АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас Калифорни муж улсын зүүн өмнөд нутагт ойн түймрийн аюулын хамгийн дээд буюу улаан түвшний түгшүүр зарлав. Цаг агаарын байдлын улмаас байгалийн түймэр богино хугацаанд ийм өргөн цар хүрээ хамарсан тохиолдол орчин үеийн түүхэнд ажиглагдаагүй гэж тус албаны цахим хуудсанд нийтэлсэн анхааруулгад дурджээ.
Лхагва гарагт хүчтэй салхитай, агаарын чийгшил харьцангуй бага байх төлөвтэй байна. Салхины хурд секундэд дунджаар 31.1, зарим газарт секундэд 35.7 метрт хүрч ширүүснэ гэж цаг уурчид мэдээлэв.
Түүнчлэн Невада муж улсын өмнөд, Аризона муж улсын баруун өмнөд нутагт хүчтэй салхитай байхыг анхааруулжээ. Анхааруулга АНУ-ын баруун эргийн цагаар 17 цаг хүртэл хүчинтэй байх аж.
Калифорни муж улсын хойд болон өмнөд нутагт ойн 10 том түймэр асаж байгаа бөгөөд муж улсын нийт нутаг дэвсгэрт онцгой байдал зарлажээ. Тус муж улсын захирагч Гэвин Ньюсом мягмар гарагт зүүн өмнөд нутгийнхаа 202.34 гаруй га талбайг хамарсан түймрийн бүсэд очсон байна. Эндээс нүүлгэн шилжүүлэх бүсэд 10 мянга гаруй орон сууц, арилжааны үйлдвэрүүд бий.
Калифорни муж улсын хойд хэсэгт оршдог Сан-Франциско хотод мөн томоохон түймэр асаж байна. Тус муж улсын гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, нийт 30.5 мянган га талбай түймэрт автаж, 57 орон сууцыг оруулаад 124 байшин шатжээ. Түймрийн аюулд өртөж болзошгүй газруудаас 156 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Одоогийн байдлаар гал сөнөөгчид түймэрт автсан талбайн 15 хувийн галыг унтраагаад байна.