“Скин энтертайнмент”-ийн найруулагч Б.Анартай ярилцлаа.
-“Скин энтертайнмент”-ийн сүүлийн үеийн уран бүээлийн сонин хачнаас ярилцлагаа эхэлье. “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан баримтат кино бүтээж байгаа гэв үү?
-Сүүлийн жилүүдэд манайх реклам, хамтлаг, дуучдын клип хийхээс гадна тоглолт, арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Яг одоо “Харанга” хамтлагийн тухай баримтат кино бүтээж байна. Үргэлжлүүлэн ирэх аравдугаар сарын 19-нд тус хамтлагийн тоглолтыг “Буянт-Ухаа” цогцолборт зохион байгуулна. Мөн Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
-Дээр дурдсан баримтат киног үзэгчдэд хэзээнээс хүргэх вэ. Ийм төрлийн дэлгэцийн бүтээл хэр олныг хийв ?
-“Харанга” хамтлагийн тухай баримтат киног энэ сарын 21-нээс үзэгчдэд хүргэнэ. Бидний хийж буй анхны баримтат кино. Өнгөрсөн жил бид тус хамтлагийн “Хайрла” тоглолтыг зохион байгуулсан. Тэр тоглолтын дараа үргэлжлүүлэн хамтран ажиллах санал бидэнд тавьсан. Залуу уран бүтээлчдэд итгэж, урам өгсөнд талархаж байгаа. Киноны зургийг 2018 оны зун авч, энэ зун үргэлжлүүлж аваад дуусгасан. Одоо эвлүүлгийн ажил ид өрнөж байна. 30 жилийн түүх, замналтай, хамтлагийн кино учраас хүмүүсийн нүд хуурч болохгүй. “Харанга” хамтлагийн шүтэн бишрэгчдэд кино таалагдах байх аа. Кинонд тус хамтлагийн тухай өмнө нь ярьж байгаагүй дурсамж, сонин хэвлэлд өгөөгүй ярилцлага, гэрэл зураг, бичлэгүүдийг багтаасан учраас сонирхолтой. Киногоо 12 цуврал болгон олны хүртээл болгохоор төлөвлөсөн.
-Нэлээд олон хамтлаг, дуучны тоглолтыг зохион байгуулсныг тань мэднэ. Таны бусдаас ялгарах онцлог, давуу тал юу юм бол. Сүүлийн үед энэ чиглэлээр ажилладаг студи, продакшн олширч байна. Тоглолт найруулна гэдэг дууны жагсаалт гаргах төдий ажил биш гэдгийг зарим нь ухаарахгүй, оромдсоор байгаа харагддаг.
-Өнөөдрийг хүртэл манайх 60 орчим тоглолт зохион байгуулжээ. “Харанга” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын “Содон аялгуу” тоглолтыг зохион байгуулсан. “Icetop” хамтлагийн “Best of Icetop” тоглолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын “Миний дуу, миний аз жаргал”, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн “Инээмтгий хүн” гэхчлэн тоочвол нэлээд тоо гарна. Өөрийн чинь хэлдгээр тоглолт найруулах нь зөвхөн дууны дараалал гаргах төдий зүйл биш л дээ. Хамгийн гол нь энэ тоглолт ямар агуулга, зорилготой вэ, түүгээр тухайн уран бүтээлч үзэгчдэдээ юу хэлэхийг хүсэв гэдгийг маш сайн тодорхойлж, түүнээс улбаалан зохиол бичиж, дуунуудаа уялдуулан дарааллаа гаргана.
Тухайн дууг нь хэрхэн хүргэх вэ, гэрэл хэрхэн тусгах, арын дэлгэцэд ямар дүрс үзүүлэх, бүжигчид, хөгжимчдийг хэрхэн тоглуулах гэх мэтчилэн анхаарах зүйл олон. Хамгийн гол нь тоног төхөөрөмж, техник ашиглан ямар сонирхолтой зүйл үзүүлж болохыг эрэлхийлэх хэрэгтэй. Гадаадын алдартай дуучдын тоглолтдоо ашигладаг техникүүдийг хэрэглэх боломж бидэнд хомс. Тиймээс байгаа зүйлээ ашиглаж, эсвэл арай өөрөөр хэрэглээд яаж шинэ содон зүйл харуулж болохыг бодож олохыг хичээдэг. Жишээ нь, сүүлийн үед бүх л тоглолтод LED дэлгэц ашиглаж байгаа. Гэтэл зохион байгуулагчид нь интернэтээс бэлэн зураг, дүрс хуулж аваад л тавьчихсан харагддаг. Ингэж хуурч болохгүй шүү дээ. Гэтэл гадаадад энэ чиглэлийн вижей нар ажилладаг. Бид ч энэ жишгээр ажиллахыг эрмэлздэг. Тоглолт гэдэг үзэгчдэд зөвхөн дуу сонсгох биш, нүд баясгах үзүүлбэртэй, сэтгэлд үлдэх агуулгатай байх ёстой гэж боддог.
-“UBS music awards”-ыг зохион байгуулдаг байхад танайх олон удаа шилдгээр шалгарсан санагдана. Монголын репперүүдийн хамтран дуулсан “Тоонот” дууны клипийг танайх хийсэн. “Youtube” сувагт хамгийн өндөр хандалт, сэтгэгдэлтэй монгол дуунуудын нэг юм билээ. Гадаадынхан ч их үзсэн байсан.
-Тус дууны клипийг хоёр жилийн өмнө үзэгчдэд хүргэсэн. Продюсероор нь “Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ, Ж.Бат-Оргил нар ажилласан. Зургийг нь хоёр жил шахам хугацаанд, нийт 15 мянган км зам туулж авсан. Эх орноороо бахархах сэтгэл төрүүлэхээс гадна гадаадад сурталчлах зорилготой. Зорилгоо сайн биелүүлсэн гэж бодож байгаа.
-Уран сайхны хоёр кино хийсэн бил үү?
-“Долдугаар сарын 1” киногоор тэр өдрийн үймээнийг эргэн сануулж, сөхөхийг гол зорилго болгоогүй, харин тэр үйл явдлаас жирийн иргэд хэрхэн хохирсон тухай бодит байдлаас сэдэвлэн харуулахыг хүссэн. Харин хоёр дахь киногоо “Зүрх зогсохгүй” нэртэйгээр хийсэн. Аль болох монгол ахуй харуулж, бодит амьдралтай нийцүүлэхийг хичээсэн.
-Уран сайхны кино дахин найруулах бодол байдаг уу?
-Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг дээ. Боддог л юм. Гэхдээ би улам туршлагажих хэрэгтэй. Тэгэхээр цаг нь болоогүй ээ гэсэн үг.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ?
-Би эдийн засгийн чиглэлээр сургууль төгссөн.
-Урлагтай хэрхэн холбогдож, студиэ байгуулсан юм бэ?
-Намайг 16 настай байхад ээж минь “On’n off” продакшны Р.Тулга ахад “Энэ хүүхдийг хүн болгоодох” гээд өгсөн. Ингээд л ахыг дагаж “Lemon” гэхчлэн студид дагалдангаар ажиллаж эхэлсэн дээ. Гэрэл барь гэвэл барина, камерын хөл зөө гэвэл зөөнө. Ингэж тасралтгүй ажилласаар өөрөө бие даахаар шийдэн “Скин” энтертайнментаа байгуулсан. Урлагийн салбарт хөл нэг л тавьчихвал эргээд гарч чаддаггүй юм байна.
-Ингэхэд “Скин энтертайнмент” гэдэг нэрийн утгыг сонирхмоор байна?
-Skin гэдэг үндсэрхэг үзэл гэсэн утгыг бас агуулдаг. Уран бүтээл болгондоо эх оронч, үндсэрхэг үзлээ шингээхийг хүссэндээ л энэ нэрээ өгсөн. Манай уран бүтээлүүдийг хараад байвал үндсэрхэг үзэл “үнэртэнэ”.
-Энэ жил “Скин энтертайнмент”-ын 15 жилийн ой болох юм билээ. Ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
-Дээр дурдсан “Харанга” хамтлаг, дуучин Т.Ариунаагийн тоглолтыг зохион байгуулж дуустал бидэнд амсхийх зав байхгүй. Эдгээр ажлын ард гарсныхаа дараа нийгэм рүү хандсан контент хийхээр төлөвлөсөн. Түүнийгээ үзэгчдэд хүргэчихээд өнөөдрийг хүртэл хамтран ажилласан бүрэлдэхүүнээрээ баяраа тэмдэглэнэ ээ. Сонирхолтой нь, 15 жилийн хугацаанд “Скин энтертайнмент”-аар овоглосон 15 залуу байдаг юм.
-Та Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюун гуайн зээнцэр юм билээ. Таны эмээ бас олон жил Соёлын коллежид багшилсан П.Гүндэгмаа гэж хүн байсан. Тэдний нөлөө байгаагүй юү?
-Буурай эмээ ер нь хүүхдүүдээ урлагт оруулах тун дургүй байсан байх гэж боддог. Одоо сонсох нь ээ, ганц Р.Тулга (Э.Оюун гуайн төрсөн дүү Э.Раднаагийнх нь хүү) ахыг л өөрөө урлаг руу хөтөлсөн юм билээ. Харин П.Гүндэгмаа эмээ зүтгэсээр байгаад Монголын анхны эмэгтэй удирдаач болсон байх. Одоо ч урлаг, уран сайхны ажил хийдэг хүн гэвэл Р.Тулга ах, загвар өмсөгч С.Төгс (Э.Оюун гуайн төрсөн дүү Э.Агваандоржийнх нь зээ охин), бид гурав л байна даа.
-Буурай эмээ тань таныг хэдтэй байхад бурхан болсон юм бэ?
-15 бил үү, 16-тай байсан санагдана.
-Танд юу захидаг байв?
-Хүмүүсийн мундаг гэж биширдэг тэр хүн миний хувьд энгийн л эмээ минь байсан даа. Тэр хүний гар дээр өссөн юм шүү дээ, би. Гэхдээ жаахан чанга эмээ. Ажилгүй, залхуу хүнд их дургүй. “Юм хий. Битгий зүгээр суу” гэдэг сэн. Өөрөө ч зүгээр сууж чаддаггүй, ажилсаг хүн байв. Залуугийн л тийм ажилсаг хүн байсан гэдэг.
-Э.Оюун гуайн 100 жилийн ойгоор түүний “Би эндээс явахгүй” уянгын жүжгийг Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар сэргээн, толилуулсан. Уран бүтээлүүдийг нь сэргээх, дахин тоглох хүсэлт хэр ирдэг бол?
-Би театрын уран бүтээл үзэхээсээ өмнө үзэгчдийг эх зохиолыг нь уншаасай гэж хүсдэг юм. Тэгвэл тухайн найруулагчийн шийдэл, санааг илүү сайн ойлгоно. Энэ зохиолыг найруулагч ингэж харж, тэгж шийдсэн байна гэдгийг тод харна шүү дээ. Зохиолыг нь мэдэхгүй хүн зөвхөн тайзан дээр тоглосноор нь л хүлээж авна. Дутмаг биш гэж үү. “Би эндээс явахгүй” жүжгийн нээлтийг үзсэн. Тэр хүний харсан өнцөг, үзэл бодлыг би хүндэтгэх ёстой. Н.Наранбаатар ахыг дэмжиж, жүжгийнх сурталчилгааг ч манайх гүйцэтгэсэн.
-Хүмүүсээс буурай эмээгийнхээ тухай дурсамжийг их сонсдог байх даа. Жишээ нь, “Харанга” хамтлаг 1989 онд “Амьдрал” тоглолтоо хийхийн тулд тухайн үеийн Уран сайхны зөвлөлөөр орж байсан гэдэг. Тэр үед зөвлөлийн бүх гишүүн эсэргүүцэж байхад ганцхан Э.Оюун гуай дэмжсэн үг хэлснээр тоглолт хийх эрхтэй болсон гэж ярьдаг шүү дээ.
-Энэ тухай дурсамж бидний одоо бүтээж буй “Харанга” хамтлагийн баримтат кинонд ч байгаа. Уран сайхны зөвлөлийн 10 гаруй гишүүн тэднийг тоглолт хийх, эсэхийг шийдэх байв. Бүгд дэмжээгүй гэсэн. Гэтэл буурай эмээ
“Хүний амьдрал эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа”
гээд л “Амьдрал” дууных нь дахилтыг хэлээд “Энэ хүүхдүүдийг тоглуул” гэсэн юм билээ. Буурай эмээг энэ үгийг хэлэхэд бусад нь зөвшөөрсөн гэсэн. Энэ мэт дурсамж, хууч яриа зөндөө сонсдог. Хүмүүс намайг тэр мундаг хүний үр ач гэдгийг мэдэхгүй. Би ч ярьж явдаггүй. Өнгөрсөн жил буурай эмээгийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх үеэр л зарим нь мэддэг болсон байх.