Бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүгийн тархалт гамшгийн хэмжээнд хүрч, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсныг “Өнөөдөр” сонин анх 2014 онд хөндөж, “Улаан тарианы үе эргэн ирлээ” хэмээн, цуврал нийтлэлээрээ анхааруулж байлаа. Тухайн үед уг асуудлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцэж, эрх баригчид тэмбүүтэй тэмцэнэ гэдгээ зарласан ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүйг уг өвчний тархалт гэрчилнэ.
Монголчууд тэмбүүнд “найр” тавихын хэрээр эл бактери өнөөдөр нийгмийн үзэгдэл болтлоо гаарчээ. Тиймээс бид тэмбүү өвчний хор уршгийг “Зуун дамнасан “хормойн” өвчин” цувралаараа дахин хөндсөн юм. Нийтлэлүүддээ тэмбүү өвчний хор уршиг, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуудал дэвшүүлсэн. Өвчний тархалтыг нийслэл, орон нутгаар, төрөлхийн, хүүхэд, өсвөр үе, жирэмсэн, хүн амын бусад бүлгээр ангилан, тоо баримт, бодит мэдээлэлд үндэслэн, албаны хүмүүсийн үгээр баяжуулж, гадаадын жишигтэй харьцуулан хүргэсэн билээ.
Төгсгөлд нь “Трепонем тэргүүнд заларвал үхэлд хүргэдэг” нийтлэлээрээ мэдрэлийн тэмбүү буюу өвчин эцсийн шатанд тулахад галзууруулдаг гэдгийг олон нийтэд сэрэмжлүүлсэн. Нэг ёсондоо энэ аймшигт өвчин арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь залгидаг жамтай. Өнгөрсөн онд нүдний тэмбүү тав, мэдрэлийнх үүнээс олон оношлогдсон нь харамсалтай.
Эрх баригчид бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн. ЭМЯ, Эрүүл мэндийн сайдын үндэсний зөвлөлийнхөн тэмбүү өвчнийг устгах зорилгоор үндэсний хэмжээнд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяатай ярилцлаа.
-Сүүлийн 10 жилд нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдвар эзлэх болсон. Өөрөөр хэлбэл, эл өвчинтэй эртнээс “дайн” зарлах байжээ. Гэсэн ч ЭМЯ “Тэмбүүг устгая” аян эхлүүлснийг олон нийт эергээр хүлээн авсан. Үндэсний хэмжээнд хоёр жил өрнүүлэх эл кампанит ажилд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 27 төрлийн халдварт өвчний 42 074 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 2226-гаар буурчээ. Нийт халдварт өвчний 38.8 хувийг бэлгийн замынх эзэлж байгаа нь үнэн. Үүний 40 орчим хувь нь тэмбүүгийн халдвар тээгч. Уг өвчний тархалтад тандалт явуулахад 1983-1992 онд улсын хэмжээнд 10 мянган хүн тутамд тэмбүүгийн халдвар 5.1, 2003-2012 онд 13.3, 2013-2018 онд 22.2 тохиолдож байна.
Энэ нь 2003 оноос хойш өвчний тархалт эрс нэмэгдсэнийг харуулна. Ялангуяа сүүлийн таван жилийн статистикийг 1983-2002 оныхтой харьцуулахад өвчлөл дөрөв дахин нэмэгджээ. Нэг талаас энэ нь эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо сайжирсантай холбоотой. Нөгөөтээгүүр, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, бэлгийн зан үйлийн буруу хандлагатай уялдаатай.
ДЭМБ “Бэлгийн замаар дамжих халдварын глобал стратеги 2016-2021” үйл ажиллагааны төлөвлөгөөг 2016 онд баталсан байдаг. Зорилго нь 2030 он гэхэд гишүүн 194 орны 80 хувьд нь төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг 100 000 амьд төрөлтөд 50-иас цөөрүүлэх, дэлхийн хэмжээнд өвчлөлийг 90 хувиар бууруулах. Үүний дагуу манай улс 2017 онд Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр боловсруулсан. Бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах ажлыг эрчимжүүлэхээр ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж байгаа нь энэ. Уг ажлын хүрээнд эм, тариа, оношлуур худалдан авах, эмч нарыг сургах, иргэдэд ухуулга сурталчилгаа хийхэд дөрвөн тэрбум гаруй төгрөг төсөвлөөд байгаа. Үүний тодорхой хувийг төр, засаг шийдсэн. Дан ганц улсын төсөв харах бус, хандивлагч байгууллагууд, ДЭМБ, “Глобал” сан бусад аж ахуйн нэгжээс дэмжлэг хүснэ.
-Төсвөө үзлэг, оношилгоо, ухуулга сурталчилгаа, эмчилгээ зэргийн алинд нь түлхүү зарцуулах вэ. Яагаад?
-“Тэмбүүг устгая” ажлын гол зорилго хүн амыг бэлгийн замын халдвараас сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлж, үзлэг, шинжилгээнд хамруулах замаар өвчнийг эмчлэх. Төсөвлөсөн өртгийн ихэнх хувийг өвчний оношилгоо, эмчилгээнд зарцуулна.
-Тэмбүүгийн тархалтыг хоёр жилийн хугацаанд “нам дарна” гэж байна. Дорвитой бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан юм уу?
-Тэмбүү өвчнийг устгах хоёр жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд зарцуулах хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/327 дугаар тушаалаар баталсан. Уг ажлын хүрээнд гурван чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөсөн. Үүний 23-ыг нь эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд, дөрвийг бусад салбарынхантай хамтран, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны чиглэлээр дөрвөн арга хэмжээ зохион байгуулна.
Тэмбүү өвчин эдгэрдэг. Тэгэхдээ маш богино хугацаанд илааршдаг. Халдвар авсан байж болзошгүй хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч шатлалын эмнэлэгт түргэвчилсэн оношилгоо хийлгэж, үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрдсэн.
-Өвчний тархалт үндэсний хэмжээнд томоохон судалгаа хийхийг шаардах болсон. Харин бид илэрснийг нь л бүртгэж байна. Энэ талаар ямар нэгэн ажил өрнүүлэх үү?
-Тэмбүү өвчнийг илрүүлэх үйл явц тасралтгүй үргэлжилж байгаа. “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эхлүүлснээс хойш олон нийтийн хандлага бага ч болов өөрчлөгдөж байгаа нь талархууштай. Үүний илрэл нь ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлгээр сайн дураараа үйлчлүүлэх хүний тоо 35-40 хувиар нэмэгдсэн. ЭМЯ өвчний оношилгоо, эмчилгээнд шаардлагатай оношлуур, эмийг аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханхонгор сумд бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх, эмчлэх бригад ажиллууллаа. Гурвантэс сумынхан 600 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан.
ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран 15 аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, халдвар судлаач эмч нарт сургалт явуулсан. Мөн долоон аймагт 2151 иргэнийг тэмбүүгийн шинжилгээнд хамруулснаас 46 тохиолдлыг илрүүлэн, бэлгийн хавьтагчийг мөн шинжилгээнд хамруулж, эмчилсэн. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хушаат сум халдварт болон халдварт бус өвчнийг илрүүлэх үзлэгт хүн амаа хамруулж, тэмбүүгийн халдвар илэрсэн цөөн хэдэн хүнийг бэлгийн хавьтагчтай нь эмчилснээр уг өвчнийг устгасан анхны сум болсон.
Таны хэлсэнчлэн, бид улсын хэмжээнд олон судалгаа хийхээр бэлтгэж байна. Тодруулбал, биеэ үнэлэгч, хөдөлгөөнт хүн ам, эрүүл мэндийн байгууллагуудын Бэлгийн замаар дамжих халдварын кабинетаар үйлчлүүлсэн эрчүүд, хорих ангид хүмүүжигч, цусны донор, сүрьеэтэй өвчтөнүүдийг үзлэг, шинжилгээнд хамруулна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварт өвчний тархалтыг судална. Одоогоор ДЭМБ-ын санхүүжилтээр Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Булган, Орхон аймагт, “Глобал” сангийн дэмжлэгээр Налайх, Хэнтий, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийн бэлгийн замын халдварт өвчний тусламж, үйлчилгээг үнэлж, сургалт явуулсан.
-Олон улсад 17-70 хүртэлх насныхныг бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх үзлэгт жил бүр хамруулдаг. Үгүй бол ажилд авахгүй, гадаад явуулахгүй, хөдөлмөрийн гэрээг нь сунгахгүй байх хатуу шаардлагатай. Ийм хөшүүрэг манайд дутагдалтай санагддаг. Цаашид үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Манай төрийн өмчийн болон зарим хувийн эмнэлэгт өвчтөний нууцыг чандлан хадгалж үнэ төлбөргүй, үзлэг, оношилгоо хийдэг. Мөн 18-34 насныхан эрүүл мэндийн даатгалаараа бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн оношилгоонд хамрагдах боломжтой.
-Зорилтот бүлгийн гэгддэг ажилгүй, архины хамааралтай, биеэ үнэлдэг хүмүүсийн дунд өвчний тархалт өндөр байдаг. Нийгмийн бүлгүүд рүү чиглэсэн дорвитой ажил өрнүүлэх байх, тийм үү?
-БСШУСЯ-тай хамтран жил бүрийн намар “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аян өрнүүлдэг. Үүний хүрээнд өнөө жилээс их, дээд сургуульд элсэгч, дотуур байранд амьдардаг оюутнуудыг бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулна. Мөн Цагдаагийн ерөнхий газартай хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг ч орхихгүй. Зорилтот бүлэг гэгддэг биеэ үнэлэгчдийг үзлэг, оношилгоонд хамруулахын тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтрах болсон.
Тухайлбал, биеэ үнэлэгчдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулсан. Сургалтад тус аймгаас гадна Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Эрүүл мэндийн төвийн Бэлгийн замаар дамжих халдварын кабинетын эмч нар болон “Төгс бүсгүйчүүд”, “Хатан замнал”, “Эмэгтэйчүүдийн итгэл найдвар” зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, эрсдэлт бүлгийнхэнтэй харилцах арга барил, тэдний дунд зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцсан.
-Нэг хүнийг эмчлэх зардал хэд байдаг юм бэ. Өвчний тархалтыг бууруулснаар эрүүл мэндийн салбарын төсвийг хэдэн хувиар хэмнэх боломжтой вэ?
-Нэг хүний эмчилгээ, оношилгооний зардал 12 000-15 000 төгрөг. Өвчний тархалтыг 5000-аар бууруулахад 75 сая төгрөг хэмнэнэ гэсэн үг.
-Жилд дунджаар 45-55 хүүхэд тэмбүүтэй мэндэлдэг гэсэн статистик бий. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг төдөн хувиар бууруулна гэсэн төлөвлөгөө бий юү?
-Тэмбүү өвчин зөвхөн манай улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудал болоод байна. Тэр дундаа төрөлхийн тэмбүүгийн тохиолдол буурахгүй, үүнээс сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай. Жирэмсэн эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх замаар төрөлхийн тэмбүүг устгах бүрэн боломжтой. 2015 онд 52, 2017 онд 59, 2019 оны эхний таван сард төрөлхийн тэмбүүгийн 29 тохиолдол бүртгэгдсэн. Судлахад эхчүүдийнх нь 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байсан. Тиймээс салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулж, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэгт хамруулан, халдвартай хүмүүсийн бэлгийн хавьтагчийг илрүүлэн, эмчлэх замаар уг өвчний тархалтыг зогсооно.
Манай улс ДЭМБ-ын зөвлөсний дагуу тэмбүү өвчнийг сүүлийн үеийн технологи, аргачлалаар оношилж, эмчилж байна. Тухайлбал, “Dual test” буюу ХДХВ/ДОХ, тэмбүү өвчнийг хоёр минутын дотор зэрэг илрүүлэх хурдавчилсан оношлуур нэвтрүүлсэн. Тэмбүү улаан бурхан, салхин цэцэгтэй адилгүй, дархлаа тогтдог өвчин биш. Тиймээс үүнээс сэргийлэх вакциныг дэлхий нийтэд гаргаж авч чадаагүй байна.