Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын байгууллагуудыг хянаж, шалгаж байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай ярилцлаа.
-Улсын хэмжээнд боловсролын байгууллагуудын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт зохион байгуулж байна. Шалгалтын явц ямар байна вэ?
-Онцгой байдлын байгууллагаас хүүхдийн сурч боловсрох орчныг аюулгүй, эрсдэлгүй байлгах үүднээс хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаа 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит, гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ сарын 26-наас эхэлсэн эрчимжүүлсэн шалгалтад өнөөдрийн (өчигдөр) байдлаар боловсролын 528 байгууллагын барилга байгууламжийг хамруулаад байна. Шалгалт маргааш дуусна.
-Хяналт, шалгалтын явцад ямар зөрчил их илрэв?
-Хамрагдсан боловсролын 528 байгууллагаас нийт 2100 зөрчил илрүүлсэн. Зөрчил, дутагдлын 320 буюу 15.2 хувийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Харин бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжүүлж байгаа эсэхийг нь хянаж буй. Хяналт шалгалтын явцад түгээмэл хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, сургуулийн аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж, сургалт, сурталчилгаа зохион байгуулаагүй, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй болгох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулаагүй байгууллага цөөнгүй. Мөн гал гарсан тохиолдолд гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, аврах гарц дээр ослын гэрэлтүүлэг байхгүй, таглаад хаачихсан, гаднах шат нь хуучирч муудсан, төмөр нь салж унасан, аврах үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зэрэг зөрчил цөөнгүй илэрлээ. Цайны газартаа хий ашигладаг, ингэхдээ ажиллуулж, аюулгүй байдлаа хангаагүй сургууль, цэцэрлэг ч байна.
-Зөрчил, дутагдлаа арилгаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж байгааг дээр дурдсан. Зөрчил, дутагдлаа шаардлагын дагуу засаж сайжруулаагүй, стандарт, нормын дагуу хийж гүйцэтгээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авдаг. Тухайн хуулийн 14 дүгээр зүйлд албан тушаалтны өгсөн шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр аж ахуйн нэгжийг доод тал нь нэг сая, иргэнийг 100 мянга буюу түүнээс дээш төгрөгөөр торгохоор заасан.
-Аюулгүй байдлаа хангахын тулд юунд анхаарах ёстой вэ?
-Боловсролын байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулчихсан, галын аюулгүй байдлыг хамгаалах норм, стандартыг биелүүлэх анхан шатны багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн байгууллагын хэмжилтүүдийг хийлгэн, тэмдэг тэмдэглэгээгээр хангасан байх шаардлагатай. Үүнээс гадна цахилгааны шийтний зориулалтын өрөөтэй байх ёстой. Хүүхдүүд сурч, хүмүүжиж байгаа орчин тул заавал галын аюулаас урьдчилан сэргийлэх дохиолол байршуулсан, аврах гарц чөлөөтэй, цугларах цэг нь аюулгүй байх гэх мэт стандартыг хангах ёстой. Энэ шаардлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хяналт, шалгалтыг тогтмол хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсний үр дүнд зөрчил дутагдал жил ирэх тусам буурч байна. Гамшгаас хамгаалах хуулиар тухайн байгууллага төрийн бус гэсэн статустай бол жилийн төсвийн 1.5, улсын байгууллага бол жилийн төсвийн нэг хувийг болзошгүй аюул, гамшгаас хамгаалах багаж хэрэгсэл, үйл ажиллагаанд зарцуулах ёстой.
-Онцгой байдлын байгууллагаас болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт зохион байгуулдаг. Сонирхсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үүнд хэрхэн хамрагдах вэ?
-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох, аюулгүй байдлаа хангах дадлага сургуулилтыг тогтмол зохион байгуулдаг. Тухайн байгууллага сургалтад хамрагдах хүсэлтээ аймагт бол Онцгой байдлынхаа газарт, нийслэлд бол харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэст хандах ёстой. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн-Монгол”, ЖАЙКА олон улсын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Бэлэн бай”, “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” сургалтын багц боловсруулсан. Энэхүү сургалтын багцаас иргэд гамшгаас хамгаалах мэдлэгийг бие даан эзэмших боломжтой. Сургалтын талаарх мэдээллийг www.ontsgoisur.gov.mn сайтад байршуу ...Зөрчил, дутагдлаа шаардлагын дагуу засаж сайжруулаагүй, стандарт, нормын дагуу хийж гүйцэтгээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авдаг. Тухайн хуулийн 14 дүгээр зүйлд албан тушаалтны өгсөн шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр аж ахуйн нэгжийг доод тал нь нэг сая, иргэнийг 100 мянга буюу түүнээс дээш төгрөгөөр торгохоор заасан... лсан байгааг энэ ташрамд хэлье.
Бэлтгэсэн: М.Төгөлдөр