Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Э.Эрдэнэхишигтэй ярилцлаа.
-Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Төрийн албаны тухай хуулийг мөрдөж эхлээд 10 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хуульд орсон шинэ зарчмын өөрчлөлтүүдийн талаар төрийн байгууллага, албан хаагч, иргэдэд сурталчилж, ойлголтын зөрүүг арилгах, таниулахад түлхүү анхаарч ажилласан. Одоо яамдад шалгалт хийж дууссаны дараа орон нутагт ажиллан, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хянана. Энэ онд 21 аймагт хуулийн хэрэгжилт ямар байгааг хянаж дуусгана гэж төлөвлөөд байна.
-Хууль хэрэгжүүлэх явцад эргэн хармаар зүйл, заалт, эсвэл засаж залруулмаар асуудалтай тулгарч байна уу?
-Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд удаагүй учраас үүнийг л залруулах шаардлагатай гэж дүгнэхэд эрт байна. Энийг л засахгүй бол болохгүй нь гэсэн зүйл одоогоор алга. Нэгэнт баталсан хуулийг бид хэрэгжүүлэх л үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийг эргэж харах бус, бусад хуулийг эл хуульд тааруулж өөрчлөх хэрэгцээ байгаа. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргаанд алба хашиж болно гэж заасан нь Төрийн албаны тухай шинэхуультай зөрчилдөж байгаа юм. Тиймээс дээрх хуульд өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж, холбогдох газарт хүргүүлэхээр ажиллаж байна.
-Одоогийн хийж буй хяналт, шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өгнө үү. Тухайлбал, БОАЖЯ, ЗТХЯ-нд ихээхэн зөрчил илэрсэн. Үүнийг дагасан маргааныг эцэслэн шийдвэрлэсэн үү?
-БОАЖЯ-нд гэхэд 45 албан хаагч хууль бусаар томилогдсон байсан. Тэднийг ажлаас нь чөлөөлсөн ч зарим нь үндэслэлгүйгээр халагдсан гэх шалтгаанаар шүүхэд гомдол гаргажээ. Хууль бусаар томилогдсон хүмүүсийн олонх нь БОАЖЯ-ны харьяа сав газруудын дарга нар. Одоо Эрчим хүчний яаманд шалгалт хийж байна.
-Төрд учруулсан хохирлыг барагдуулах асуудлаар Төрийн албаны зөвлөлийнхөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Өмнөх хуульд ч гэсэн иймэрхүү заалт байсан юм билээ. Энэ удаагийн өөрчлөлт юугаараа онцлог вэ?
-Өмнөх хуульд ийм заалт байсан ч төрийн өмнөөс шүүхэд хандах эрх бидэнд байгаагүй. Одоогийн мөрдөж буй хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Үүний дагуу буруу шийдвэр гаргасан этгээдүүдээс 700 мянга болон 9 орчим сая төгрөг улсын төсөвт төлүүлэхээр Хан-Уул болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
-Аудит хийх эрхтэй болсон гэлээ. Иргэдийн санал хүсэлтийн дагуу юу, эсвэл жил бүр тогтмол хугацаанд хийх юм уу?
-Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд чадахуйн зарчмын хэрэгжилтийг хангахын тулд хүний нөөцийн аудит хийх болсон. Зөвхөн иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хүний нөөцийн аудит хийнэ гэж ойлгож болохгүй. Төрийн албаны зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний дагуу үүнийг хийнэ. Одоогоор төрийн байгууллагын хүний нөөцийн аудитыг хийх арга зүйгээ боловсруулж байна. Үндэсний аудитын газар хууль тогтоомж, эрхийнхээ хүрээнд тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, зарцуулалтыг нь хянаж аудит хийдэг. Тэгвэл бид чадахуйн зарчмын хэрэгжилтэд хүний нөөцийн аудит хийхдээ ямар шалгуур үзүүлэлтийг хамруулж хийх талаар судалж байна гэсэн үг. Төрийн албаны чадахуйн зарчим гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан Мэдлэг, туршлага, ур чадвартай хүнийг зохих албан тушаалд нь томилсон эсэх, албан тушаалд шатлан дэвшүүлж томилохдоо тухайн албан хаагчийн мэдлэг, боловсрол, ажлын гүйцэтгэл, үр дүн, ур чадварт үндэслэсэн, эсэхийг дүгнэнэ. Тэгэхээр эдгээр нь нэг ёсондоо стандарт гэсэн үг.
-Хууль мөрдөж эхэлснээс хойш хууль бус томилгоотой холбоотой хэчнээн өргөдөл, гомдол ирэв?
-Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 560 гаруй өргөдөл ирсэн байна. Төрийн албаны зөвлөлийн үүрэг даалгавраар хэдэн албан хаагч албан тушаалдаа томилогдсон, хэд нь томилогдоогүй талаарх дүн мэдээг нэгтгэж байгаа.
-Улс төрийн албан хаагч 560 гаруй албан тушаалтан томилох эрхтэй байдаг. Шинэ хуулиар энэ заалт өөрчлөгдөөгүй гэж дуулсан. Үүнийг ашиглан төрөл садангийн хүнээ албан тушаалд томилохгүй гэх баталгаа бий юү?
-Улс төрийн албан хаагчаас төрийн албан тушаалд томилгоо хийхтэй холбоотой асуудлыг бусад хуулиар зохицуулдаг. Гэхдээ энэ хуулиар дурын хэн нэг хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох боломжгүй. Яагаад гэвэл Төрийн жинхэнэ албан тушаал бүр албан тушаалын тодорхойлолттой. Тэр албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл тус бүрээр нь батална. Тэр албан тушаалын тодорхойлолт дээр нь мэргэжил, ажилласан жил зэргийг нарийн шалгана. Төрийн албаны тухай хуулийг дагалдан 20 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан шүү дээ. Мөн улс төрийн албан тушаалтан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн хүнийг л ажилд томилох зохицуулалттай болсон. Энэ нь дурын хүнээ ажилд томилдог байдлыг таслан зогсооход нэмэртэй. Түүнчлэн Төрийн албаны тухай шинэ хуульд “Улс төрийн алба хашиж байгаа хүн төрийн захиргааны албан тушаал давхар хашихгүй” гэсэн заалт оруулсан байгаа.
-Эрх баригч нам солигдоход төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс дагаад солигддог. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх шинж чанар ингэж алдагдсаар ирсэн. Үүнийг засах хамгийн чухал өөрчлөлт нь юү вэ?
-Төрийн алба сүүлийн хэдэн жил улс төрийн шинжтэй болж тогтсоныг та бид мэднэ. Сонгуулийн үр дүн нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь халах үндэслэл болохгүйг шинэ хуульд тодорхой тусгасан байгаа. Сонгуулийн дараа төрийн байгууллагын зохион байгуулалт, бүтэц өөрчлөгдөөд, орон тоог цомхотгодог. Албан тушаалын тодорхойлолтод тусгасан чиг үүрэг хадгалагдан үлдсэн бол төрийн жинхэнэ албан хаагч уг албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй. Түүнчлэн, төрийн жинхэнэ албан хаагч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдвөл өөр ажил, албан тушаалд шилжих, эсхүл байгууллагын хөрөнгөөр дахин мэргэших эрхтэй гэж тусгасан. Тухайн алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ур чадвар, туршлагад нь тулгуурлан төрийн албанд ажиллах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа хүнийг томилох эрх бүхий этгээд сонгон шалгаруулж авна. Сонгуулийн үр дүнгээр албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагч нарт нэг удаагийн тэтгэлэг олгох тухай заалт бий. Мөн хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхийг хориглоно. Үүнийг зөрчвөл төрд учруулсан хохирлыг нь тухайн шийдвэр гаргасан албан хаагч өөрийн хөрөнгөөр барагдуулна. Өөрөөр хэлбэл, томилох, чөлөөлөхдөө хууль зөрчвөл албан тушаалтан санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг.
-Төрийн албанд орох хүсэлтэй иргэдээс шинэ хуулийн дагуу ирэх сард шалгалт авах нь. Хэлбэр талаас нь харвал, олон үе шаттай шалгалт авах бололтой. Ингэж шүүлтүүрээ нарийвчилснаар төрийн алба хаагчдын чадавх өмнөхөөсөө сайжирч чадах уу. Таны төсөөлөл ямар байгаа вэ?
-Иргэдээс төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт авна. Төрийн албаны нөөцөд бүртгүүлсэн иргэн төрийн жинхэнэ албаны албан тушаалд дахин өрсөлдөж төрийн албаны тусгай буюу тухайн албан тушаалын шалгалтад орох юм. Төрийн албаны тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлнэ. Гэхдээ Төрийн албаны тухай хуульд сул орон тоог нөхөх дарааллыг тодорхой заасан. Эхлээд шатлан дэвших зарчмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид тусгай шалгалтад орно. Хэрэв тэднээс шалгуур хангасан хүн гараагүй бол төрийн бусад байгууллагын албан хаагчдын дунд тусгай шалгалт зохион байгуулна. Тэгээд тэнцэх хүн байхгүй нөхцөлд төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн дунд төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулна. Төрийн албаны шалгалтын хариуг цээжилсэн байдлыг шалгахаас илүүтэй хувь хүний ур чадварыг нь үнэлэх агуулгад шилжсэн.