Зочин С.ОЮУНБИЛЭГ Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч | Уншигч-сурвалжлагч Б.ЭРДЭНЭДАЛАЙ МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор |
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчаар ажиллалаа. Тэрбээр Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгтэй улс төрийн намын санхүүжилтэд төрийн аудитын байгууллагаас тавих хяналтын талаар ярилцсан юм.
-Улс төрийн нам ардчилалд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Монголд гэлтгүй дэлхийд тулгамдаж байгаа улс төрийн санхүүжилтийн асуудал нь намтай зайлшгүй холбогддог. Манайд нам, түүний санхүүжилттэй холбоотой муу туршлагыг судлаачид авлига, албан тушаал, төрийн албаны тогтолцоотой хамааруулан тайлбарлах нь олонтоо. Намын санхүүжилтийг төрийн аудитын байгууллага хэрхэн хянаж, ямар чиг үүрэгтэй оролцдог вэ. Хуулийн хүрээнд зохицуулалт нь ямар байдаг юм бол?
-Улс төрийн санхүүжилт, түүнийг хэрхэн хянах нь ганц манай улсын асуудал биш л дээ. Энэ нь намууд, сонгууль, төрийн алба, цаашлаад төрийн бодлогод хүртэл нөлөөлдөг учраас аливаа шалтгаан, зөрчлийг нь арилгах, сууриар нь засах тухай гарцаагүй хөнддөг. Улс төрийн санхүүжилтийг сонгуулийн ба сонгуулийн бус үеийнх гэж ерөнхийд нь авч үздэг ч намын, улс төрийн албан тушаалтнуудын сонгуулийн бус үед үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө мөнгөний талаар бараг хөндөлгүй явж ирсэн байдаг. Цаашлаад аймаг, дүүргийн намын хороо, үүр, төрийн бус байгууллагуудын удирдлага нь хаанаас санхүүжилт олж, ажил явуулдаг, тэрийгээ хаана, хэнд мэдээлж, хэрхэн хянуулдаг нь ч тодорхойгүй учраас бид хандивын тайланд онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Төрийн аудитын байгууллага нь улс төрийн санхүүжилтийг хянах чиг үүрэгтэй газруудын нэг. Гол чиг үүргийг харин Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) хүлээдэг. Бидэнд бол хяналтын чиг үүрэг илүүтэй хамаатай. Тодруулбал, намын сонгуулиас өмнөх нэг жилийн хандивын тайланг хянадаг. Намуудын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, улсын төсөв, мөнгөний бодлоготой нийцэж буй, эсэхийг шалгадаг. Өөрөөр хэлбэл, намууд популист амлалт өгөөгүй, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээргүй мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх ёстой. Сонгуулийн хэсгийн хороодод улсын төсвөөс өгч байгаа санхүүжилтийн зардлын хуваарилалт, гүйцэтгэлийн тайланг СЕХ авч хянаад, манай байгууллагад хүргүүлдэг. Бид тэдгээр тайланд дүн шинжилгээ хийж, 90 хоногийн дотор мэдээлдэг.
-Манайд өнөөдөр улс төр, мөнгө хоёр хэт хутгалдсаныг үгүйсгэхэд хэцүү. Улс төрийн санхүүжилтэд тодорхой хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага хангалттай ажиллаж чадахгүй байна уу. Эсвэл чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл их тулгардаг уу?
-Хүндрэл, бэрхшээл бий л дээ. Нөгөө талаас хуулийн зохицуулалтгүй асуудал ч олон байна. Бид намуудын мөрийн хөтөлбөрийн талаар дүгнэлт гаргадаг. Гэтэл сонгуульд ялж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлсэн нам нь буцаагаад биелэлтийнхээ тайланг манайд ирүүлдэггүй. Энэ бол хууль, эрх зүйн орчин хангалттай сайн биш байна гэсэн үг. Уг нь мөрийн хөтөлбөр нь улс орны хөгжлийн бодлоготой уялдаж, бид хэрэгжилтийг нь хянах учиртай. Цаашлаад мөрийн хөтөлбөрийн биелэлтээ жил бүр ард түмэнд танилцуулж, аль болох нээлттэй мэдээлж, хэрэгжихгүй байгаа хэсгийнх нь учир шалтгаанд дүн шинжилгээ хийгээд явбал хөгжлийн бодлогод илүү үр нөлөөтэй. Үүнээс гадна холбогдох хууль, тогтоомжийн дагуу аливаа байгууллагад шинэ чиг үүрэг нэмэхдээ саналыг нь сонсдоггүй, үр нөлөөг нь тооцдоггүй. Шинээр чиг үүрэг хүлээж байгаа байгууллага ямар бүтэц, зохион байгуулалттайгаар, хэдий хэр зардал, санхүүжилтээр тухайн ажлыг хийхийг орхигдуулдаг тал бий. Тиймээс ч 2016 оны сонгуулийн үеэр Төрийн аудитын байгууллага үүргээ хангалттай сайн хэрэгжүүлсэн гэж хэлэх боломжгүй нөхцөл үүссэн. Энэ талаар иргэний нийгмийн байгууллагууд ч тухайн үед шүүмжилж байсан. Төрийн аудитын байгууллага нам, нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг үндэслэлтэй тогтоохгүй юм, зардлын тайланг ил тод мэдээлсэнгүй гэх мэт шүүмжлэл гарч байсан шүү дээ. Жишээ нь, 2016 онд УИХ-ын сонгуульд 498 хүн нэр дэвшсэн.
Ямар ч нэгдсэн стандартгүй, тэдгээр цаасан тайланг Төрийн аудитын байгууллага богино хугацаанд хянаж, эрсдэлийг нь тооцож, олон нийтийн хүссэн мэдээллийг нээлттэй хүргэх боломж үнэхээр хязгаарлагдмал байсан. Зардлын дээд хязгаарыг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын байршил, тоо зэргийг харгалзан санал хураалт болохоос 120 хоногийн өмнө мэдээлнэ л гэсэн болохоос биш, нэгдсэн аргачлал, зааварчилгаа алга. Жишээ нь, сонгуулийн зардлын баталгаажуулалт гэх зүйл байхгүй. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид санхүүжилтээ юунд зарцуулж болох талаар зохицуулсан заалт бий. Нэр дэвшигчид шадар туслах, менежер, ухуулагчтай ажиллахыг хуулиар зөвшөөрдөг. Тэд бүгд цалинтай ажилладаг. Гэсэн хэдий ч тайланг нь харахаар шадар туслах, менежер, ухуулагч нь нэг ч төгрөгийн цалингүй аваагүй байдаг. Их хэмжээний мөнгөтэй явж байгаад баригдахад тэрийгээ шадар туслах, ухуулагчийн ажлын хөлс, цалин гэж тайлбарладаг мөртлөө тайландаа нэг ч төгрөгийн цалин өгөөгүй гэж тусгах жишээтэй. Энэ бол хуулийн цоорхой. Ерөнхийдөө улс төрийн санхүүжилтэд тавих Төрийн аудитын байгууллагын хяналт нь санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн аудитын холимог төрөл маягтай болчихоод байгаа юм. Тиймээс хяналтын арга зүйгээ боловсруулан журамлаж, нэгдсэн ойлголттой болох, ядаж л тайланг нь нэг загвараар авч, нэгтгэн дүгнэж, үнэн, зөв мэдээлэл гаргах ёстой.
-Одоо цаг байхгүй, бидэнд бүтэц алга гээд суух нь учир дутагдалтай л даа.
-Тийм ээ, бид гарын авлага гаргаад, нэр дэвшигч болон намуудад сургалт хийж, хувийн аудитын байгууллагаа ч хамруулах ёстой. Яг энэ стандартын дагуу ингэж мэдүүлэх ёстой гэчихвэл аудитын горим, сорилыг хэрэгжүүлэхэд амар болно. Үүнийг хийх гээд бэлтгэж байгаа. Уг нь манайх тайланг цахимаар авахад л хангалттай. Ингэвэл тухайн нам, нэр дэвшигчид хэдэн хүн хандив өгсөн, газар зүйн байршлын хувьд хаанаас түлхүү хандивласан, аль нэг аж ахуйн нэгжийнхэн олон байна уу гэх мэтчилэн олон талаас нь харах боломж бүрдэнэ.
-Таны хэлсэнтэй санал нэг байна. Жишээ нь, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар авч, ил тод мэдээлдэг боллоо. Нам, улстөрчдийн санхүүжилтийг яагаад ийм болгож болохгүй гэж. Цаашлаад иргэний регистрийн дугаарыг ашиглаад гурав хүртэлх сая төгрөгийн хандив өгч байгаа шүү дээ. Шаардлагатай бол тухайн иргэний өгсөн гурван сая төгрөг татварын дараах орлого мөн, эсэхийг тогтоож болохгүй гэж үү. Тайланг харахаар хандивын дээд хэмжээнд тулгаад бүгд гурав гурван сая төгрөг өгсөн байдаг.
-Монгол Улсад зохицуулагдаагүй байгаа зүйл гэвэл хандивыг итгэл үнэмшлээрээ өгсөн, эсэхийг хянах явдал. Таны хэлсэнчлэн татварын дараах орлогоосоо хандивласан, эсэх ч үүнд хамаатай. Эрсдэлтэй гэж үзвэл татварын байгууллагатай хамтарч ажиллах ёстой юм. Нууцын тухай хуулийн дагуу хувь хүний нууцтай холбоотой зүйлээс бусдыг нь мэдээлэх ёстой гэсэн байр суурьтайгаар цэгцэлж байгаа. Итгэл үнэмшлээрээ хандив өгсөн, эсэхийг зарим улсад тогтоохоор ажилладаг юм билээ. Тухайн хандивлагч руу утасдаад “Та аль намын хэн гэдэг нэр дэвшигчийг дэмжсэн бэ. Ямар учраас дэмжив” гэдэг тандалтын горим, сорил хэрэгжүүлдэг юм байна. Манайд хүний эрх ярьж, үүнийг эсэргүүцэх байх л даа. Аль ч нам, нэр дэвшигчид хандив өгч болно гэдэгтэй санал нийлдэггүй. Үүний ард хүний нэр барьж хандив тараадаг явдал тов тодорхой харагддаг. Тухайлбал, хандиваа хүчээр ах дүү, хамаатан, садан, ажилчдынхаа нэрээр тараадаг шүү дээ. Гэтэл зарим нь хэнд хандив өгснөө ч мэдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаарыг нь ашиглаад хандивлагч болгочихдог.
Энэ бол жинхэнэ хүний эрх зөрчсөн хэрэг. Бид 2017 онд манай улс шиг, нэг ижил тогтолцооноос ардчилалд шилжсэн 10 гаруй оронд улс төрийн санхүүжилтийг хэрхэн хянаж байгааг хуваалцсан хуралд оролцсон юм. Тэр үеэр улс орнуудын сайн туршлагыг ярьсан л даа. Тухайлбал, Гүржийн Төрийн аудитын байгууллага нь дангаараа улс төрийн санхүүжилтийг хянадаг. Бүтэцдээ улс төрийн санхүүжилтийн албатай байх жишээтэй. Тэнд сонгуулийн болон сонгуулийн бус үеийн санхүүжилтийн бүх мэдээллийг хянадаг. Жишээ нь, хандивлагчдын талаарх хангалттай мэдээлэл тэнд байна. Нам, улстөрчид хандив өгсөн тохиолдолд тав хоногийн дотор хандивлагч өөрөө мэдээлэх үүрэгтэй. Мөн хандив авсан нь ч мэдээлэх ёстой. Энэ бүхэн нь олон нийтэд нээлттэй байдаг. Ер нь улс төрийн санхүүжилтийн гол будилаан хандивын ард байгаа шүү дээ. Хэн, хаанаас ямар хандив өгсөн нь тодорхойгүй байхаас гадна ил, далд хэлбэрээр авч, өгч байгаа нь намуудын хараат бус байдлыг алдагдуулж, шийдвэр гаргах түвшинд очсон хойноо хэн нэгэнд үйлчлэх эх үүсвэр болдог. Гүржид цахим хяналт нь маш сайн юм билээ. Төрийн аудитын байгууллагынх нь цахим хаягаар нэвтрээд сонгуулийн болон сонгуулийн бус санхүүжилтийн бүхий л мэдээллийг үзэх боломжтой. Манайх үүнийг судалж, нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Цахим системийн ажлын даалгавраа бид боловсруулсан. Үүнийг Нээлттэй нийгэм форум дэмжин ажиллаж байгаа. Цахим систем хийх санхүүжилтийг нь олгох юм.
-Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэнгээс 209 улсыг хамруулсан тайланд дурдсанаар 61 улсад нам, нэр дэвшигчид зардлын тайлангаа сонгуулийн төв байгууллагадаа илгээж, хянуулдаг нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна л даа. Харин тэдгээрээс 25 нь аудитын байгууллагад тайлангаа өгөх зохицуулалттай юм билээ. Манай СЕХ энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан шүү дээ.
-Сонгуулийн төв байгууллагад нь зөвхөн сонгуулийн үеийн санхүүжилтийг хянах чиг үүрэгтэй 30 гаруй аудитор ажилладаг улс ч бий. Олон улсын туршлагаас харахад манай улс зөв чиглэлээр явж байгаа. СЕХ сонгууль болсноос үл хамааран идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэтэл 18 хүнтэй СЕХ сонгуулийн бус үед сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажил хийдэггүй, хийх боломж ч байдаггүй. СЕХ хэсгийн хороодын болон нэр дэвшигч, намын аудит хийсэн тайланг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, хувийн аудитын байгууллагаар хянуулсан тайлангаа СЕХ-нд өгдөг гэсэн үг. Тэдгээрийг тус байгууллага хянаж үзээд манайд ирүүлдэг. Тэндээс эрсдэлийг нь тооцож, аудитын горим, сорил хэрэгжүүлж, хуулийн ямар цоорхой байна, залилангийн шинж чанартай зүйл бий, эсэхийг төрийн аудитын байгууллага гаргаж ирэх ёстой. Үүний зэрэгцээ хэн, хэн хаанаас, хэнээс, хэдэн төгрөгийн хандив аваад, тэрийгээ юу, юунд зарцуулсныг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүрэгтэй. Улмаар иргэний нийгмийн байгууллагууд манай гаргасан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зардал хэрхэн өсөв, нэр дэвшигчид юунд ач холбогдол өгч, мөнгөө зарцуулдаг вэ гэхчлэн олон талаас нь судлах учиртай.
-Манай нэр бүхий томоохон компани өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар АН, МАН-ын нэр дэвшигчид адил хэмжээний хандив өгсөн байсан. Олон улсад ч ийм хандлага бий. Жишээ нь, Америкт зэвсэг үйлдвэрлэгч томоохон компаниуд гол хоёр нам, тэдний нэр дэвшигчид маш их мөнгө хандив нэрээр өгдөг. Ер нь цаашид аж ахуйн нэгжийн болон хуулийн этгээдийн хандивыг улс төрийн санхүүжилтэд хориглох хэрэгтэй гэдэгт судлаачид санал нэгддэг.
-Тантай байр суурь ижил байна. Хуулийн заалтуудыг нарийвчлах тусам муу зүйл шургуулах ямар нэг гарц, гаргалгаа олдог. БНСУ-ын эмэгтэй Ерөнхийлөгч ч яг ийм асуудлаас болж огцорлоо шүү дээ. Бусад улсын тухайд энэ мэт хүчин зүйлсийн харилцан хамаарлыг нарийн судалж байна. Харин манай улсын тухайд хандив эзэнгүй явж байгаа гэхэд буруудахгүй.Гэхдээ холбогдох хуульд эхний гаргалгаа, зохицуулалтыг хийсэн. Үүнд Төрийн аудитын байгууллага хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээд явахад ахиц гарна. Жишээ нь, энэ төлөвлөж байгаа ажлуудаа хийгээд, хяналтад оруулаад, хандивлагчдын нэрийг ил гаргаад тавьчихвал үүнийг сонирхон судалдаг шинжээч, иргэний нийгмийн байгууллагууд гүнд нь байгаа асуудлууд, зөрчилтэй зүйлүүдийг гаргаад тавьчихна. Тиймээс бидний үүрэг нэгдүгээрт, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг үнэн, зөв мэдээллээр хангах, хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшний байгууллагад холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг хүсэлт өгөх явдал. Аж ахуйн нэгжүүд хэзээнээс л төр, засгийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролддог гол арга нь хандив. Үүнд анхаарлаа маш сайн хандуулах нь зүйтэй.
-Аудитын байгууллага энэ мэт олон ажил хийхээр төлөвлөснийг сонсоход таатай байна. Цаашид сонгууль дууссанаас 30 хоногийн дотор тайлан авах биш, сонгуулийн эхний долоо хоногт хэн хэн тайлан өгснийг ил болгох боломжтой юу?
-Аудитын тайланг хэрэглэж сурах нь чухал. Одоо хүлээсэн чиг үүргийн хүрээнд явцын тайланг мэдээлэх эрх байхгүй. Юутай ч эхний ээлжид хуулиар олгосон чиг үүргээ хангалттай биелүүлж, энэ явцад гарч байгаа эрсдэлийг үнэн, зөвөөр тооцож мэдээлэх, цаашлаад шийдвэр гаргагчдад сайн хууль, бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд нь нөлөөлж, алдаа, завхралыг засуулах шат дамжлага болж ажиллах нь чухал. Судлаач та бүхэн, иргэний нийгмийн байгууллагын зүгээс сонгуулийн бус үеийн санхүүжилтийн тайланг хянуулах эрх зүйн орчин бүрдүүлэх саналаа өдгөө холбогдох хуулийн төслийг нь хэлэлцэж байгаа үед хүргүүлэх хэрэгтэй болов уу. Манай байгууллагын зүгээс ч намууд явцын тайлангаа хянуулахгүй байгаа талаар холбогдох хүмүүст нь саналаа хүргүүлсэн. Уг нь хөгжилтэй улсуудад Улс төрийн намын тухай хууль гэж байдаггүй юм билээ. Учир нь нам бол бусадтай л адилхан байгууллага. Гагцхүү Сонгуулийн тухай хууль гэж байдаг аж. Түүгээр холбогдох харилцааг нь зохицуулдаг. Хоёрдугаарт, замбараагүй байгаа намуудыг хэн хянах вэ. Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахаар бэлтгэл хангаж байхад тухайн үед Дээд шүүхэд бүртгэлтэй 31 намд хандах шаардлага тулгарсан. Тэгэхэд үйл ажиллагаа явуулдаггүй, бүртгүүлсэн хаяг дээрээ байдаггүй, холбоо тогтоох аргагүй нам ч байсан. Манайд нам байгуулаад л орхичихдог. Гэтэл энэ нь улс төрийн санхүүжилтийг будилаантуулах бас нэг эх үүсвэр болох жишээтэй. Сонгуульд оролцдоггүй, оролцлоо ч авсан санал нь тогтоосон босго давахгүй бол шууд татан буулгадаг зохицуулалттай улс ч байдаг юм билээ. Харин манайхан өнөөдөр тэдэнд төрөөс санхүүжилт өгөх үү, үгүй юү гэдгээ л ярьж сууна.
-Ингэхэд төрөөс намуудад саналын болон суудлын тоог нь харгалзан олгодог мөнгийг хэрхэн хянадаг вэ. Аль болох хянуулахгүй байх сонирхол намуудад байгаа нь илт ажиглагддаг.
-Уг нь Төрийн аудитын байгууллагын тухай хуульд төсөвт орлого бүрдүүлж байгаа төрийн өмчит компаниуд, төсвөөс зарлага гаргаж байгаа төсөвт байгууллагууд хамаатай. Төсвөөс зарлага гаргаж байгаа гэдэгт УИХ-д авсан суудлын тоогоороо мөнгө авч байгаа намууд хамаатай. Гэтэл дээрх хуулийн бас нэг заалтад нь төсөвт байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит байгууллага гээд нэгбүрчлэн нэрлэхдээ улс төрийн намыг оруулаагүй. Хуульд нь “улс төрийн нам” гэх үг байхгүй учраас тэр мөнгийг төрийн аудитын байгууллага хянах боломж хязгаарлагдмал болчихоод байгаа юм. Гэхдээ хуулийн төсөлд нь бид холбогдох саналаа хүргүүлсэн.
Тэмдэглэсэн Б.НОМИН