээ харьж яваа харагддаг. Энэ спортод татагдсан миний түүх тун сонирхолтой. Тэмцээнд оролцож түрүүлсэн тэр үеийн мэдрэмж минь надад их таалагдсан. Хүн аливаа зүйлийг бусдаас гойд хийж, түүгээрээ түмний өмнө овог, нэрээ, эх оронтойгоо дуудуулах шиг сайхан зүйл хаа байх вэ.
-Хүмүүс гольфын талаар ойлголттой байдаг ч гайхамшгийг нь төдийлөн мэддэггүй. Таныг энэ спорт өөртөө дурлуулж, өөрчилж чадсан тухай сонирхуулж яриач?
-Гольф ажлын алжаал, стресс тайлдаг. Сонирхогчид хичээллэнгээ хоорондоо ярилцаж болдог. Байгальд алхангаа, тоглодог болохоор хоёроос дөрвөн цаг бясалгал хийсэн мэт амарна. Тойрогт та ганцаараа, эсвэл найз нөхөдтэйгөө тоглосон ч сонирхолтой. Фитнес клубт хоёр цаг хичээллэхэд хатуужил, тэвчээр чамгүй шаарддаг бол гольф тоглоход доод тал нь дөрвөн цаг шаардлагатай. Тэр үед цаг хугацаа хэрхэн өнгөрснийг мэдэхгүй, 10 км газар алхсан байдаг. Ямар ч насныхан тоглох боломжтой спортын төрөл шүү дээ. Хүмүүс гольфт олон шалтгаанаар дурладгийн нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэгтэй холбоотой. Миний тоглодог байсан нэг газарт 65-аас дээш насны хос дадлага хийхээр ирлээ. Гольф тоглох болсон учрыг нь асуутал “Би багтраатай. Агаар салхинд алхахад хамгийн тохиромжтой нь гольф гэж эмч зөвлөсний дагуу ирлээ” гэсэн. Тэр эмэгтэй хоёр жил тоглоод өвчин нь бүрэн эдгэрсэн. Тэгэхээр энэ спорт ямар ч хүний эрүүл мэндэд тустай. Гольфоор хичээллэхэд танилын хүрээ өргөжиж, найз нөхөдтэй болно. Гэр бүл, үр хүүхэдтэйгээ чөлөөт цагаа ая тухтай, архи, тамхигүй орчинд үр дүнтэй өнгөрүүлж сурна. Хүүхдүүд анх тоглож сурахдаа аав, ээждээ хожигддог байсан бол хэдэн сарын дараа илүү болдог. Спортод хүнийг дурлуулдаг өөрийн гэсэн онцлог байдаг шиг гольфт ч гэсэн татгалзах аргагүй гайхамшигтай давуу тал олон. Энэ утгаар яривал гольфоос авах сэтгэл ханамж их.
-Та ажлынхаа зав чөлөөгөөр тоглодог уу. Сонирхогчоос тамирчин, тамирчнаас дасгалжуулагч, шүүгч болтлоо хэр их хугацаа зарцуулав?
-Гольф тоглоод есөн жил болж байна. Бэлтгэл сургуулилалт байнга хийдэг. Таван жил тоглоод С зэрэглэлийн дасгалжуулагч болж, хэсэг завсарласан. Одоо үргэлжлүүлэн хичээллэж байна. Энэ спортоор хичээллэхэд өртөг өндөртэй тул санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Би гольф тоглож сурахын тулд бүтэн жил ажиллаж, мөнгө хуримтлуулсан. Дасгалжуулагч болоход нэг их хэцүү биш. HCP -21, хэлний түвшин, аль нэг клубийн гишүүн байхад хангалттай. Харин про болоход доод тал HCP-7, хэлний түвшин, мөн бэлтгэл сургуулилалт хийлгэх дасгалжуулагч багштай гэрээ хийсэн байх ёстой.
-Спортын бусад төрлөөс гольфын техник өвөрмөц. Азийн орнуудаас ямар улс гольф тоглогчдоороо тэргүүлдэг вэ?
-Энэ спорт дэлхийд жигд хөгжиж байгаа. Ази хүүхнүүд гольф тоглохдоо гаргууд. Европ бүсгүйчүүдийг өмнөө гишгүүлэхгүй. БНСУ, Япон, Хятад, Тайланд улсын эмэгтэйчүүд гольфын тэмцээнд тэргүүлдэг.
-Манайд гольф спортын хамгийн залуу төрөл. Хичээллэх сонирхолтой хүмүүс тантай холбогддог уу?
-Цахимаар хааяа зөвлөгөө авдаг. Өвөл эх орондоо ирж, хэд хоног амраад буцдаг юм. Сар амрах хугацаандаа ээжтэйгээ илүү ойр байж, цаг заваа зориулдаг. Монголынхоо зуны улирлыг 10 жил харсангүй. Надад найзуудтайгаа тухтай уулзах цаг зав бага гардаг болохоор зарим нь гомддог л байх.
ЭНЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХЭД БАЯН, ОЛНЫ ТАНИЛ БАЙХ АЛБАГҮЙ
-Монголд цаг агаар, улирлын байдлаас хамаарч дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл талбайн гольф тоглох боломжтой. Манайд гольф хөгжих спорт мөн үү?
-Монголд гольфыг хөгжүүлэх боломжтой. Дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл гадаа талбайд тоглодог. Өвлийн улиралд танхимд дэлгэцийн гольф тоглож болно. Энэ спортоор ашиг олох амаргүй л дээ. Машин, тоног төхөөрөмж, тусгай арчилгаанаас авхуулаад өртөг өндөртэй. Германд гольфын клубүүд гишүүдээсээ жилийн хураамж авч, тэмцээн зохион байгуулдаг. Эсвэл өөр клубийн зочин тоглогчийн хураамжаар жилийн турш ашиг олно. Тухайлбал, би сонирхон тоглогч байхдаа сарын 97 000-21 2500 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө төлөөд хязгааргүй тоглох эрхтэй болсон.
-Германд амьдраад хэр удаж байна вэ. Тэндхийн томоохон тэмцээнд байнга оролцдог уу?
-Би энд ирээд 11 жил боллоо. Анх гольф тоглож, тэмцээнд оролцдог байв. Одоо хичээлдээ түлхүү анхаарч байгаа. Дасгалжуулагчид тэмцээнд оролцож түрүүлээд байх бус, хүмүүсийг гольф тоглуулж сургах, тамирчин болох хэмжээнд бэлтгэхэд чиглэдэг юм. Тиймээс миний хувьд мэргэжлийн түвшинд суралцаж байна.
-Тэмцээнд амжилттай оролцдог чансаа өндөртэй тоглогчдоос суралцдаг уу?
-Би анх нэр хүндтэй тоглогчдын тоглолтын техникээс суралцахгүй өөрийн арга барилаар тоглодог байлаа. Энэ нь тэдний талаарх мэдээлэл байгаагүйтэй холбоотой. Намайг гольф тоглож сурахад жирийн нэг тосгоны эмээ нар тусалсан. Тэд гольфын тойрогтоо намайг дагуулж явдаг байв. Би бөмбөгөө 50 метр цохиж байхад тэд 100 метр цөлөхөд нь би бүр шүтсэн. Тэднийг дагаж тоглосоор гольф сурсан даа. Гурван жилийн дараа миний тоглолт маш сайжирсан, Тэд намайг шоолж, сүүлдээ “Чи биднийг тоож тоглох юм уу” гэж хошигнодог болж билээ. Учир нь сайн тоглогч хоёр дахин хурдан тоглож сурдаг. Сонирхон хичээллэж байхдаа бороо, цас орсон ч бэлтгэлээ таслахгүй хийдэг байв.
-Гольф сонирхогчид академийн, эсвэл талбайн сургалтын алинаар нь эхэлж сурах нь тохиромжтой вэ?
-Гольфыг багшаар заалгаж сурсан нь дээр. Зөвхөн тоглож сурах бус, дүрмийн шалгалт өгч байж төгсдөг юм. Олон улсад нэг дүрэмтэй. Хаана ч очсон дүрмээрээ тоглодог. Тоглогч дүрэм зөрчвөл торгуультай.Торгууль нь янз бүр. Гольфын талбайд дахиж хэзээ ч тоглох эрхгүйгээр торгох тохиолдол бий. Хэрвээ энэ талаар мэдэхгүй бол тоглогчийг талбайгаас ч хөөх дүрэмтэй.Тэгэхээр сурах зүйл ихтэй спорт.
-Улстөр, бизнесийн хүрээнийхэн төдийгүй урлагийн алдартнууд хүртэл гольф тоглож, цохиур хэрэгсэл авахад мөнгө хайрлахгүй зарцуулдаг. Германд ч гэсэн олны танил эрхмүүд сонирхон хичээллэдэг байх?
-Энэ спортоор хичээллэхэд баян, олны танил байх албагүй. Дэлхийд энгийн хүмүүс гольфоор хичээллээд удаж байна. Гэхдээ гольф бүх хүнд таалагдахгүй байж болно. Үүнээс ч сайхан спортоор хичээллэж, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж байдаг болохоор гольф л хамгийн сайхан гэвэл өрөөсгөл. Хүн өөрийн дуртай спортоо сонгож, түүнээс сэтгэл ханамж авах нь чухал. Халуун наранд арьсаа түлэх, хуруу, гараа эвэрштэл тоглох амар биш шүү дээ.
ЭХ ОРОНДОО ОЧНО ГЭЖ ПАСПОРТОО 10 ЖИЛ ХАДГАЛЖ БАЙНА
-Өөртөө болоод, өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй ханддагаараа энэ спорт онцлог. Гольф тоглоход баримталдаг дүрэм, дэг харилцааны соёл талбайд яг таг үйлчилдэг гэдэг.
-Энэ спорт хүнийг үнэнч, шударга байх, мөн ялагдах, ялахын амтыг, эрх тэгш тэмцэж авах жаргалыг мэдрүүлдэг. Нэг тэмцээнд 60 хүн оролцлоо гэхэд тоглолтын явцад бүгд үнэн зөв шүүж байж, хэн хамгийн илүү тоглосон нь түрүүлдэг. Намайг түрүүлүүлэхгүйн тулд германчууд өөр нэг хүнд давуу оноо өгч түрүүлүүлэх боломж байнга гаргадаг байлаа. Хүний хөдөлмөр, хичээл, зүтгэлийг шударга үнэлдэг дүрэм нь намайг тэдний өмнө олон гаргасан даа.
-Хүүхдүүд гольф хэр сонирхдог вэ. Хэдэн настайд нь хичээллүүлэх хамгийн тохиромжтой вэ?
-Энд эцэг, эхчүүд нь хүүхдээ гурван настайгаас нь эхлээд гольфт дуртай болгох зорилгоор сургалтад явуулдаг. Хүүхдүүдийг хөдөлгөөний мэдрэмжтэй болгохын тулд үсэрч харайсан, хөгжилдөж тоглуулсан байдалд түлхүү анхаарч, зургаан наснаас нь бага багаар техник зааж эхэлнэ. Хүүхдийг хэт их бэлтгэл хийлгэвэл ядарч, дургүй болох магадлалтай. Тиймээс төлөвлөгөөний дагуу тамирчид бэлтгэх зарчим баримталдаг. Авьяаслаг хүүхэд сонгох зорилгоор сургуульд нь гольфын хичээл нэг сар заадаг. Төлбөрийг нь Гольфын холбооноос гаргадаг. Холбоо нь олон арга хэмжээ зохиож, санхүүжүүлдэг юм.
-Та Монголдоо гольфын спортыг хөгжүүлэх, цаашдаа мэргэжлийн тамирчин бэлтгэх зорилготой байна уу. Мэдээж мэргэжлийн тоглогч бэлдэхэд цаг хугацаа их зарцуулах байх л даа ?
-Эх орондоо очно гэж паспортоо 10 жил хадгалж байна. Ийш тийш тэмцээнд явахад нэг сарын өмнөөс виз хүсэхэд асуудалгүй байдаг. Анх Ирландад болсон тэмцээнд оролцохоор яваад хил дээрээс нь буцаж байсан удаатай. Манай гольфчид инээлдээд “Гадаад хүмүүс Германы паспорттай болж, иргэнших дуртай байдаг, гэтэл чи яагаад паспортоо сольдоггүй юм бэ” гэсэн. Тэртэй тэргүй 80 гаруй сая хүн амтай, гольф сонирхон тоглогч хэдэн зуун мянган хүний дунд хэн ч биш явснаас, эх орондоо анхдагчдын нэг нь болоод багахан мөнгөөр ихээхэн жаргаж, насална гэж боддог хүн дээ, би.(инээв) Гэртээ хариад энэ спортыг түмэнд хүргэж, олон шавьтай болоод олимпт оролцож, амжилт гаргахыг боддог. Энэ спорт олимпын төрөлд хэдийн орсон, тиймээс бид залуусаа энэ төрөлд мэргэжлийн түвшинд бэлдэх хэрэгтэй.
-Гольфын хувцас илүү юмгүй хэрнээ дэгжин байдаг. Чанартай хувцас хэрэгслийг ямар улс үйлдвэрлэдэг вэ?
-Гольф тоглогчид хувцаслах соёл өндөртэй. Олон төрлийн брэнд хувцас байдаг. Түүнээс заавал үнэтэйг нь авах гэхээсээ илүү өөртөө тохируулж, цэмцгэр хувцаслахад болно.
-Өөрийг тань дуурайж, танайхан гольф тоглодог уу?
-Хоёр хүү минь сонирхож тоглодог. Гэхдээ хэцүү, хатуугаас нь халшраад, мэргэжлийн тоглогч болохоос дөлдөг юм. Тэгээд ч мэргэжлийн түвшинд тоглох зав багатай. Байнга бөмбөг цохих хэцүү. Тэвчээртэй бас хоббидоо дурласан хүн л саад, бэрхшээлийг даван туулж чаддаг.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг