Арын эгнээнд зүүн гар талаас: Б.Билгүүнзаяа, Я.Дүйнхэржав, О.Алтанзагас, Т.Энхжаргал Өвөр эгнээнд зүүн гар талаас: Г.Билгүүн, Г.Нямсайхан, Б.Энхпүрэв, Л.Гүнбилэг
АНУ-ын Барилгын инженерүүдийн нийгэмлэгээс зохион байгуулдаг олон улсын “Ган гүүр” тэмцээнд манай улсаас ШУТИС-ийн хоёр баг оролцож, бахдам амжилт гаргажээ. Тус тэмцээнийг 1980-аад онд АНУ-д зохион байгуулж эхэлсэн аж. Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой эл тэмцээн анх тухайн улсын хэмжээний үйл ажиллагаа байсан бол сүүлийн жилүүдэд тив бүрт зохион байгуулах болжээ. Ази тивд 2006 оноос “нутагшсан” уг тэмцээнд манай улсаас оролцсон хоёр баг тэргүүн болон гутгаар байр эзэлсэн байна. Оюутнуудаа удирдан, оролцуулсан ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн профессор Я.Дүйнхэржав, ахлах багш, доктор О.Алтанзагас болон тэргүүн байр эзэлсэн “Triples” багийн гишүүн Т.Энхжаргал, Л.Гүнбилэг, Б.Билгүүнзаяа, Г.Нямсайхан, Г.Билгүүн, Б.Энхпүрэв нартай ярилцлаа.
-Манай оюутнууд хэчнээн улсын багтай өрсөлдөөд тэргүүлэв. “Ган гүүр”-т энэ жил анх удаа оролцов уу?
О.Алтанзагас: -Азийн томоохон их сургуулиудад барилгын инженерийн мэргэжлээр сурч буй оюутнуудын онолын мэдлэгийг сайжруулах, багаар ажиллах чадварыг нь хөгжүүлэн, чадварлаг инженерүүд бэлдэх зорилготой “Ган гүүр” тэмцээн энэ жил 12 дахь удаагаа Индонез улсын Маланг хотод боллоо. Манай улс гурав дахь удаагаа оролцож байна. 2017 онд оролцсон “АРАВТ” баг нь Хотойлтын урьдчилсан таамаглалаар нэг, бүтээцийн өртгөөр гурав, ерөнхий дүнгээр тавдугаар байрт шалгарч байсан. Харин энэ удаа ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн профессор Я.Дүйнхэржав болон миний удирдсан “Triples” баг тэргүүн байрт шалгарлаа. Мөн Б.Эрдэнэболд багштай “Team grit” багийнхан гуравдугаарт орсон.
Япон, Индонез, Тайланд, Тайвань, Монгол, Вьетнамын томоохон их сургуулиудаас 16 баг буюу 110 оюутан, 30 багш өрсөлдлөө. Японы Тотторигийн их сургууль ерөнхий дүнгээр хамгийн өндөр оноо авсан ч тэмцээний дүрэм ёсоор гоо зүй болон илтгэлийн төрөлд сүүлийн мушгисан тул хоёрдугаар байр эзэлсэн. Манай “Triples” баг тооцооны тайлан, илтгэл, бүтээцийн өртгийн төрөлд нэг, угсралт, нийт өртгийн төрлөөр дөрөв, гоо зүйнхэд тавдугаарт орж, нийт дүнгээр тэргүүллээ. “Team grit”-ийнхэн бүтээцийн өртөг, урьдчилсан хотойлтын төрөлд тус бүр гурав, гоо зүйн хэд дөрөв, багийн нийт дүнгээр гуравдугаарт шалгарсан.
-Та бүхэн техник, технологи өндөр хөгжсөн орныхонтой өрсөлджээ. Бусад улстай харьцуулахад манай оюутнуудын зохион бүтээсэн гүүр юугаараа онцлог байв?
-Дээрх улсуудын барилгын материалын чанар манайхаас өөр. Манай материал муу. Гүүр хийх бэлдэц Улаанбаатараас олдоогүй тул Бээжингээс авах болсон. Хэдийгээр гадаадаас захиж, авчруулсан боловч Япон, Тайвань зэрэг орны гүүртэй харьцуулахад чанаргүйд тооцогдоно. Нэгэнт чанар муутай материал ашиглах тул тооцоогоо сайн хийвэл амжилт гаргана гэдгийг манай оюутнууд ойлгосон. Сайн тооцоолсон учраас л манай баг тэргүүн байрт шалгарлаа. Бусад орны багш нар “Гүүр чинь ийм нимгэн болохоор нурах байх” гэж хэлсэн. Нэг багш “Би их олон гүүр харсан. Гэхдээ хөндлөн огтлол нь ийм нимгэн гүүр хараагүй. Энэ хамгийн түрүүнд л нурна” гэж ч ярьж байлаа. Харин би гүүр нурахгүй гэдэгт итгэсэн. Оюутнуудынхаа чадварт найдсан хэрэг л дээ.
-Зохион байгуулагч орон руу гүүрээ тээвэрлэж хүргэдэг гэж сонслоо. Тээвэрлэх явцад загвар эвдрэх эрсдэлтэй юү?
-Я.Дүйнхэржав: -Өнгөрсөн жил манай оюутнуудын гүүр мурийж, хэв нь гажсан. Түүнээс сургамж авч, энэ удаа хамгаалалтдаа нэлээд анхаарсан учраас ямар нэгэн асуудалгүй хүргэлээ.
-Азийн “Ган гүүр”-т оролцох багийг хэрхэн тодруулдаг вэ. Дотоодод тэмцээн зохион байгуулдаг уу?
-Дотооддоо тэмцээн явуулдаг. Уг нь манай улсад барилга архитектурын мэргэжилтэн бэлтгэдэг 10 гаруй сургууль бий. Гэвч тус тэмцээнд оролцдог баг тун цөөн. Тэмцээнээ хавар явуулдаг нь оюутнуудын ачаалал ихэсдэг үетэй давхацдаг тул оролцогчийн тоо цөөн байдаг биз ээ. Тиймээс дараагийн “Ган гүүр”-ийг оюутнуудын өвлийн амралтаар зохиох бодолтой байгаа. Энэ нь сургуулиудын хооронд өрсөлдөөн бий болж, оюутнуудыг чадавхжуулах төдийгүй, сургалтын чанарыг сайжруулах томоохон боломж юм. Барилга бол улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах салбар. Тиймээс сургалтын чанар дээд түвшинд байх шаардлагатай.
-Тэмцээний дүрмийн талаар тайлбарлахгүй юу?
Г.Билгүүн:-Тэмцээнд орж буй баг дээд тал нь найман гишүүнтэй байх ёстой. Энэ удаад манай баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байсан. Гүүрээ 30 минутын дотор тавьдаг. Тус тэмцээнд улс бүрийн шилдгүүд оролцсон учир бүгд л 15-хан минутын дотор угсарчихсан. Манай багийнхан 12 минут 32 секунд зарцууллаа. Туршилт хийх явцад уг нь бид 10 минутад угсарч байлаа. Гэвч боолт чангалах хугацаагаа тооцоолоогүй тул 12 минут өнгөрсөн. Гүүр аль болох бага жинтэй байвал сайн. Бид 17.8 килограмм жинтэй, 4.8 метрийн урттай гүүр хийсэн. Угсрахдаа зүгээр ч нэг нийлүүлээд боочихдоггүй л дээ. Хэрэв боолтоо газар унагавал таван секунд нэмнэ.
Эд ангиудаа талбай дээр бус, өмнө нь угсарсан байвал 20 килограмм нэмдэг. Энэ нь тэмцээнээс хассанаас өөрцгүй. Мөн талбайн улаан шугамыг давж гишгэвэл хугацаа нэмдэг. Нийт зургаан төрөлд өрсөлддөгөөс хамгийн чухал нь 400 килограмм ачаа даах буюу урьдчилсан хотойлт. Тэмцээний хоёр дахь өдөр урьдчилсан хотойлтын төрөлд хоёр гүүр ачаагаа дийлэлгүй нурсан. Манайх тооцооллоо сайн хийсэн учир нурахгүй байх гэж итгэсэн ч нимгэн, материал муу учир санаа их зовсон.Тэмцээний хамгийн хүнд үе нь ачааг нэг нэгээр нь гүүрэн дээр тавих. Самбар дээр хотойлтын хэмжээ гарч ирэхэд бүх оролцогчдын зүрх салганадаг юм. Хүн бүр манай гүүрийг нимгэн учир нурна гэсэн нь бидэнд айдас төрүүлсэн. Олон мундаг багш, профессор тэгж хэлсэн болохоор оюутнууд сандрах нь аргагүй.
-Тооцоолол, загвар гаргах, гүүрээ хийх гээд багагүй хугацаа шаардсан байх. Тэмцээнд бэлтгэхэд хэр их цаг зарцуулсан бэ?
Т.Энхжаргал: -Монголын “Ган гүүр”-ийн тэмцээнд оролцсоноос хойш Азийн аваргад бэлдэж эхэлсэн. Найман сарын хугацаанд бэлтгэлээ хангалаа. Хичээлийнхээ хажуугаар бэлдэх гэж нойроо их хасаж явсан даа. Анх хийсэн гүүр нураад, багш нараасаа зөвлөгөө авч, дахиад л эхэлсэн. Шинэ гүүрээ хийгээд дуусахын даваан дээр бас л ачаагаа даалгүй нурчихсан. Энэ үе хамгийн хүнд нь байлаа. Хуучин болон шинэ гүүрээ засах гээд багийнхан минь хоёр хэсэгт хуваагдсан. О.Алтанзагас багштай зөвлөж анх хийсэн гүүрээ засаж сайжруулах болсон.
-Манай оюутнууд илтгэлийн тэмцээнд хамгийн өндөр оноо авчээ. Энэ нь ямар учиртай тэмцээн юм бол?
Г.Нямсайхан: -Илтгэл бол тэмцээний өмнө бусад багт нууцаа дэлгэж, хүчирхэг гэдгээ нотлох хэсэг. Гүүрийн даац, загвар, хотойлт гээд урьдчилсан тооцооны дүнгээ танилцуулдаг. Тус тэмцээнд зөвхөн Ази тивийнхэн оролцох учир манай багийнхан харайж буй барнаас санаа авч, гүүрийнхээ загварыг гаргасан. Бар бол хүчирхэг байдлын бэлгэ тэмдэг. Ази тивийн ихэнх улс барыг дээдэлдэг. Б.Билгүүнзаяа бид хоёр хамтран илтгэл тавьсан. Тооцоолохдоо гаргасан даац бодит байдлаас зөрөх ёсгүй. Хэрэв зөрвөл тэмцээний журам ёсоор оноо хасна. Гүүрээ туршихад хотойлт нь 5.89 мм байсан. Гэсэн ч тээвэрлэх явцад гэмтэх, мурийх эрсдэлийг тооцоолоод 6.5 мм гээд хэлтэл бодит байдлаас зөрж, оноо хасуулсан.
-“Ган гүүр”-т оролцох зардлаа оюутнууд өөрсдөө гаргасан уу?
Л.Гүнбилэг:- Сургуулийн захиргаанаас гүүрийн материал авах, тэмцээнд оролцох төлбөрийг өгсөн. Харин оюутнууд замын зардлаа өөрсдөө зохицуулсан.
-Бэлтгэл хийхэд хүндрэл бэрхшээл олон тохиолдсон уу?
Б.Энхпүрэв:-Гүүрийн материалаа авахад ширүүн бороо орж байлаа. Зургаан метр урт төмөр тул машинд багтахгүй, заавал таслах шаардлагатай. Бороо орж байсан болохоор төмөр таслах газар олдоогүй учир өөрсдөө гар хөрөө аваад, усан бороонд арай гэж нэг юм хувааж билээ. Амаргүй эхэлсэн ажил минь амжилттай дууссан нь сайн хэрэг.
Манай багийн гишүүн Л.Гүнбилэг өөрийгөө шагай шүүрэлтийн аварга гэдэг байсан юм. Бид түүнийг нь нэг их тоодоггүй байв. Гэтэл тэмцээний үеэр гүүрийн нэг боолт салаад, газарт унаж амжаагүй байтал Л.Гүнбилэг шүүрээд авчихсан. Шалгагч боолт унах дуу сонссон боловч газраас олоогүй тул бидний оноог хасаж чадаагүй. Тэр үед багт минь шагай шүүрэлтийн аварга байсанд баярласан шүү.
-Япон Улсын санаачилгаар “Ган гүүр”-ийг анх Азийн орнуудын дунд зохион байгуулсан юм билээ. Жил бүр өөр улсад болдог гэсэн. Манай улс тус тэмцээнийг зохион байгуулах уу?
-Я.Дүйнхэржав: -Бид тэмцээнд оролцохоос гадна улсдаа зохион байгуулах эрх авах том зорилго өвөртлөн Индонезийг зорьсон. “Ган гүүр”-ийг 2022 онд манай улсад зохион байгуулах болсон.
-Олон улсын хэмжээний томоохон тэмцээн тул зохион байгуулагч өндөр хариуцлага хүлээх байх. Шаардлагатай техник, технологи болон боловсон хүчин манай улсад бий юү?
-Уг тэмцээнийг зохион байгуулахад техник, технологи дээд зэргийн чанартай байх ёстой. Мөн бусад улсын оюутнуудад зааж, зөвлөх хэлний мэдлэгтэй мэргэжилтнүүд, олон хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах баг хэрэгтэй. 2022 он хүртэл бэлтгэлээ сайн хангах нь нэн тэргүүний ажил болоод байна. Багагүй хөрөнгө шаардлагатай. Азидаа томоохонд тооцогддог уг тэмцээнийг зөвхөн манай сургууль зохион байгуулна гэвэл амаргүй даваа шүү дээ.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул