Энэтхэгийн Мумбаи хотын ядуусын Дарави хорооллоор аялсан нэгэн жуулчин “Сайхан өдөр боллоо. Бараг бүгд их найрсаг юм. Хэн ч салах ёс гүйцэтгэсэнгүй” хэмээн тэмдэглэлдээ бичжээ. Азид хамгийн томд тооцогддог ядуусын хорооллын нарийн гудамжуудаар аялахын тулд олон мянган хүн дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Ядуусын хорооллын аялал олны анхаарлыг улам бүр татаж, үгээгүй ядуу байдалтай танилцаж, хүмүүс тэнд хэрхэн аж төрдгийг харах гэж жуулчид хошуурч байна.
“TripAdvisor” цахим хуудсанд саяхан Дарави хорооллоорх аяллыг Энэтхэг дэх жуулчны хамгийн алдартай чиглэлээр нэрлэж, энд Таж Махалаас олон хүн зорьж очдогийг мэдээлжээ. “АНУ, Британи, Австралиас хамгийн олон жуулчин ирдэг” гэж ядуусын хорооллоор аялуулдаг “Reality tours and travel” компанийг 2005 онд байгуулсан Кришна Пужари ВВС-д ярьжээ. Энэ нь Даравигийн жуулчлалаар дагнасан, тус улсын анхны компаниудын нэг аж.
“Британи найз Крайст Уэй минь ядуусын хорооллоор аялал зохион байгуулахыг санал болгоход арай ч дээ л гэж бодсон. Бохир, заваан газраар явахыг хэн хүсэх билээ? Гэхдээ тэнд үзэж, ойлгох олон зүйл байдгийг дараа нь би ойлгосон” гэж Кришна Пужари тэмдэглэсэн.
Дарави нь Мумбаин төвд үнэтэй газар байрладаг. Эцэс төгсгөлгүй, нарийхан гудамж, засварын газар, давчуу овоохойд нэг сая орчим хүн толгой хоргодно. Тэнд нийтийн бие засах газар, усны цоргууд бий. Эрүүл ахуйн талаас мэдээж тааруу, гудамж дагуух муу усны задгай шуудуунуудыг ч харж болно.
Тус хорооллын оршин суугчдын олонх нь засварын жижигхэн газар ажиллуулж, хээ угалзтай хувцас, сайн чанарын арьсан эдлэл, тэрчлэн шавар болон хуванцар эдлэл үйлдвэрлэдэг. Зарим мэдээллээс үзвэл эндхийн бизнесийн жилийн эргэлт 650 сая ам.доллар давдаг гэнэ.
Тэрчлэн цэвэрлэгч, таксийн үйлчилгээ, дуудах нэргүй, өвөрмөц шинжгүй хүмүүс, мэргэжилгүй ажилчин ч бий. Тэд ихэвчлэн завсарлагагүйгээр өдөр тутмын ажлаа хийдэг. Энэ бүхний ачаар эл таагүй хот жуулчны эрэлттэй газар хэвээр буй.
ШИНЭ МЭДРЭМЖИЙН ЭРЭЛД
Жирийн жуулчид ийм газар ирж, танилцахад юу нөлөөлдөг вэ? “Викторын үеэс (1837-1901) л хүмүүс ядуусын хороололд очдог байжээ. Эхлээд зугаацах гэж, дараа нь нийгмийн шинэчлэлийн чиглэлийг судлахын тулд тийм газрыг зорьдог байсан” гэж 2016 онд Даравигаар зургаан цаг аялсан Мелисса Нисбетт ярьжээ. Энэ эмэгтэй жуулчны сайн зохион байгуулалттай компаниудын нэгээр үйлчлүүлсэн аж. Зарим аялалд төсвөөс хамаараад агааржуулагчтай тээврийн хэрэгсэл ашигладаг. “Inside Mumbai” зэрэг компани жуулчдад соёлын үнэт солилцоо хийх зорилгоор ядуусын гэрт хооллохыг санал болгодог гэнэ.
Ядуусын хорооллоор аялах сонирхол нь бөмбөрцгийн хойд хэсэгт аж төрдөг хүмүүс үгээгүй ядуу амьдралыг харахын тулд өмнөдийг зорих хүслээс үүдэлтэй гэж Мелисса Нисбетт тайлбарлажээ. Үнэндээ Энэтхэг улсад саяхнаас л жуулчны эл тренд нэвтэрч байна. Бразил, ӨАБНУ-д харьцангуй эртнээс ядуусын хорооллоор аялуулсан туршлагатай.
“Бусад жуулчин миний адил ядуусын хорооллын бодит амьдрал ямар байдгийг мэдэх зорилготойг Даравигаар аялахдаа ойлгосон” гэж Мелисса онцолжээ. Гэвч харсан, сонссон болгон нь элэг эмтрэм байсан гэнэ.
ЯДУУ ДОРОЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ
“Ядуусын хорооллыг асуудал болгож бичээгүй. Үгээгүй байдалд анхаарлаа хандуулаагүй. Хэвийн, байдаг л зүйл шиг үнэндээ санагдсан. Зарим тохиолдолд сайн сайхан төсөөлөл ч бууж байсан. Тэндхийн хүмүүсийн юу мэдэрснийг таах хэцүү тул яриа өдөхгүй байхыг бидэнд зөвлөсөн. Тэд өдөр тутмын ажлаа хийж, биднийг анхаараагүй” гэж Мелисса тэмдэглэв.
Харьснаасаа хойш бусад аялагчийн үзсэн, мэдсэнийг ойлгохын тулд “TripAdvisor” цахим хуудсанд үлдээсэн олон зуун сэтгэгдлийг тэрбээр уншжээ. Жуулчдын олонх нь аяллаа эхлэхдээ эргэн тойрон ядуу зүдүү хүмүүс буйд санаа зовж байснаа төгсгөлд нь гэнэт л ямар ч асуудалгүй юм гэж дүгнэсэн нь түүнийг түгшээв. “Ядуусын хорооллоос явахад хүмүүст тийм сэтгэгдэл төрж байгаа бол ямар нэг юм буруу хийсний илрэл гэж бодож байна. Аяллыг сайн, сайхан талаас нь харуулахын тулд зохион байгуулж, ядуусын хорооллын эдийн засгийн боломжийг харуулдаг. Гэхдээ оршин суугчдынх нь олонх гарал үүслээр ялгаварлан гадуурхах үзлийн золиос болдог, эсвэл гэрэл цахилгаан, цэвэр усгүй талаар чимээгүй өнгөрсөн бололтой” гэж Мелисса тайлбарлажээ. Аяллын зарим компани ядуусын хороололд зураг авахыг зөвшөөрсөн нь оршин суугчдыг эвгүй байдалд оруулсан байхыг тэрбээр үгүйсгээгүй байна.
“Оршин суугчид нь ертөнцөөс тусгаарлагдсан мэт санах нь бага ч гадаадын тэр олон жуулчин ахуй амьдралыг нь ажиглах нь тэднийг тавгүйтүүлдэг. Нөгөөтээгүүр, ядуусын хорооллын маш цөөн хүн жуулчны аяллаас эдийн засгийн шууд ашиг олсон, эсвэл ажилтай болсноо ярьж байна. Тиймээс эерэг нөлөө нь үлэмж бага бөгөөд богино хугацаатай” гэж судалгааны “Observer research foundation” төвийн судлаач Адити Ратхо хэлжээ. Үүнийг Кришна Пужари хүлээн зөвшөөрөөгүй байна.
БИЗНЕС ЭРХЛЭХ ТЭМҮҮЛЭЛ
Хорооллынх нь аж байдалд хандах хандлагыг өөрчилж болно гэж компани нь итгэдэг хэмээн бизнес эрхэлдэг хүний тэмүүллийг тэрбээр харуулжээ. “Бодит байдал ямар байдгийг буюу цахилгаан дамжуулах ил утаснаас эхлээд хаягдал боловсруулах үйлдвэр хөгжиж буй нь үнэн хэрэгтээ юу болдгийг аяллын үеэр бид ярьдаг. Гэсэн ч бид ядуусын хорооллыг өлөн зэлмүүн, аюултай орчин, гуйланчлалын газар гэж үздэг хүмүүст байдлыг бодитоор үзүүлэхийг хүсдэг” гэж Кришна ярив. Түүний компани аяллын үеэр зураг авахыг эрс хориглодог, ядуусын хорооллын оршин суугчдад зориулсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнийг компанийнх нь “Reality gives” гэдэг буяны салбар нь эрхэлдэг аж. Аялал жуулчлалаас олсон орлогынхоо нэг хэсгийг үүнд зориулдаг гэнэ.
Гэхдээ энэ нь тус улс дахь 2011 оны хүн амын тооллогын мэдээгээр 65 сая хүн амьдардаг ядуусын хорооллуудад эхлэл төдий зүйл. Хүн амьдрахад тохиромжгүй сууцтай ядуусын хорооллыг тооллогод дүүрэг хэмээн тодорхойлсон аж.
Мохаммед тэр хорооллоор хөтөч хийдэг. “Жуулчид тэр хүмүүсийн шаргуу, тэвчээрийг харах хэрэгтэй. Тэднийг үл тоож, байхгүй мэт дүр эсгэх нь хүн төрөлхтний эсрэг жинхэнэ гэмт хэрэг болно” гэж гэж тэрбээр үздэг.
Ийм аялал зарим нэг хүнийг хөгжүүлэхээс өөр ямар нэг зүйл өгдөг үү? Бүтцийн өөрчлөлт хийхэд тус болдог уу? “Эдгээр хүчин чармайлт үгээгүй ядуу байдалтай холбоотой хүнд, олон янзын асуудлыг хангалттай хэмжээгээр шийдэхэд хүрэлцэхгүй. Үүний оронд ийм аяллын ачаар ядуусын хороолол гэж юу байдагтай хүмүүс танилцаж, оршин суугчид нь ч ус, цахилгаан тэгш хуваарилахыг шаардах, шилжүүлэн суурьшуулах гэх мэт аюултай тэмцэх боломж байдгийг мэдэж авч байна” гэж Британийн Лестерийн их сургуулийн багш Фабиан Френзель үзжээ.
УЛС ТӨРИЙН БОЛОМЖ
Жуулчны аяллын тусламжтайгаар тэлж буй ядуусын хорооллын амьдралын тухай төсөөллүүдийг нэг ижил гэж болох ч Фабианы үзэж буйгаар тэдгээр нь улс төр, нийгмийн ухамсарт нөлөөлж байна. “Энэтхэг улс сар луу пуужин илгээж байхад хүн амынх нь үлэмж хэсэг орон сууц, шугам хоолой зэрэг өөрт хэрэгтэй үйлчилгээг авч чадахгүй байна. Ядуусын хорооллын аялал жуулчлал нь Энэтхэгийн улс төрийн элитүүдэд таагүй санагдаж байж болох ч тэр суурин газарт бас улс төрийн боломж бий” гэж Фабиан Френзель өгүүлсэн байна.
Бэлтгэсэн: З.Гал